“Эрэгтэй” гэсэн шалтгаанаар гэр бүлийнхэн, анги хамт олон, нийгэмдээ гадуурхагдан, өөрөөр хэлбэл үл хайхрах хүчирхийлэлд өртөж өссөн бяцхан хүү, өнөөдөр таван удаагийн гэмт хэрэг үйлдэж, “ялтан” нэр зүүн амьдарч байна. Энэ түүх бол эрэгтэйчүүдийн эрхийг багаас нь зөрчсөн нийгмийн дүр зураг. Бид эрэгтэйчүүдийн эрх хаана хэрхэн яаж зөрчигддөг талаар сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Эрх нь зөрчигдсөн эрэгтэйчүүд танаас зөвлөгөө авахаар хэр их ирж байна вэ?
-Сэтгэл зүйн хүнд асуудалтай эрэгтэйчүүд их ирдэг. Дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх нь бий. Би сэтгэл зүйч хүний хувьд тухайн хүчирхийллийг үйлдэгч өөрөө ямар нэг сэтгэцийн эмгэгтэй гэж тодорхойлдог. Өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний эрх гэж ярихаас өмнө тухайн хувь хүний асуудлыг хөндөх нь зүй. Аль нэгийг нь онцлоод яривал энэ нь жендерийн тэгш бус байдлыг бий болгоно.
-Бид эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг л хөндөж ярьдаг. Үүний цаана эрэгтэйчүүдийн эрх санаатай, санаандгүй байдлаар зөрчигдсөөр л байгаа. Эрэгтэйчүүдийн эрх ямар нөхцөлд зөрчигддөг юм бэ?
-Магадгүй хамтран амьдарч байгаа эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй үед тэдний эрх зөрчигдөж эхэлнэ. Тэр дундаа завсрын эмгэгтэй (DSM-5) эмэгтэйчүүдтэй амьдрах эрчүүд хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн хүнд дарамтад ордог. Зөвхөн эмэгтэй ч гэлтгүй завсрын эмгэгтэй хүмүүс өнөөгийн нийгэмд маш их байгаа. Үүний үүсэх шалтгаан нь багаасаа өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөртөө болон бусдад итгэх итгэлгүй болж өссөнтэй холбоотой. Жишээ нь гэр бүлийн хэрүүл маргаан, архидалт, салалт гэх мэт асуудлуудаас болж хүүхдүүд завсрын эмгэгтэй болж, сэтгэл зүйн гэмтэл авч байгаа юм. Үүний дараа ирээдүйд гэр бүл зохиохдоо хуучны өсөж хүмүүжсэн хэв маягаа орхиж чаддаггүй.
Тайван гэр бүлд өсөөгүй учраас тэр хэв маягаа хадгалсаар гэр бүлийн хүчирхийлэл бий болж энэ нь таагүй байдлаар дуусах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн амьдрал хохирогч, гэмт хэрэгтний түүхээр дуусна гэсэн үг.
-Та сая завсрын эмгэг гэж ярилаа. Энэ талаар үзэгчдэд ойлголт өгөөч?
-Завсрын эмгэгтэй (DSM-5) хүмүүст дараах зан байдлууд илэрдэг. Тухайлбал,
- Амьдралын гол зорилго нь хаягдаж, орхигдохгүй байхад чиглэнэ. Хаягдахгүйн тулд хичээнгүйлэн амьдарна.
- Бусдын нэг бол шүтэн биширч эсвэл дургүйгээ хүрвэл эсвэл хог мэт үзнэ. Туйлширсан, тогтворгүй харилцааны хэв маягтай.
- Өөрийн үнэ цэнэ, үзэл бодолгүй. Мөн чанарын төөрөгдөлд орсон, цаг ямагт өөрийн гадаад үзэмж болон үзэл бодолдоо эргэлздэг.
- Дор хаяж 2 ба түүнээс дээш өөрт хөнөөлтэй алхам хийнэ. Хэт их сэтгэл хөдлөлд автаж, хөөрсөн үедээ ухаанаа алдаж, юу хийж байгаагаа мэддэггүй.
- Байнга амиа егүүтгэх оролдлого хийх, хийж буй мэтээр төсөөлөх, заналхийлэх, өөрийгөө өвтгөх зан үйлтэй.
- Сэтгэл санаанаас шалтгаалан байнгын тогтворгүй сэтгэл хөдлөлтэй.
- Цаг ямагт хоосон байдал мэдэрнэ.
- Юу ч болоогүй байхад огцом уурлах, уурлахаараа ухаанаа алдаж, уур бухимдлаа барьж дийлдэггүй.
- Хувьсамтгай, стресстэй холбоотой хий айж түгших, тусгаарлагдах хэв шинж илэрнэ. Хаа хамаагүй юманд хямарч, стресстэнэ.
