Монголын боксчин Лутсайханы Алтанцэцэг ДАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртөллөө. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны боксчин тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0-ээр ялсан.
Улмаар хагас шигшээд Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөн мөн 5:0-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ДАШТ-ий шигшээд анх удаа шалгарлаа.
Одоо дэлхийн аварга болоход түүнд ганцхан даваа үлдлээ. Л.Алтанцэцэг дэлхийн аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчин Ниту Гэнгэстэй өрсөлдөнө. Энэтхэг боксчин 22 настай, дэлхийн аваргаас Л.Алтанцэцэгийн адил анхны медалиа хүртэж буй. Хамтын нөхөрлөлийн наадамд өнгөрсөн жил түрүүлснийг нь эс тооцвол төдийлөн том амжилтгүй. Монголын эмэгтэй боксчдоос анх удаа дэлхийн аваргын төлөө өрсөлдөх болсон Л.Алтанцэцэг гэж хэн бэ.
-Л.Алтанцэцэг Дорнод аймагт төрсөн, энэ жил 27 настай.
-Дорнод аймаг шилдэг ширэн бээлийтнүүдээрээ алдартай. Гавьяат тамирчин Д.Отгондалай, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш, ОУХМ Н.Шинэбаяр, Э.Идэрхүү, Л.Ангараг, Э.Эрдэнэтуяа нарын олон шилдэг Дорнодынх. Ийнхүү Л.Алтанцэцэг Дорнодоос дэлхийн медальтнаар тодорсон хоёр дахь боксчин боллоо.
-Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, Т.Эрдэнэбаяр нарын шавь. Тэдний удирдлагад 16 настайдаа “Талын бүргэд” клубт боксын спортоор хичээллэсэн.
-Л.Алтанцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцоод дэлхийн медальтан боллоо
-Тэрбээр 2016 онд Казахстанд болсон ДАШТ-д V байрт шалгарч байв. Л.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх тоглолтод олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Еспарзад ялагдаж байв.
-Шатар, жүдогоор хичээллэн, аймгийнхаа аваргад цөөнгүй удаа түрүүлсэн удаатай. Зурагтаар боксын улсын аваргыг үзэж байгаад нутгийнхаа тамирчин Эрдэнэцэцэгийн тоглолтыг үзээд боксын спортод татагджээ. Улмаар “Талын бүргэд” клубт боксоор хичээллэхэд анхандаа ганцаархнаа эмэгтэй байж. Тиймээс бэлтгэлээ нэлээдгүй хугацаанд эрэгтэй тамирчидтай хийжээ. Эрэгтэй тамирчдын цохилтын аяыг даан, тэсвэр хатуужилтай болоход нь их нөлөөлсөн гэнэ.
-Түүнийг боксоор хичээллэхэд ээж нь нэлээд эсэргүүцжээ. 2012 онд Ё.Төмөрбатаа багшийнхаа нэрэмжит тэмцээнд хүч сорихыг ээж нь үзээд “За, охин минь ингэж өөрийгөө зовоогоод яах вэ. Ёстой аймар юм байна. Өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон, цохиулахыг чинь харахаас яс янгинах юм. Больсон нь дээр. Шатраар хичээллэхэд оройтоогүй” гээд тас хорьсон байна. Гэхдээ Л.Алтанцэцэг зорилгоосоо ухраагүй, бэлтгэлээ хийсээр байв. Улмаар тодорхой амжилт гаргаад эхэлснийх нь дараа ээж нь дэмжих болжээ.
-Л.Алтанцэцэг хожуу буюу 16 настайдаа боксоор хичээллэсэн тул өсвөрийн ангилалд өрсөлдөөгүй. Залуучуудын УАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн. Залуучуудын ангилалд өрсөлдөгчдөө тоглолтын цаг дуусахаас өмнө, техникийн илт давуугаар ялдаг байв.
-2013 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа өрсөлдсөн. Тэр жил алтан медалийн төлөөх тоглолтод Азийн аварга Т.Болортуулд дийлдэн, мөнгөн медаль хүртсэн. Улсын дэд аварга болсон амжилтаа чамлан, шарандаа нэлээд уйлжээ. Харин спортын хүрээнийхэн олимп, дэлхийн дэвжээнд гялалзах шинэ од бойжиж буйд баяртай байлаа.
-Л.Алтанцэцэг Азийн АШТ-ий хошой хүрэл, “Улаанбаатар цом”-ын алтан медальтай.
-2011 онд гар нь хугарч, нэлээд удаан эмчлүүлжээ. Овоо эдгэчихээр нь дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн наадамд өрсөлдөв. Гэтэл тэмцээний эхний өдөр бэртэл сэдэрч, пэндийтлээ хавдсан байна. Т.Эрдэнэбаяр багш нь “Миний охин тоглох хэрэггүй. Амжилтаас илүү эрүүл мэнд чухал. Бэртлээ бүр сэдрээгээд гаргүй болчихвол яана” гээд хориглоход нь “Дөрвөн жилд ганцхан болдог юм чинь оролцчихъё” гээд гүрийжээ. Хавдартай гар нь бээлийнд багтахгүй байсан тул багш, тамирчидтай элбэж байгаад арайхийж өмсөв. Гар өвдөж байсан ч шүд зуун тэсэж, өрөөсөн гараараа тоглосоор байгаад түрүүлснээ Л.Алтанцэцэг дурсах дуртай.
-Хөдөлмөрийн баатар Э.БадарУуган баатар, Гавьяат тамирчин Д.Отгондалай нараас үлгэрлэдэг, бокс тоглохыг нь үзэх дуртай.