Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө боллоо.
Өчигдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэв. Төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дууджээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгосон 50 тэрбум төгрөгийн зээлийг хэрхэн зарцуулсныг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэлэлцлээ. 151 зээлдэгчийг ил болгон, хэдэн төгрөгний зээл авсныг нь танилцуулав.
Б.Энхбаяр: Д.Дэмдэрэлдорж та хэдэн онд ЖДҮ-г дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан бэ?
Д.Дэмбэрэлдорж:- 2011 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс 2012 оны есдүгээр сарын дунд хүртэл. Сонгуулийн дараа ажлаа өгсөн. Найман сарын хугацаанд ажилласан.
Б.Энхбаяр: Б.Батвүвшин та хэдэн онд ЖДҮ-г дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан билээ?
Б.Баттүвшин:- 2012 оны есдүгээр сараас 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл ажилласан.
Д.ДЭМБЭРЭЛДОРЖ: НАМАЙГ ТОМИЛОГДОХООС ӨМНӨ “КАРАКУМ”-Д 2 ТЭРБУМ, 58 САЯЫН ЗЭЭЛ БАТАЛЧИХСАН БАЙСАН
Б.Энхбаяр:- ЖҮД-ийг дэмжих сангийн 50 тэрбумын зээл нь хоёр УИХ, хоёр Засгийн газар дамжиж, зээл олголт нь явж байгаа. Тиймээс энэ хоёр захирал дуудагдаж, холбогдох хэсэгтээ хариулт өгнө. Сая шинжээчийн танилцуулгаас харахад, 2012 оны дунд хэсэгт шийдвэр нь гарч, гэрээ нь байгуулагдаад, зээл олголт нь хоёрдугаар хагасаасаа олгогдсон байна.
Д.Дэмбэрэлдорж захирлаас асуух нэг л зүйл байна. Хоёр тэрбум, 58 сая төгрөгийн буюу “Каракум” зээл. ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгох хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмын 1.4-т нэг зээлдэгчид 500 сая хүртэлх зээл олгоно, эргэн төлөгдөх баталгаатай байна гэж заасан байдаг. ХХААХҮЯ-ны сайдын 2010 оны 58 дугаар тушаалаар батлагдсан журам. Гэтэл энэ журмыг зөрчиж, санхүүжилтээс дөрөв дахин их мөнгийг "Каракум" ХХК-д олгожээ. Үүнд тайлбар өгнө үү?
-2011 оны арваннэгдүгээр 14-ний өдөр намайг захирал болохоос өмнө ЖДҮ-ийг дэмжих сангийн Зээлийн хороо хуралдаж, олгох ёстой зээлийн жагсаалтыг баталчихсан байсан.
Тухайн жагсаалтаар батлагдсан зээлүүд нь арилжааны банкныхаа шаардлагыг хангасан нийт зээл нь тухайн санд байгаа хөрөнгөөс 48 тэрбум төгрөгөөр илүү байсан. Тэгэхээр санд байхгүй хөрөнгөөр зээлийн зөвшөөрлийг олгосон байсан.
Миний үүрэг юү байсан бэ гэвэл, шаардлага хангасан ААН-үүдэд зээлийн санхүүжилтийг олгох шаардлага надад үүссэн юм. ЖДҮ-ийг дэмжих сангийн захирал бол Зээлийн хорооны нарийн бичгийн дарга хийдэг. Хороонд саналын эрхгүй оролцдог журамтай байсан.
Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор нэгдүгээрт, арилжааны банкуудын зээлүүдийг шахсан. Өнөөдрийн сонсголыг би 10.40 цагт мэдсэн. Тиймээс давхисаар байгаад тулгаж орж ирлээ. Гэхдээ яах вэ, энэ талаар ярих боломж олгосонд баярлалаа. Тэгээд эргэн төлөлтөөс бид 20 орчим тэрбум төгрөгийг оруулж ирсэн.
Чанаргүй зээл нэгээс доош хувьтай, намайг захирлаар ажиллах хугацаанд нэг ч чанаргүй зээл гараагүй.
