MEC судалгааны байгууллага Улстөрийн барометр судалгааныхаа гуравдугаар сарын дүнг танилцуулаад байна. Тус байгууллагын захирал Л.Золбаатартай ярилцлаа.
УИХ, Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна гэх олон нийтийн шүүмжлэл “буцалж” байхтай зэрэгцэн танай судалгааны үр дүн гарч байна. Гэхдээ эрх баригчдын рейтинг бага зэрэг өссөн гэж гарч байна. Яагаад вэ?
Бид 2014 оноос хойш улстөрийн барометр судалгааг танилцуулж ирсэн. Нийт 10 оноогоор үнэлдэг. Хамгийн сүүлийн сүүлийн судалгаагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 6,6 оноос 6,9 болж, 0,3 оноогоор нэмэгдлээ. Энэ нь Ерөнхий сайд авлигатай тэмцэнэ гэдгээ зарласантай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд бугшаад байгаа асуудлуудыг цэвэрлэж, намаа цэвэрлэж эхлэх нь үү дээ гэдэг хүлээлт бий болоод байна гэсэн үг. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ энэ хүлээлтдээ хүрч ажиллаж чадахгүй бол их өндрөөс унах дүр зураг харагдаж байна.
Харин УИХ-ын үйл ажиллагааны оноо мөн л адил бага зэрэг өссөн. Гэхдээ 10-аас ердөө 3 гарантай л оноо авч байна гэдэг хангалтгүй. Ямар ч оюутан шалгалтандаа тэнцэхийн тулд хамгийн муугаар бодоход 6 оноо авах ёстой шүү дээ. Үүнээс ялгаагүй. Эндээс хууль тогтоох байгууллага чадамжгүй байгааг шууд харж болно.
Чадамжгүй гэдгийг нь юугаар тодорхойлох вэ?
УИХ-ын 10 гаруй гишүүн гэмт хэрэгт холбогдсон байна. Мөн Хөгжлийн банкны зээлийн асуудалд УИХ-ын гишүүд бүгд холбоотой байна. Өмнө нь ч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас улстөрчид зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан. Энэ алдаагаа өнөөдөр ч давтсаар байна. Үүнээс гадна, УИХ-ын гишүүд ёс зүйн асуудалд холбогдсон ч уучлал гуйхгүй, хариуцлагагүй хүлээхгүй байгаа нь том асуудал. Жишээ нь, хамгийн гишүүн Ч.Ундрам ёс зүйгүй асуудалд орооцолдсон. Гэвч гишүүн хэвээрээ л байна шүү дээ. Энэ мэт олон асуудлыг нэрлэж болохоор байна.
Ийм нөхцөлд парламентыг яаж чадавхжуулах ёстой юм бэ?
Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь бүгд хариуцлагаа үүрэх ёстой. Холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт хийгээд энэ их хурал тарах ёстой. Тэгээд ирэх намар УИХ-ын ээлжит сонгууль явуулах нь хамгийн зөв хувилбар. Тэгэхгүй бол чадамжгүй УИХ-аас юу ч хүлээгээд нэмэргүй.
МАН-ын бүлэг сонгуулийг холимог системээр явуулахаар төлөвлөж байна гэдгээ зарлалаа. 38 гишүүнийг тойргоос, 38 гишүүнийг нэрсийг жагсаалтаар УИХ-д оруулж ирэх нь. Хэр зөв хувилбар гэж харж байна?
Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв. Сонгогчдын санал гээгдэхгүй, зөвхөн том томуудад ашигтай гажуудлыг арилгах боломж бүрдэнэ гэсэн үг. Одоогийн нөхцөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд өнгөрөх гэж байна. Уг нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүдийн тооны асуудлыг ч бас ярих ёстой.
Ажил хийхдээ тулбал хүн багадаагүй. 76 байсан ч 100 байсан ч ялгаагүй гэдэг шүүмжлэл их гарч байна шүү дээ?
УИХ-ын гишүүдийн тоо 100-аас дээш байх ёстой. Ингэж байж парламентын төлөөлөх чадвар сайжирна. Одоогийн нөхцөлд нэг хүнд ноогдох шийдвэр гаргалт, түүний хамаарал нь их байгаад байгаа юм. Хэрэв гишүүдийн тоог нэмэгдүүлбэл хэд гурваараа нийлж, буруу замаар ордог асуудал цэгцэрнэ. Манай улсын хүн амын тоо ч өссөн шүү дээ. Үүндээ тааруулж гишүүдийнхээ тоог өсгөх ёстой. Олон нийтийн дунд гишүүдийн тоог нэмэхээр зардал өснө шүү дээ гэдэг шүүмжлэл гарч байна. Гэхдээ энэ зардлыг хэмнэлтийн зарчмаар шийдэх боломжтой.
Видеог дээрээс үзнэ үү.