“Оюутолгой бол XXI зууны манлай үйлдвэр” гэж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат онцолсон удаатай. 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” гүнийн уурхайн олборлолтоо эхлүүлсэн нь Монгол Улсын тэр тусмаа уул уурхайн салбарт яах аргагүй түүхэнд бичигдэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
“Оюутолгой”-н бүлэг ордын нийт нөөцийн 80 хувь нь Хюго Даммет хэсэгт, газрын гүнд оршдог. Блокчлон олборлох аргаар гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр гол “үүц”-ээ задалж, дэлхийд дөрөвдүгээрт орох хэмжээний хүчин чадлаар ажиллах боломж бүрдлээ. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнээс олборлох гүний уурхайн нээлт өчигдөр боллоо.
Гүний уурхайгаас өдөрт нийлүүлэх хүдрийн хэмжээг ирэх гурван жил аажмаар нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2030 он гэхэд жилд 500 мянган тонныг олборлохоор төлөвлөжээ.
Дэлхийд хоёрдугаарт ордог, 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг “Рио тинто” группийн туршлага, технологийн дэвшлийг ашиглан, 20 мянга гаруй ажилтны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шимээр ийнхүү “Оюутолгой”-н гүний уурхайг ашиглалтад орууллаа. Гүний уурхайн олборлолтыг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байв. Үүнийг нэгдүгээр улирал болгон наашлуулж, өчигдөр ийнхүү нээлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ОРОХ ЗЭСИЙН УУРХАЙТАЙ БОЛЛОО
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоогоос нэг жилийн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюу Толгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсан билээ.
Хөрөнгө оруулагч тал Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа бүрэн хүрч чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
2022 онд “Оюутолгой” компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Оюу Толгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид, Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон хэлэхийг хүсэж байна” гэж онцлов.
ЯКОБ СТАУСХОЛМ: ХАМТЫН ЗАМНАЛДАА НЭГ МӨР АНХААРАН ТӨВЛӨРӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
“Рио тинто” группийн ерөнхий захирал Якоб Стаусхолм “Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биеэ түших итгэлцэл юм. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
“Оюутолгой” үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, “Рио тинто”-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шим бий болгоно. Бид урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд “Рио тинто” хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна. Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно” гэлээ.
ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ
“Оюутолгойн гүний уурхай долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай том бүтээн байгуулалт. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.
Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөжээ.
Гүний уурхайн нээлтийн үеэр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Монголын эдийн засаг, нийгэмд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн. Тодруулбал, үндэсний худалдан авалтад л гэхэд 2010 оноос хойш 4.93 тэрбум ам.доллар зарцуулжээ. Мөн өнөөг хүртэлх хугацаанд худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилтнуудын цалинд 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан байна.
Б.ЖАВХЛАН: ГҮНИЙ УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ДНБ-ЫГ 2028-2036 ОНД 2-3 НЭМЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
/Сангийн сайд/
Бүтээн байгуулалт, технологийн хувьд Монголд түүхэнд үлдэх үйл явдал яах аргагүй өнөөдөр боллоо. Монгол Улс гүний уурхайтай боллоо, эргэж буцах замгүй. Одоо үндсэн баялагтаа олборлолт хийгээд явна. Одоогийн зэсийн ханшаар харвал, 2028-2036 оны хооронд ДНБ-ыг 2-3 дахин нэмэгдүүлэх эдийн засгийн хамгийн том цөм нь “Оюутолгой”-н гүний уурхай. Мөн төсөвт төвлөрүүлэх хөрөнгө 2-3 дахин нэмэгдэх бүрэн боломжтой. Гүний уурхайн өгөөжийг зөвхөн төсөвт төвлөрүүлэх хөрөнгөөр харж болохгүй. Эдийн засаг, нийгмийн маш олон ач холбогдол бий.
“Оюутолгой” жилд багадаа 200 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийдэг. 10-15 мянган ажлын байр бий болгож байгаа. Яг аюулгүй байдал талаасаа дэлхийд гуравдугаарт ордог уурхай. Энэ нь дэлхийн хэмжээний боловсон хүчнийг бэлтгэн, нийлүүлж байна гэсэн үг. Бидэнд өгч буй том үр өгөөжийн нэг нь энэ яах аргагүй мөн. Цаашид Монгол Улсад өгөх үр өгөөж нь улам нэмэгдэнэ. Зөвхөн “Оюутолгой” манай улсад 622 тэрбумын татвар төлдөг. 10.000 гаруй аж ахуй нэгжийг бэлтгэн нийлүүлэгчээрээ сонгон шалгаруулж, хамтарч ирсэн.
Монгол Улс анхны гэрээгээр цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Одоо бид Хятадаас эрчим хүчээ нийлүүлж байгаа. Гэхдээ цаашид олон улсад нүүрсний эрчим хүчээс татгалзаж байгаа. Ийм цаг үе таарч байна. Бид сонголтоо хийж, ойрын хугацаанд “Оюутолгой”-г өөрийн эрчим хүчээр хангах үүргээ биелүүлнэ. “Тавантолгой”-г түшиглэн станц барих тендер зарлана.
