Олон улсын усан будгийн мастер зураач Д.Батнасан чөлөөт уран бүтээлч Л.Саранчимэг нарын хамтарсан "BEAUTY OF SPRING" үзэсгэлэн " Монарти арт "галерейд нээлтээ хийж байна.Энэхүү бүтээлүүд нь Батнасан зураачийн анхны виртуал үзэсгэлэн бөгөөд дэлхийн хаанаас ч үзэж болохоор виртуал орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм. Энэ талаар мастер зураач Д.Батнасантай ярилцлаа.
–Энэхүү үзэсгэлэнгийн зорилго, бусдаас ялгарах онцлог шинж юу вэ?
Манай үзэсгэлэнгийн гол онцлог нь уран бүтээлч хүний ухамсраар байгаль дэлхийн өнгө, урлагийн ертөнцөд хэрхэн дүр төрхөө олдгийг харуулж байгаа явдал юм. Байгаль болон хүний амьдралын утга нь уран бүтээлчийн оюун санаанд боловсрон дахин нээгддэг учиртай. Манай улсад одоогоор 20 гаруй уран зургийн галерей үйл ажиллагаа явуулж байна.Эднээс "Монарти арт" галерей нь үзэсгэлэн, уран зургуудаа виртуал орчинд үзүүлдгээрээ бусад газраас нэг алхмаар түрүүлж явж байна гэж хэлж болно. Мөн урлаг судлаачтай. Тэр хүн уран бүтээлчид болон бүтээлүүдийн талаар мэдээлэл өгөөд ажиллаж байгаа. Олон нийтийг урлагийн боловсролтой болгоход галерей онцгой үүрэгтэй. Хүмүүс урлагийн мэдрэмж өндөртэй байхаар нийгмийн бухимдал бага болдог. Мэдээж найзуудтайгаа хөгжим сонсонгоо галерей үзээд, шүтдэг дуучныхаа тоглолтыг үзэхээр оюун санаа тайван байдлыг мэдэрч эхэлнэ.
– Ямар уран зургууд байгаа вэ?
Энэхүү үзэсгэлэнд байгаль ертөнцийн гоо сайхан, сэтгэлийн өнгө яруу мэдрэмжийг харуулсан 30 гаруй бүтээл дэлгэгдэж байна.
-Таны хувьд монгол зургийн чиглэлээр төгссөн. Яагаад усан будгаар зурах болов?
Сургуулиа төгссөний дараа монгол зургийнхаа чиглэлээр нэлээн удаан ажилласан. Монгол зураг зурахаар удаан суудаг уйтгартай байдал нь миний хэв шинжид нийцдэггүй байсан. Анхнаасаа сонирхол муутай байсан болохоор өөрийн сонирхдог чиглэл рүү орсон. Одоо бол байгалийн судалбар зургууд, хүний хөрөг аж амьдралын тухай бүтээлүүдийг гаргаж байна.
-Усан будгаар зурах урлаг нэлээн сайн хөгжиж байна. Орчин үеийн залуучууд хэр их сонирхож байна вэ?
Энэ чиглэлээр зурдаг хүмүүс нийлээд, усан будгийн нийгэмлэг байгуулснаар энэ төрөл нэлээн хөгжиж эхэлсэн. Манай залуучууд олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцоод шагналт байруудыг их авч, томоохон тэмцээнүүдийн шүүгч хүртэл хийх болсон.Одоо бол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөөд амжилттай хөгжөөд явж байна. Үүний дараа 2021 оноос байгалийн судалбар зургийг ихээр сонирхож зурах боллоо.
-Үзэсгэлэн хамтран зохион байгуулж байгаа уран бүтээлчийнхээ талаар товч яриач?
