Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн оролцоог нэмэх, хангах, томоохон ТЭЗҮ, судалгааг төр өөрөө захиалж хийлгүүлэх үүргийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосныг өнөөдөр тогтоол болгож гаргажээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр, "Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тендерийн хуульд зааснаар Төрийн өмчит компаниуд ТЭЗҮ-г хийхдээ төрийн их сургууль, томоохон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ хийх зохицуулалт байхгүй учраас тендерийн ченжүүдийн орон зай бий болж ШУ-нд зарцуулагдах мөнгө үр дүнгүй, өөрөөр хэлбэл "цавчаа" орж байна гэж харж байна" гэж Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Тэрбээр, " Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ний 0,1 хувь гэж байгаа ч хувийн хэвшил, төрийн байгууллагын зардал нь дээрх сангаас зарцуулж буйгаас 5 дахин их байна. Жишээ нь Шинжлэх ухаан, технологийн сангаас 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг бол төрийн байгууллагууд адилхан судалгаанд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл үр дүнгүй, тооцоо судалгаагүй зарцуулж байна. Цаашид төрийн өмчит компаниас зарцуулж байгаа энэхүү 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж ажиллана.
Мөн томоохон ТЭЗҮ, суурь судалгаа, инноваци, патентуудыг төр өөрөө худалдаж авах тогтолцоо руу шилжих шаардлагатай. Тиймээс 2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн харьяаны гээд 70 гаруй байгууллага байдаг ч судалгаа хоорондоо уялдаагүй, сул түвшинд байгааг засах шаардлагатай байна" гэсэн юм.