Б.БОЛД: МАРГААНТАЙ ТАВАН АСУУДЛЫН ДӨРӨВ НЬ ШИЙДЭГДСЭН
/”Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал/
2035 он гэхэд зэсийн жилийн хэрэгцээ нь 25 сая тонноос 50 сая сая тонн болж, хоёр дахин өсөхөөр тооцоолсон. Үүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машин дизель тэрэгнээс 3-4 дахин илүү зэс агуулдаг. Цахилгаан машинаа цэнэглэх шаардлага гарна. Цэнэглэгч, цахилгаан холбоосуудыг нь мөн зэсээр хийнэ. Өнөөдөр байгалийн өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэн яаралтай солих шаардлагатай байгаа. Сэргээгдэх эрчим хүч ч мөн адил зэс хэрэглэдэг. Эрэлт эрс нэмэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улс экспортын том борлуулалтын орлого олох зэсийн үйлдвэрлэлээ үе шаттайгаар эхлүүлэх эхний алхмаа өнөөдөр хийлээ.
“Оюутолгой” хөрөнгө оруулалтын тодорхой хувиа зэсийн борлуулалтаасаа олдог. Ялангуяа, ил уурхай маань жилд 150 мянган тонн зэс олборлож, нэг тэрбум, 400 сая ам.долларын борлуулалт хийдэг. Энэ мөнгө Монголбанканд тушаагдан, үүгээр ажилчдынхаа цалин, түлш, эрчим хүч гэх мэт зардлаа нөхдөг. Тэгэхээр “Оюутолгой” 100 хувь гадны санхүүжилтээс хараат нь харьцангуй гайгүй болсоор байгаа гэсэн үг. Өнөөдөр төслийн гүйцэтгэл 83 хувьтай байна. Жил хагасын дараа бүрэн дуусна. Тэгэхээр бид бараг өөрсдийнхөө эх үүсвэрээс үйл ажиллагаагаа явуулчих болов уу гэсэн төсөөлөл байна. Мэдээж зэсийн үнэ өндөр байвал бидэнд ашигтай. Аль болох нэмж өр тавихгүйгээр, ямар боломжоор санхүүжих вэ гэдгээ нэлээд харж, судална.
Цахилгаан станцын хувьд, “Оюутолгой” эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан. Олон улсын стандартын дагуу байгуулсан гэрээ. Төр засгаас “Тавантолгой” станцын тендэр нь тодорхой үр дүнд хүрвэл гэрээ нь бэлэн байгаа.
Зэс боловсруулах үйлдвэрийн тухайд, Ч.Хүрэлбаатар сайд бидний олон жил мөрөөдөж байгаа ажил. Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ, “Оюутолгой”-д зэс боловсруулах үйлдвэрийн судалгаа хийнэ” гэсэн заалт бий. Зэс боловсруулах үйлдвэрийнг судалгааг хамгийн сүүлд 2016 онд хийсэн. Монгол Улсад уул уурхайн салбар хөгжсөн учраас одоо нэгдсэн бодлогоор зэс хайлуулах үйлдвэрийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтарч Монголд ашигтай ямар хувилбараар хийх вэ гэдэг талаас нь ажиллана. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болвол Монгол Улс наад зах нь зэс импортлохоо болино.
Өнгөрсөн хугацаанд гурван хөрөнгө оруулагч хоорондоо маргаантай байлаа. УИХ-ын 92, 103 дугаар тогтоолын дагуу маргаантай нийт таван асуудлаас дөрөв нь шийдэгдсэн. Одоо татварын маргаан дээр тодорхой хэлэлцээр хийж байна. Эцсийн байдлаар шийдвэрлэсэн зүйл одоогоор байхгүй. Гэхдээ үүнийг маргаан гэхээс илүү биенээ сонсож, шийдлээ хамтдаа хайя гэсэн байр суурьтай байгаа.
Ч.ХҮРЭЛБААТАР: “ТАВАНТОЛГОЙ”-Г АШИГЛАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТЕНДЕР ЗАРЛАНА
/Эдийн засаг, хөгжлийн сайд/
Дэлхий дээр өнөөдөр нэг хүнд оногдох зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Цахилгаан автомашин, цахим хөгжлөөс аваад үзэхэд, Монгол Улс зэсийн томоохон тоглогч болох ёстой. Монголчууд ч бид мөн өөдрөг, алсыг харах хэрэгтэй. Засгийн том амбицтай байгаа.
