Монгол улс хүнсээ дотоодоосоо хангах зорилт тавьж байна. Гэтэл газар тариалангийн салбарт нь ажиллах хүн хүч үгүй болжээ. Хоосон лоозон барьж уриалахаасаа илүү салбарын бодлогоо хөрсөн дээрээ буулгаж, залуусыг хөдөө орон нутагт ажиллах хөшүүрэг бий болгох хэрэгтэйг тариаланчид хөндлөө. Хамгийн чухал нь "Тариан талбай дээр ажиллах хүн үлдэхгүй нь" гэх түгшүүрт мэдээ ярианы гол сэдэв байлаа. Тариалангийн салбарт нэн хөнгөлөлттэй зээл олгох, газар тариалан, мал аж ахуйн салбарын зөрчилдөөн зэрэг олон асуудлыг Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр тариаланчид хөндлөө.
ТАРИАЛАНЧИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ Л ХҮСЭЖ БАЙНА, ТҮҮНЭЭС БИШ БЭЛЭН ЮМ НЭХЭЖ СУУГААГҮЙ
Төв аймгийн Баянчандмань сумын ногоочин Б.Алтанхуяг "Би хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо Төв аймгийн Баянчандмань суманд хүнсний ногоо тариалж байгаа залуу тариаланчдын нэг. Ногоочдод ургацаа борлуулахаас авхуулаад олон асуудал тулгамдаж байна. Жишээ нь, би сайн авсан жилдээ 40 га талбайгаасаа 700 тонн ургац хураадаг. Гэтэл ургац хураах үеэр зах зээл нь "хахчихдаг". Ингээд ургацаа яах вэ гэдэг асуудалтай нүүр тулдаг. Ногоогоо хадгалах зоорь түрээсэлнэ, ангилж ялгана, тээвэрлэж борлуулна гээд бүх зүйлээ өөрсдөө хариуцдаг. Уг нь бид газар дээрээ ургацаа борлуулдаг болчихвол зардал багасахаар байгаа юм.
Хоёрдугаарт, тариаланч залуус үндсэн барьцаа хөрөнгө багатай учраас зээл авах шалгуурт нийцэхгүй байна. Түүнээс биш, залуучууд хийж байна, хөдөлмөрлөж байна. Нэг үеэ бодвол техник технологи сайжирчихлаа. Манайх л гэхэд хятадын хоёр, гурван трактортай. Түүгээрээ тариалалтаа хийж байна. Гол зээл аваад тариалалтаа өргөжүүлэх гэхээр гацчихдаг. Өмнө нь зээл авсан хүмүүс нь мөнгөө буруу зарцуулаад, үүнээс нь болоод дараа дараагийн хүмүүст боломж нь хаагдчихаж байна. Манай улсын хөгжлийн гол цөм нь хөдөө аж ахуй. Тиймээс залуусыг "Чи гурван жил ажилла. Ингэснийхээ дараа зээлээ төлөөрэй" гэх мэтээр зээлийн бодлогоор дэмжиж өгөх чухал.
Гуравдугаарт, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүн хүч чухал байна. Мэргэжлийн залуус нь салбартаа тогтохгүй байна, орхиж байна. Бид хөдөө ахуйн чиглэлээр их сургуулиа 120-уулаа төгссөн. Гэтэл одоо 2-3 хүн л мэргэжлээрээ зүтгэж байна.
Залууст ажлын байрны дэмжлэг л хэрэгтэй. Түүнээс биш бид мөнгө өг гэж нэхээгүй шүү дээ. Хийгээд байна. Үүнийг нь дэмжээд өгөөч ээ гэж байгаа юм. Хүн ер нь хоёр жил ажиллаад шантардаг байхгүй юу. Эхний жил их зоригоороо явдаг юм. Тооны машин бариад л “За, болж байна” гээд л хийнэ. Хоёр дахь жил нь “Дахиад нэг хийчихье” гээд зүтгэнэ. Гурав дахь жилээс нь “Энэ жил өнжчихье” гээд л халгаад эхэлдэг. Надтай зэрэгцээд газар тариалангийн салбарт ажиллаж явсан хоёр залуу байна. Тэгтэл тэр хоёр өөр салбарт ажилладаг болчхож. Нэг нь Солонгос явсан, нөгөө нь Өмнөговьд ажил хийдэг болсон байна лээ.
