Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш зургаан сар өнгөрлөө. Өнгөрсөн оны аравдугаар сард валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо гурван тэрбум 438 сая долларын нөөцтэй болоод буй талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Тэрбээр, "Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна.
Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Энэ нь өрсөлдөөн оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. Биржийн арилжаанууд амжилттай болоод явж байна. Гурван ААН 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Тухайлбал, 9.5 доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 доллароор зарагдаж байх жишээтэй.
Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана.
Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна" гэлээ.