Одоо бид зөвхөн зэсийн баяжмал гаргаж байгаа. Тэгвэл өнөөдөр анх удаа зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгох, цэвэр цэс гаргах үйлдвэр байгуулах тухай санамж бичиг байгууллаа. 2007 онд анхны хөрөнгө оруулалтын гэрээг би хийж байсан. Тус гэрээнд зэс хайлуулахын үйлдвэрийн тухай оруулж чадсан юм. Ер нь зэс хайлуулах үйлдвэр барих нь маш чухал. Цэвэр зэс гарган, дараа нь зэсээр хийсэн бүтээгдэхүүн хийж байж Монгол Улсын эдийн засаг улам тэлнэ, ажлын байр нэмэгдэнэ.
“Тавантолгойн” нүүрсний орд газраа ашиглаад цахилгаан станц барих тендер зарлахаар Засгийн газар төлөвлөж байгаа. Оюутолгой компанитай гэрээ байгуулсан.
Оюутолгойн бүх орлого зөвхөн гаднын банкаар дамждаг гэх ташаа мэдээлэл бий. Энэ уурхайн бүх орлого Монголын банкаар дамждаг.
ХЭРВЭЭ ХҮСВЭЛ “РИО ТИНТО” ӨӨРӨӨ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БОЛОМЖТОЙ
Төсөв дээр бид тооцоо хийж үзсэн, оруулчихсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гүний уурхайг тооцсон. Тэгэхээр 2023 оны төсөвт нөлөөлөхгүй. Одоо 660 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Энэ тоо 2024 онд 780 мянган тонн болно. Оргил үедээ хоёр дахин нэмэгдэнэ, хэдхэн жилийн дараа.
Хэрвээ хүсвэл Рио тинто өөрсдөө цахилгаан станц барих боломжтой. Цахилгаан станц барина, барихгүй гэж маш удаан яригдлаа. Цахилгаан станц барихад хамгийн чухал нь ус. Усны нөөцөө баталгаажуулсан гэсэн мэдээлэл надад өгсөн.
Н.ЦЭРЭНБАТ: МОНГОЛЧУУД 2032 ОНООС “ОЮУТОЛГОЙ”-ГООС НОГДОЛ АШИГ ХҮРТЭЖ МАГАДГҮЙ
/”Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал/
Өнөөдөр бид Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлснээр цаашид 2051 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулах технологийн болон уулын ажил нь эхэллээ гэсэн үг. Далд уурхай ил уурхайгаасаа гурван дахин их хүдрийн агууламжтай. Тэгэхээр ижил хэмжээний ажил хийгээд гурав дахин их олборлолт хийх боломж бүрдлээ. Одоо Цахилгаан станцын бүтээн байгуулалтыг нэн яаралтай эхлүүлж чадвал БНХАУ-аас авч буй цахилгааны мөнгөө дотооддоо шингээх боломжтой.
Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн хөрөнгө оруулалтын асуудал маргаан дагууллаа. 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр “Эрдэнэс оюу толгой” компанийн байр суурь “Рио Тинто”-той нэг түвшинд очсон. “Рио Тинто” дангаараа энэ төслийн 66 хувийг эзэмших болсноор цаашид бид нэг хамтрагчтайгаар томоохон төслүүд дээр хамтрах давуу талтай боллоо. Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлснээр Монгол Улс дэлхийн зах зээл дээр том тоглогч болсноо өнөөдөр дэлхий нийтэд зарлалаа.
Зэсгийн үнийг дунджаар 8500 орчимд тооцоолоод, янз бүрийн гэнэтийн саатал гарахгүйгээр явбал монголчууд 2032 оноос “Оюутолгой”-гоос ногдол ашиг хүртэнэ гэж тооцож байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь бидэнд ашигтай. Гэхдээ нөгөө талдаа санхүүгийн эх үүсвэрийн хувьд, дэлхийн томоохон улс орнуудын бодлогын хүү өсөж байгаа нь бидэнд тодорхой зардал нэмэгдэх нөхцөл бий боллоо гэж харж байна.
Х.НЯМБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРСЭЭР АЖИЛЛАДАГ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ХАТУУ ЗАРЧИМ БАРИМТАЛНА
/Хууль зүй, дотоод хэргийн сайд/
Эрчим хүчний яамнаас “Тавантолгой” цахилгаан станц байгуулах тендер хоёр удаа зарласан. Шалгарсан байгууллага байхгүй. Гурав дахь тендерээ удахгүй зарлана гэсэн хүлээлт байна. Монгол Улсын Засгийн газар нүүрсээр буюу хатуу түлшээр ажилладаг цахилгаан барих хатуу зарчим баримталж байгаа.
Оюутолгойгоос эрчим хүч тогтвортой худалдах гэрээ байгуулах шийдэгдсэн. Дунджаар 200-300 сая ам.долларын эрчим хүчийг Оюутолгойд худалдана. Үүний дагуу тодорхой гэрээ байгуулсан. Засгийн газар тендер зарлаж, хатуу түлшний станц барихаар ажиллаж байна гэж ойлгож болно. Энэ цахилгаан станцыг барьвал “Оюутолгой”-г цахилгаанаар 100 хувь хангана. Илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүчинд нийлүүлнэ” гэлээ.