Засгийн газар төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутагт шилжсэн суурьшсан иргэдэд хүү багатай буюу 3 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгохоор болоод байна. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс тодрууллаа.
Орон нутагт шилжин суурьших иргэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах шийдвэр албажаад удаагүй байна. Ямар үндсэн шалгуур тавьж байна вэ?
Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд, БХБЯ, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Сангийн яам гээд хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бүх байгууллага журам, хамтын ажиллагааны гэрээгээ эцсийн байдлаар байгуулсан. Иргэдийг ипотекийн 3 хувийн хүүтэй, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлийг орон нутгийн банкны салбарууд руу өгөөд байна. Эхнээсээ ч иргэдээс хүсэлтийг нь авч эхлээд байна. Улаанбаатар хотоос шилжиж очиж байгаа иргэдээс гадна, орон нутагтаа амьдарч байгаа, анхны удаа орон сууцны зээл авч байгаа иргэд энэ зээлд хамрагдах боломж бүрдэж байна.
Санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэв?
3 хувийн хүүтэй зээл олгох эх үүсвэр нь арилжааны банкуудаас гарч байгаа. Тиймээс бид арилжааны банкуудтай нягт хамтарч ажиллаж байна. Энэ жилдээ 2700 гаруй өрх айл хамрагдахаар 270 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкууд гаргаж байна. Сангийн яамнаас 6 хувийн хүүг нь хоёр дахин бууруулаад 3 хувь болгож байгаа учраас 3 хувийнх нь хүүгийн татаас болох 16 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс зохицуулалт хийх байдлаар энэ оны төсөв дээр суугдаад, зохицуулалт хийгээд явж байгаа.
Ипотекийн зээл авахад урьдчилгаа төлбөр бүрдүүлэх хэцүү. Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж байгаа нь нэлээн давуу тал бий болгож байна?
Залуу өрхүүдэд урьдчилгаа төлбөрийн 30 хувь хүндрэлтэй асуудал байдаг. Тэгэхээр энэ 30 хувийнх нь 60 хувьд нь зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж байгаа. Өмнө нь банк 30 хувьд нь урьдчилгааг нь төлүүлээд, 70 хувьд нь зээл өгдөг байсан бол Зээлийн батлан даалтын сан 30 хувийнх нь 60 хувьд нь баталгаа гаргаснаараа тухайн иргэн 12 хувиа төлөөд, үлдсэн 88 хувь дээрээ зээл авах боломж бүрдэж байгаа юм.
Манайх орон нутагт шилжиж, ипотекийн зээлд хамрагдаад удаагүй байна. Одоо зээлээ 3 хувь руу шилжүүлж болох уу гэж асуух хүн олон байна. Ямар боломжууд байгаа вэ?
Мэдээж, банкуудад өнгөрсөн оны сүүлчээр болон энэ оны эхээр олон хүсэлт ирсэн байгаа. Тэр хүсэлтүүд дунд шаардлага хангасан материал байвал 3 хувийн зээл олгоод явна гэсэн чиглэл барьж байгаа. Ипотекийн зээл тодорхой хугацаанд судлагддаг, хүсэлт өгсөн дарааллаараа судалгаанд орж явдаг. Тэгэхээр шалгуур хангаж байгаа бүх хүсэлт 3 хувьдаа ороод явна. Гол нь 6 хувийн ипотекийн зээлд тавьдаг тэр шалгууруудыг л банк тавина. Түүнээс 3 хувийн зээл дээр тусгайлж гаргасан зээлийн шаардлага байхгүй. Орон нутгийн иргэд шалгуураа давбал орон сууц болон амины орон сууц худалдан авах зээлээ 3 хувиар авах боломжтой юм.
Одоогийн байдлаар иргэдээс хэр их хэмжээний зээлийн хүсэлт ирээд байна вэ?
Орон нутагт хамгийн их салбартай банк нь Хаан болон Төрийн банк байдаг. Төрийн банк гэхэд салбар холбоод руугаа чиглэлээ өгчихсөн. Одоогоор тус банкны орон нутаг дахь салбаруудад ипотекийн зээлд хамрагдах 610 хүсэлт иргэдээс ирээд байна. Мэдээж ипотекийн зээл учир банкууд тодорхой хэмжээнд судална. Арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжиж байгаа учраас банкууд боломж бололцоондоо уялдуулаад тодорхой хэмжээний зохицуулалт хийгээд явна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөр үр өгөөжөө хэр зэрэг өгсөн гэж дүгнэж байна?
Ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Ард иргэдийгээ амьдрах аятай тухтай нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр. Ипотекийн зээлийн хөтөлбөр зорилгоо биелүүлээд явж байгаа гэж бид харж байгаа. Зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд бид бэлтгэл ажлаа хангаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын ипотекийн корпораци, Монголбанк, арилжааны банкууд, Монголбанк үр дүнтэй хамтарч, тогтолцоогоо эрүүл авч явсны үр дүнд энэ хөтөлбөр үр өгөөжөө өгч ирсэн.
Видеог дээрээс үзнэ үү.