Би энэ үзэсгэлэнг эхнэртэйгээ хамтран гаргаж байгаа. Манай эхнэр ихэвчлэн эмэгтэй хүний гоо сайхан дотоод сэтгэл, гуниг харууслыг илэрхийлсэн бүтээлүүдийг зурдаг. Эмэгтэй хүн тэр тусмаа эх хүний сэтгэлийг бүрэн ойлгосон хүн энэ хорвоод байдаг гэж үү? Энэ асуултыг өөрийн бүтээлүүдээрээ дамжуулан харуулдгаараа онцлогтой.
-Байгалийн уран зураг хэзээнээс хөгжиж эхлэв?
60,70-аад оны үед мундаг нэр хүндтэй уран зурагчид нэгдээд хөдөө явж хамгийн гоё үзэсгэлэнт байгалийн зургуудыг зурдаг байсан. Тэр үеэс байгалийн зураг монголд хөгжиж эхэлсэн. "Цэнхэр тэнгэрийн орноор" "Монголын сайхан орноор" гэх мэтчилэн олон төсөл хөтөлбөрүүд явагдсан. Үүний үр дүнд байгалийн зураг гэдэг төрөл жанр илүү их хөгжсөн. Энэ үеийн уран зураачид чөлөөтэй, жинхэнэ урлаг хийж байсан бол 90-ээд оноос хойш хөл толгойгоо алдсан. Гоё сайхан юм нь муухайтайгаа холилдоод, сайн муу нь мэдэгдэхээ больсон. Ингэснээр байгалийн уран зураг нэгдсэн маягаар хөгжиж чадахаа больсон юм даа. Тэгээд саяхнаас манай Өмнө говийн зураач Сонинбаяр гээд залуу говийн тухай зураг зурах төсөл хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцээд би "Дөрвөн цагийн хангай" гээд төсөл хэрэгжүүлээд хангай нуруу орчим жилийн дөрвөн улиралд хэрхэн өөрчлөгдөж, өнгө будаг солигдож байна вэ? гэдгийг зураачдаар зуруулж авахаар шийдсэн. Ингэснээр орхигдсон, эвээ олохгүй байгаа салбарыг бага ч гэсэн нэгтгэсэн.
-Амжилт гэдэг тийм амархан ирдэг зүйл биш. Энэ хүртэл явахад хэцүү зүйл их байв уу?
Ихэнхдээ л амаргүй байсан. Нийгэм ч их солигдсон. Өөрийн бүтээлүүдээ хүмүүст яаж үзүүлэх вэ, яаж энэ талаар тодорхой хэмжээний ойлголттой болгох вэ гэдэг хөрсөө хүртэл бэлдэнэ. Тэр үед чинь хүссэнээрээ уран бүтээл хийж болдоггүй. Ийм түвшинд хийх ёстой гэсэн тодорхой хувь эзэлдэг байсан юм уу даа.
– Орж ирсэн цагаасаа хойш зургуудыг нэлээн ажиглалаа. Нэрээсээ эхлүүлээд их өвөрмөц юм. Зургаараа дамжуулж юу хэлэхийг хүсдэг вэ?
Ямар нэгэн зүйл хэлэхийг хүсдэггүй. Урлаг явдгаараа л явна. Урлаг өөрөө бүтээгдэж бий болдог . Гэвч өөрчлөх зүйлээ өөрчилнө, өөрчлөхгүй зүйлээ өөрчлөхгүй.
-Залуустаа хандаж юу хэлмээр байна вэ?
– Хүн болгонд урлагийн өндөр мэдрэмж байдаг. Өглөө босоод ямар хувцас өмсөх , нүүрээ яаж будах вэ гэдгээс эхлүүлээд. Манай монголчууд цагаан сараар үндэсний хувцсаа өмсөөд бүгд нэг хаан хатад шиг болдог. Харин өөр газар очоод хэнтэй уулзаж байгаагаасаа хамаараад яг тэр дүрдээ хувирч хувцаслаж чаддаг. Ингэхээр урлагийн өндөр мэдрэмж байна гэсэн үг. Тэрийгээ л хөгжүүлэх хэрэгтэй.
Р.Цэцэгбаяр