-Эрэгтэйчүүдийн эрхийг зөрчих шалтгаан болдог нийгмийн хэвшмэл ойлголт, хандлагуудын талаар та яриач?
-Хүүхэд, өсвөр наснаас нь эхэлж эрэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байдаг. Яагаад гэхээр эцэг эхчүүд, “эрэгтэй хүүхэд яах вэ. Өөрийгөө аваад явчихна. Охиноо л сургууль соёлоор явуулчих юм сан” гэж ярьдаг. Үүнээс эрэгтэй хүүхдүүд ирээдүйд өөрийгөө, гэр бүлээ ганцаараа авч явах ёстой гэсэн ухамсартай болчихдог. Гэтэл гэр бүл гэдэг хамтын хөдөлмөрөөр бүтэх ёстой зүйл.
Харин ч эсрэгээрээ эрэгтэй хүүхэд хайр халамж мэдэрч өсөх нь чухал. Гэтэл ээж аавууд эрэгтэй гэсэн шалтгаанаар тэднийг гадуурхаад байдаг юм. Тэнд эрх нь зөрчигдсөн хүүхэд, одоо гэр бүл зохиочихсон үр хүүхэдтэй болоод явж байгаа. Хүүхэд насандаа эцэг эхээсээ аваагүй хайр энэрлээ одоо ч авахыг хичээдэг хүмүүс өнөөдрийн нийгэмд олон. Тэгэхээр эрэгтэй хүүхдийг бид охидоос ялгахгүйгээр адилхан л хайрлах хэрэгтэй.
СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ЭРЧҮҮДИЙН АМИА ХОРЛОЛТЫН НЭГ ШАЛТГААН БОЛДОГ
-Сүүлийн жилүүдэд эрчүүдийн амиа хорлолт их байгаа. Энэ талаар ярихад олон асуудал хөндөгддөг. Таны хувьд үүний шалтгаан юу гэж бодож байна вэ?
– Сэтгэл судлалд эрэгтэй хүний итгэлтэй байдал зөөлөн зан чанараар илэрдэг гэж үздэг. Гэтэл эрэгтэй хүмүүс байгалиасаа бардам зантай, гүндүүгүй, ноён нуруутай, хэний ч өмнө буулт хийхгүй гэх мэтээр дотор байдаг хүүхэд шиг зангаа нуугаад байдаг. Зөөлөн чанараар өөрийгөө удирдахад нь бардам зан саад болдог гэсэн үг. Монголчууд зөөлөн нь хатуугаа иддэг гэж ярьцгаадаг. Зөөлөн эмзэг байдал гэдэг яг үнэндээ итгэлийг илэрхийлдэг. Гэтэл бидний хувьд өөртөө итгэлтэй хүчирхэг байхыг хатуу чанга байна гэж буруу ойлгоод байдаг. Эрэгтэй хүний зөөлөн байдал түүнийг хүчирхэг харагдуулдаг. Түүний нулимс тэр их чадлынх нь илэрхийлэл юм. Тэгэхээр нулимсаа гаргахгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байгаа нь эрчүүдийн амиа хорлолтын нэг шалтгаан болж байдаг.
-Та олон жил сэтгэл зүйч хийж байгаа. Энэ хугацаанд эрэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн олон кэйсүүд дээр ажиглалт хийсэн байх. Бидэнд ажиглалтаасаа хуваалцаач?
-Тийм ээ. Эрчүүдийн хувьд их өрөвдөлтэй шүү дээ. Би нэг жишээ ярья. Таван удаагийн гэмт хэрэг үйлдсэн нэг залуу шоронд ороод, “намайг хэн ч дийлэхгүй, би бол мундаг, хэнийг ч айлгана” гэж бусдад өөрийгөө гайхуулж ярьдаг байж. Тэр үед сэтгэл зүйч ээжийнх нь талаар яриа өрнүүлэн, “Та хэзээ ээжээрээ хамгийн сүүлд хайрлуулсан бэ? гэж асуусан байгаа юм. Тэгэхэд нөгөө айхтар гэмт хэрэгтэн сандал дээрээ шигдэж суугаад, хуруугаа хөхөн, хоёр гуравхан настай жаахан хүүхэд шиг мэгшиж уйлж эхэлсэн гэдэг.
Хэрцгий гэмт хэрэгтэн, магадгүй хүчирхийлэгч, зүрх сэтгэлгүй мэт тухайн эрэгтэйн цаана ямар эрх зөрчигдөж байна гэвэл, тэр хүн хэзээ ч хайрлуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл үл хайхрах хүчирхийлэлд өртсөн нэгэн байгаа юм. Энэ байдал нь түүнийг өнөөдөр гэмт хэрэгтэн болгосон гэсэн үг.
Бид эмэгтэйчүүдийн эрх ярьж тэмцдэг шигээ нөгөө талаа хэзээ ч орхиж болохгүй. Эрэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөж дуугарах хэрэгтэй.
Д.Мөнхзул