Бид дуртай зүйлээ хийхийн төлөө, ирээдүйгээ бүтээхийн төлөө л газар тариалангийн бизнес эрхэлж байгаа байхгүй юу. Газрын өгөөж бол жил жилд үгүй болно. Уул уурхай бол дуусаад үгүй болно. Газрын өгөөжийг би, миний хүүхдүүд эзэмших ёстой. Өв уламжилсан бизнес болох ёстой байхгүй юу. Тийм учраас залуус аль болох хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбар руу ороосой гэж хүсдэг. Залуус гадаадад их ажиллаж байна. Уг нь эх орондоо ажиллавал энэ улсыг хөгжүүлэх хүмүүс нь бид шүү дээ".
А.ДОРЖДЭРЭМ: ЯГ ҮНЭНДЭЭ СЭТГЭЛ ХОЁРДЧИХООД БАЙНА, ГАДАГШАА ЯВАХ УУ, ЭСВЭЛ ҮЛДЭХ ҮҮ…
Увс аймгийн Хяргас сумын ЗДТГ-ын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Дорждэрэм "Би нэг үе 500 гаруй мянган төгрөгийн цалинг гар дээрээ авч байсан бол одоо 700 гаруй мянган төгрөг авч байна. Хэдийгээр нэмэгдсэн нь сайн ч гэлээ энэ нь амьдралд хүрэлцэхүйц хангалттай хэмжээ биш. Өнөөдөр хөдөө орон нутагт залуус ажиллах хөшүүрэг байхгүй байна. Хөдөө ажиллах залуусын газар, амьдрах сууцыг нь шийдэх гээд олон талыг төрөөс харах хэрэгтэй. Ялангуяа, газар тариалангийн салбарт ажиллах залуусаа дэмжээд, салбарын яам бодлого гаргаасай гэж хүсэж байна
Увс аймаг төвийн бүсээсээ, хөгжлөөсөө алслагдмал байдаг учраас залуус орон нутагтаа ажиллаж чадахгүй байна. Ингээд аргагүйн эрхэнд цалингаа бодоод Солонгос, Австрали явж, суралцангаа ажиллаж байна. Найзуудаасаа цалин мөнгийг нь асуухад их л өндөр тоо хэлдэг. Ний нуугүй хэлэхэд "Залуу хүний хувьд сэтгэл хоёрдчихоод байна. Миний нэг жил ажиллах цалинг гадаадад хэдэн сард л авчих юм байна. Би эндээ ажиллаад байх уу, эсвэл зоригтой сонголт хийгээд гадаад руу гарч, 1,2 жил ажиллаад ирэх үү гэж бодож л байна" гэв.
Б.ЦОГ: ТАРИАЛАНЧИД УРГАЦЫНХАА 30 ХУВИЙГ МАЛД ИДҮҮЛЖ БАЙНА, МАЛЧДЫН ТАТВАРЫГ АХИУ ТОГТООГООД ӨГӨӨЧ
Мөн энэ үеэр тариалангийн бүс нутагт малчид малаа бэлчээж хохирол учруулж байгаа асуудлыг тариаланчид хөндлөө. Тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Цог "Мал тариалангийн талбайд орсноос болж бид ургацынхаа 30 хувийг алдчихаж байна. Энэ нь тариаланчид шантрах, салбараасаа гарах нэг шалтгаан. Хүнсэндээ хэрэглэх байсан ургацынхаа 30 хувийг нь зүгээр л малд идүүлчхэж байна шүү дээ. Үүний эдийн засгийн хохирол маш их. Үүнийг шийдэхийн тулд баталсан хууль журмаа хэрэгжүүлэх чухал байна. Мөн татвар хураамжийг ч өндөр тогтоох ёстой. Малчид ахиу татвараа төлөх л ёстой. Малын хөлийн татвар байх л хэрэгтэй. Яагаад аж ахуй эрхэлж бизнес хийж байгаа хүмүүс нь ганцаараа татвар төлөөд байгаа юм бэ? Гэтэл мал нь талбайг нь идээд, цөлжилтөд нөлөөлөөд байна. Шударга ёсны асуудал энд яригдах ёстой.
Малчдаас малын тоо толгойн татвар авч эхэлсэн нь зөв. Үүнээс гадна, Тариалангийн бүсийн өвөлжөө, хаваржаанд татвар тогтоох нь хэрэгтэй. Та Монгол улсын иргэн л бол татвар төлөх ёстой гэдгийг малчдад ойлгуулж байж тариаланчид талбайгаа хамгаалж, хөдөлмөрийнхөө үр шимийг сүйдүүлэхгүй байж чадна" гэлээ.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.