Өмнөговь аймгийн Ханбогд сум, Монгол улсын экспортын хамгийн том гарц Гашуунсухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсэд 20 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг. Гэвч тэд ганцхан тодорхойлолт авахын тулд аймаг, сумын төв, эсвэл Улаанбаатарыг зорьдог байсан юм. Тэгвэл Цагаан хад суурьшлын бүсэд төрийн үйлчилгээний хурдан цэгийг шинээр нээлээ. Ингэснээр иргэд хугацаа алдахгүйгээр төрийн үйлчилгээг оршин суугаасаа газраасаа авах боломж нээгдээд байна.
ИРГЭД: УЛААНБААТАР ЯВАХ ГЭЖ БАЙСАН ЮМ, БОЛИЛОО
Өмнөговь аймгийн Ханбогд сум 8 мянга орчим хүн амтай. Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр хүн ам өсөн нэмэгдэж, өдгөө энэ боомтын Цагаан хад суурьшлын бүсэд 20 гаруй мянган хүн ажилаж амьдарч байна. Тиймээс төрийн үйлчилгээний хүртээмжийг иргэдэд ойртуулах зайлшгүй шаардлага байсан юм. "Тавантолгой" ХК-ийн оператор Т.Баярбаатар "Өмнө нь бид заавал Ханбогд сум, Цогтцэций сум, эсвэл аймгийн төв рүү орж, лавлагаа авдаг байлаа. Зарим лавлагаа авах гэж Улаанбаатар явна. Харин одоо ажлаа алдаж явахгүйгээр эндээсээ шаардлагатай бичиг баримтаа авчих боломж бүрдчихлээ. Энэ асуудлыг шийдэж өгсөнд үнэхээр баяртай байна" гэлээ.
Мөн Ханбогд сумын Хайрхан багийн оршин суугч Х.Оюунбилэг "Цагаан хад суурьшлын бүсэд Монгол орны бүх л аймгийн хүмүүс ирж ажиллаж амьдардаг. Бид ажлаа орхиод төрийн үйлчилгээ авъя гээд эндээсээ явахад хэцүү шүү дээ. Одоо энэ зовлон арилах нь. Би нэг компанитай гэрээ хийх гэж байгаа юм. Улаанбаатараас тодорхойлолт авчир гэсэн. Одоо харин ингэх шаардлагагүй болж байна. Эндээсээ авах боломжтой болчихлоо" гэв.
Х.БУЛГАНТУЯА: БИД ЦААШИД Ч ИРГЭНДЭЭ, ХҮНДЭЭ АНХААРЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛНА
Би боомтын асуудал хариуцсан сайдаар томилогдоод анхны томилолтоо Гашуунсухайт боомтоос эхлүүлж байлаа. Тухайн үед Цагаан суурьшлын бүсийн иргэд төрийн үйлчилгээнээс хол байна гэдгээ учирлаж анхны хүсэлтээ тавьж байсан.Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ гээд анхаарах ёстой олон асуудлуудыг хөндсөн. Өнөөдөр бид төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, экспортын хамгийн том боомт дээрээ "Хурдан цэг"-ийг нээж байна. Ер нь, Гашуунсухайт боомт эдийн засгийн гол ачааг үүрдэг ч дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудал нь орхигдож ирсэн. Бид боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд, тэдгээрийг дагасан суурьшлын бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчид амьдрах эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлж ажиллана" гэлээ.
Ж.ЭРХЭМБААТАР: ЦААШИД 55 БАЙГУУЛЛАГЫН 790 ОРЧИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУРДАН ЦЭГЭЭС АВДАГ БОЛНО
"Цагаан хад" суурьшлын бүс бол Улаанбаатар хот, аймгийн төвөөсөө алслагдмал газар. Иргэд үйлчилгээ авах гэж цаг, мөнгөө гарзаддаг байсан асуудал өнөөдөр шийдэгдэж байна. Иргэд эндээс КИОС машинаар дамжуулаад нийт 39 байгууллагын 440 үйлчилгээ, энэ дундаа 73 төрлийн үйлчилгээг 24 цагийн турш үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн. Ингэснээр 73 өөр газарт очих тэр цаг хугацааг хэмнэж байгаа юм. 2023 онд үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд "Хурдан" цэгээр дамжуулан авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
Ийнхүү монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, Гашуунсухайт боомт орчмын иргэдэд төрийн үйлчилгээ ойртлоо.
Видеог дээрээс үзнэ үү.