Нийслэлд 500 хүртэлх сая, 500-аас дээш сая төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгодог байсан гэж би санаж байна. Дараа нь аймаг, дүүргүүд, сумдууд хүртэл зээл олгодог. Монгол Улсын хэмжээнд 6,000 орчим ЖДҮ эрхлэгч тухайн үед байсан. Одоо байхгүй болчихсон.
Олон улсын стандартын дагуу хөөцөлдөж явсаар байгаад 50 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээж өгсөн. Түүнийгээ тухайн үед Засгийн эрх авсан Арчилсан намд хүлээлгэж өгч байв.
"Каракум" ХХК-ийн зээлийг бол би санахгүй байна. Миний ажилласан Зээлийн хорооны шийдвэрийг хүчингүй болгоод шинэ сайд нь багаа бүрдүүлээд, зээл олгоод явсан юм билээ. Арилжааны банкуудаас бичиг ирсэн тохиолдолд хариу хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл, зээлийн хорооны шийдвэр гарсан үед.
Б.Энхбаяр:- Таны хувьд Зээлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэлээ. Зээлийн хорооны дарга хэн байсан бэ?
-Миний бодлоор тухайн үед ТНБД нь ахладаг байсан санагдаж байна. Би 11 жилийн өмнөхийг ярьж байгаа учраас сайн санахгүй байна.
Б.Энхбаяр: Шинжээчээс асууя. Зээлийн хорооны дарга нь хэн байсан бэ?
Шинжээч: ТНБД асан П.Гантулга.
Б.Энхбаяр:- Тийм учраас Хөдөө аж ахуйн яамны ТНБД асан П.Гантулгыг дуудсан юм байна. Зээлийн хорооны дарга гэдгээр нь. П.Гантулга дарга "Албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тиймээс сонсголд оролцох шаардлагагүй гэж үзэж байна" гэсэн бичиг ирүүлсэн. Тэгээд ирээгүй юм байна.
Б.ЭНХБАЯР: 151 АЖ АХУЙН НЭГЖИЙН АВСАН ЗЭЭЛИЙН 30 ТЭРБУМЫН ХҮҮГ ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ТӨЛСӨН БАЙНА
Мөн тэрбээр үргэлжлүүлэн, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан Хөгжлийн банкны санхүүжилттэй байж. Гаднаас эх үүсвэр татаад, хоёр жилийн хугацаанд 151 төсөл рүү гаргасан байна. Гэтэл зээлийн хүүгийн зөрүү буюу алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр, Монголын ард түмнээр төлүүлээд байна. Энэ 50 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүүнд улсын төсвөөс хэдэн төгрөг олгосон бэ. Татвар төлөгч Монголын ард түмэн зээлийн хүүгийн зөрүүнд хэдийг төлсөн бэ?
Хөгжлийн банкны төлөөлөл:- ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 50 тэрбум төгрөгийг Евро бонд болон Самурай бондоос санхүүжилт олгон, шилжүүлсэн. Ханшийн зөрүү болон хүүгийн төлбөрт 2014-2016 онд нийт 30.5 тэрбум төгрөг төлсөн. Хөгжлийн банк ханшийн зөрүүнд 20,3 тэрбум, хүүгийн төлбөрт 10.2 тэрбум төгрөг төлсөн.
Б.Энхбаяр:- Тэгэхээр ЖДҮ-ийг дэмжинэ гэсэн энэ бодлогын хүрээнд 151 зээлдэгчийн хүү, ханшийн зөрүүнд 30 тэрбум төгрөгийг ард түмнээс төлүүлсэн байна. Маш харамсалтай. Иргэд үүнийг мэдэхгүй байгаа. Өөрийнхөө аваагүй, өөр хүний авсан зээлийн төлбөрийг иргэд төлөөд байна. Зөвхөн 50 тэрбумын зээл дээр 30 тэрбум төгрөгийг төлсөн байна.
За, цааш нь үргэлжлүүлье. ЖДҮХ сангийн уг эх үүсвэрээс “Эрхэн хэлхээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэлгэрмаа 300 сая төгрөгийн зээл авчээ. Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн гэр бүлийн хүн. Ж.Батзандан УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед энэ 300 сая төгрөгийн зээл гарсан байна. Дэлгэрмаа өнөөдрийн сонсголд ирээгүй байна” гэлээ.