Үр контемпорари театр Германы зохиолч Томас Меллегийн “Нуруун дээрх ертөнц” хэмээх зохиолыг тайзнаа амилуулж, үзэгч олны хүртээл болгохоор ажиллаж байна. Театр урлагийн салбарт шинэ өнгө нэмэхээр зэхэж буй Үр контемпорари театр нь үүсгэн байгуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж буй юм. Гадна болон дотоодын 20 гаруй уран бүтээлч нэгдэж, нийгэмд мэдлэг түгээх, соён гэгээрүүлэх ажилд ханцуй шамлан зүтгэж буй тэд тайзны эхний уран бүтээлээрээ нийгмийн сэтгэл зүйн асуудлыг хөндөх аж. Бид энэ талаар Үр контемпорари театрын продюсер Э.Урангоотой ярилцлаа.
– Үр контемпорари театрын талаар ярихаас өмнө тун удахгүй болох гэж буй “Одоо” урлагийн наадмын талаар мэдээлэл өгөөч?
-“Одоо” хэмээх арт фестивалийг “Үр контемпорари театр”-ын нэгдлээс ирэх сарын 15-нд зохион байгуулах гэж байгаа. Энэхүү үйл ажиллагаа нь “Одоо” хэмээх цаг хугацааны хэмжүүрт өөрийгөө эрж хайж, бүтээхийг чармайж, урлагаас тайтгарал, хариулт эрсэн, хариултаа олдог хүмүүст зориулагдсан. “Одоо” цагт бүх зүйлсийг өөрчлөх түлхүүр байдаг. Хэрэв хүн тухайн агшинг мэдэрч ойлговоос өөрчлөлт, шинэчлэлтийг хийж чадах боломжтой гэх санааг зорин ирсэн хүмүүстээ түгээх юм. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч буй учир зарим тохиолдолд бодол санаандаа хэт автаж, мэдрэх тухай үл санадаг. Тийм ч учраас урлагийн хэлээр бид одоодоо орших тухай өгүүлж болох юм байна гэж бодсон.
Урлагийн наадамд маань Соёл эрдэнэ өргөө хамтлагийн уран бүтээлчид ирнэ. Энэ үеэр мөн перформанс буюу үйлдлийн урлагийн үзүүлбэр контемпорари жүжиг гэх мэт маш олон төрлийн бүтээлүүдээ үзэгчдэдээ толилуулна. Үүгээр зогсохгүй DJ Oddisey, Моханик хамтлагийн гитарчин Цоожоо тэргүүтэй хүмүүс оролцох юм.
-Үр контемпорари театраа үүсгэн байгуулаад хагас жилийн нүүрийг үзжээ. Театрынхаа талаар яриач?
-Өмнө нь бид “Цэнхэр шувуу” хэмээх нэртэй контемпорари урлагийн нэгдэлтэй байсан. Энэ хүрээнд олон ч үзэсгэлэнгийн ард гарсан. Харин одоо театрынхаа анхны уран бүтээлийг чанартай, мэргэжлийн түвшинд хүргэхээр чармайн ажиллаж байгаа. Томас Меллегийн “Нуруун дээрх ертөнц” хэмээх намтарчилсан зохиолыг жүжиг болгон хөврүүлэн ажиллах нь энэ цаг хамгийн тохиромжтой болов уу гэж бодсон.
-Эл уран бүтээлчийн зохиолыг сонгож буй шалтгаан юу вэ?
Бид энэхүү зохиолоор Монгол улсад тулгамдаад буй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөнө. Бидний нүднээс далд буй сэтгэл гутрал, сэтгэл зүйн асуудлыг илэрхийлнэ гэсэн үг л дээ.
Сэтгэл зүйн эрүүл мэндээс үүдэлтэй бий болсон нийгмийн ээдрээт олон асуудлыг бид мэддэг хэдий ч тоохоо байсан. Дөжирчихсөн гэх юм уу. Хүн болгон хөшгөө нээгээд, бие биеэ ойлгоосой гэсэн санаан доор нэгдэж энэ бүтээлээ хийж байгаа. Үүнээс гадна Монголын урлагийн салбарт хөл тавиад 20 жил болж буй контемпорари урлагийг залууст ойлгуулах, мэдрүүлэх том үйлсэд хүч зарцуулж байгаа гэж ойлгож болно.
-Бидэнд зохиолын талаар товчхон ярьж өгөөч?
– Германы зохиолч Томас Меллегийн “Нуруун дээрх ертөнц” хэмээх ном нь хоёр туйлт эмгэгийн тухай хүүрнэдэг зохиол л доо. Энэ нэршил Монголчуудын хувьд шинэ биш ч танигдаж ойлгогдоогүй сэтгэл зүйн асуудал байх. Томас Мелле зохиолч өөрөө олон жилийн турш “хоёр туйлт эмгэг”-ээр оношлогдон шаналсан. Энэхүү зохиолд стрессээс үүдэлтэй эмгэг, сэтгэл гутрал, архины донтолт, гэр бүлийн хүчирхийлэл гээд Монголд аль хэдийн нүүрлээд байгаа олон асуудал дурдагддаг.
Зохиолд бидний заавал анхаарах ёстой зарим зүйлсийг гаргаж ирсэн байгаа юм. Жишээ нь “хоёр туйлт эмгэг” нь генээр дамжих боломжтой. Эсвэл бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл, хорт бодисын хэрэглээнээс үүдэн бий болох магадлалтай. Зохиолын гол дүрийн бага нас тийм ч сайхан биш. Тэр ч атугай ээж болон нагац эгч нь сэтгэл гутралтай учир энэхүү эмгэгийг генээр өвлөж авсан байж магад гэж өгүүлэгч өөрийгөө таамагладаг. Гэхдээ зохиолын өгүүлэгч хоёр туйлт эмгэгийг өвчин гэж ойлгож болохгүй гэдгийг сануулдаг.
-Сэтгэл зүйн байдлаас үүдсэн нийгмийн асуудлыг том зургаар нь харж, бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж ээ дээ?
-Тийм ээ. Монгол улс амиа хорлолтоороо дэлхийд дээгүүр бичигдэж буйгаас гадна эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудал газар аваад байгаа юм. 2019 онд хийгдсэн судалгаагаар Монголын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бөгөөд хүн амын 100 мянгад ноогдох судалгаагаар 28.1 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэх судалгаа гарсан байна билээ. 2019 оны ДЭМБ-ын тайлангаас харахад Монгол улс амиа хорлолтын индексээр дэлхийн хэмжээнд 14-15 дугаарт , бүсийн хэмжээнд дөрөвдүгээрт орсон байна. Мөн эл судалгааг 1984-1992 онд хийсэн судалгаатай харьцуулахад, стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэ байгаа юм. Энэ судалгаануудын дүн бидний санааг ихээр зовоосон. Тиймээс л нийгэмд дохио өгөхийг хүссэн юм.