Хүн бүр өөрийн хар амиа хичээж, би төвтэй, өөрөөр хэлбэл эгоист шинж чанартай бүлэг хүмүүс нийгмийг бүрдүүлж байгаа цагт гэр бүл салалтын тоо хэзээ ч буурахгүй талаар сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин хэлж байна. Түүний хувьд 20 жилийн турш СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН юм шүү гэдгийг бусдад ойлгуулах гэж хичээн ажилласан нэгэн юм. Бид түүнтэй гэр бүл салалтын цаад шалтгаан юу болох, энэ асуудлыг нийтээр нь өөрчлөхийн тулд хүмүүс бид юун дээр анхаарах хэрэгтэй талаар ярилцлаа.
САЛАЛТ БОЛ ИХЭНХДЭЭ СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРГҮЙ ҮЕДЭЭ ГАРГАСАН АЛДААТАЙ ШИЙДВЭР
-Ярилцлагын санал хүлээж авсан танд баярлалаа. Гэр бүл салалтын асуудал манай нийгэмд тулгамдсан том асуудал мөн. Таны туршлагаас харахад гэр бүл салалтын цаад шалтгаан нь юу байна вэ?
-Гэр бүлүүдэд тулгардаг олон асуудалд зөвлөгөө, тусламж үзүүлээд 16 жил болж байна. Ихэнх тохиолдолд асуудал үүссэн гэр бүлийг аварч болох байдаг. Гэр бүлийн асуудал, хосууд хоорондын асуудлыг шийднэ гэхээс илүү хувь хүнийх нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Эмэгтэйн хувь хүний асуудлыг шийдээд, эрэгтэйн хувь хүний асуудлыг шийдэхэд , тэр хоёр хүний зохицол илүү сайн болно гэсэн үг. Зүгээр хувь асуудлыг шийдэхэд тухайн гэр бүлийг аварч болдог.
Гэр бүл салалтын жинхэнэ шалтгаан нь emotional нөхцөл буюу сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлынхаа үед гаргасан шийдвэр байдаг. Өнгөц шалтгаан нь хүмүүсийн ярьдгаар араар тавилт, хүчирхийлэл гээд янз бүрийн асуудал байж болно. Сэтгэл зүйн тогтворгүй байдал нь урт хугацаанд үргэлжилсэн бол энэ нь салах шалтгаан болдог юм. Хоёрдугаарт тухайн шийдвэр нь emotional шийдвэр байгаад байна. Гуравдугаарт сэтгэл хөдлөлийнхөө хувьд, сэтгэл зүйн байдлаа давж гарч чадаагүй, зугтах механизм ашиглаж байгаа нь ихэвчлэн салах шалтгаан болж байдаг.
-Сэтгэл зүйн тогтворгүй байдал нь урт хугацаанд үргэлжлэх шалтгаан нь юу байна вэ? Хосууд хоорондоо ярилцахгүйгээс болж энэ асуудал үүснэ гэсэн үг үү?
-Асуудлыг шийддэггүйд гол алдаа оршиж байдаг. Хоёрдугаарт асуудлаа шийдэх ёстойг мэддэггүйд оршино. Үүссэн үл ойлголцлоо дуусгах, эсвэл ямар нэгэн байдлаар сэтгэлд сэвгүйгээр төгсгөдөг соёл манайд байдаггүй. Монголчууд ярилцдаг, ямар нэг зүйлийг ойлголцдог ард түмэн мөн үү гэдэг эхний асуудал. Бид нэг ийм юм яриад сурчихсан. Буруу ярьж зөв ойлголцдог л гэнэ. Нүдээрээ, харцаараа ойлголцчихдог л гэнэ. Энэ нь өөрөө маш олон алдаатай ойлголтуудын эхлэл болж байгаа юм. Араар тавьснаас болж саллаа гэдэг. Ихэнх тохиолдолд хосуудын хэн нэгэн нь, хэзээ нэг цагт салах тухай бодож үзэж үзсэн байдаг юм. асуудлаа шийдэлгүй өнгөрүүлснээс болоод шүү дээ. Бид асуудлаа хэзээ ч ил болгож чаддаггүй. Үргэлж нуудаг. Үргэлж хаалттай амьдарсан. Нууж л байвал зүгээр амьдрах юм шиг. Түм буман асуудал байна шүү дээ. Зөвхөн энэ, тэр гэх юм биш. Тэр асуудлууд дунд нь ядахдаа хүйсийнхээ ялгааг хүлээн зөвшөөрөх асуудал ч орж байгаа. Маш олон залуус хүйсийнхээ ялгааг хүлээн зөвшөөрөөгүйгээсээ болоод салдаг. Нуугаад л мартаад л гээд л ярина. Мартах гэдэг нь хадгалагдах тухай ойлголт шүү дээ. Сэтгэлд үлдсэн сорви шархыг, шарх хэвээр нь хадгалаад хөшигний цаана нуух нь аюултай л гэж хэлээд байгаа юм. Тэр шарх хэзээ нэгэн цагт бугладаг юм гэсэн санаа. Ямар нэг аргаар сорвитой ч хамаагүй эдгээх тухай ярьж байгаа юм л даа.
НЭГНИЙГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДААГҮЙН ГОР САЛАЛТААР ДУУСАХ НЬ БИЙ
-Нэгнийгээ хүлээн зөвшөөрөх асуудлын талаар ярилаа. Нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн цаад шалтгаан нь юу байдаг вэ?
-Би магадгүй эхнэрээ зөвхөн өөрийнхөө дутуугийн комплексын асуудлаас болоод, үүнийгээ мэдэхгүйгээр эхнэрээ өөрчлөхийг оролдоод байвал яах вэ. Нөхрөө өөрчлөх гээд, эрэгтэй хүн биш эмэгтэй хүн шиг хандлагыг түүнээс шаардаад, тийм байлгах гээд хичээгээд байвал яах вэ. Жишээ нь чамайг би өөрийнхөөрөө өөрчлөх гээд л насан туршдаа хичээвэл юу болох вэ?
-Зовоод л дуусах байх.
-Магадгүй үр дүн нь салалт болж хувирна. Зүгээр гадаа гараад л хар даа. Хүнд туслахдаа хүртэл бид, надад эргээд туслах л байх даа. Би тусалсан юм чинь буян болж байна гэсэн үг гэдэг ойлголт хүмүүсд нэвт шингэчихсэн байгаа. Энэ нь эргээд өөрийнхөө төлөө л хийж байгаа үйлдэл биз днн. Өөрийнхөө төлөө буюу эгоист шинж чанараараа, хүнлэг шинж чанарыг, ёс суртахууны шинж чанарыг авч явах юм бол алсуураа гэр бүл салалт хэзээ ч буурахгүй. Яагаад гэхээр хүн бүр ямар нэгэн маргаан болоход өөрийнхөө төлөө л хэрэлдэж байгаа юм.
Гэтэл нийгэм нь өөрөө ийм. Бид магадгүй тулгамдсан асуудалд явцуу байдлаар хандаж, салалтын тухай яриад л байна. Мянга яриад бид шийдэж чадахгүй л дээ. Бид нийтээр нь өөрчлөх талаар ярьж байгаа бол нийгмийн системийг өөрчлөх, үзэл бодлыг өөрчлөх тухай ярих юм. Тэгвэл хувь хүний хүмүүжлийн асуудлыг хөндөх шаардлага гарна. Үүнээс л эхэлдэг байх даа. Хүн чанараас нь л эхэлдэг байх даа бодвол…
ГЭР БҮЛ САЛАЛТ ДЭЭР ЭРЧҮҮД ИХЭВЧЛЭН БУРУУТАН БОЛОХ ШАЛТГААН НЬ…
-Ингэхэд гэр бүл салалтын буруутан нь эрэгтэйчүүд болж байгаа дүр зураг харагдаад байдаг юм. Үүн дээр таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Эрчүүдээс болоод ихэвчлэн салалтын асуудал үүсэж байна гэдэг ойлголт нийгэмд яагаад түгдэг вэ гэхээр, эмэгтэйчүүд асуудлаа маш сайн илэрхийлдэг. Эрчүүд асуудлын хариуцлагыг нуруун дээрээ үүрэх ёстой гэдэг соёл нь өөрөө монголд байгаа. Эрчүүд өөрийнх нь буруу биш байсан ч хамаагүй, ихэвчлэн “ За за. Миний буруу” гэж хэлээд, 10 хувийн буруугаа хүлээдэг хүмүүс. Эмэгтэйчүүдийн буруу 90 хувь нь байсан ч буруугаа хүлээдэггүй. Энэ хамгийн том асуудал. Үүгээр юу гэж харагддаг вэ гэхээр, эрчүүд тэр чигээрээ буруутан болоод, тэр чигээрээ салалтын гол шалтгаан гэх ойлголтыг төрүүлээд дуусдаг. Салсан ч гэсэн эхнэрээ хамгаалаад үлдэж байгаа юм. Яаж гэхээр өөрөө буруугаа үүрээд үлдэж байгаа юм. Салсан ч гэсэн шүү дээ. Бид нар ярьдаг шүү дээ. Эр хүн шиг бай л даа чи гээд. Энэ үгний цаад агуулга нь юу гэсэн үг юм. Эр хүн шиг өөр дээрээ буруугаа хүлээгээд л явчхаач дээ гэсэн ойлголт. Тэрэндээ бид итгээд үнэмшчихсэн. Аймшигтай. Нийгэм тэр чигээрээ тэгж ойлгодог. Тайлбар тавих, тайлбарлах чадвар эмэгтэйчүүдэд угаасаа л илүү шүү дээ. Хэн нь их ярьж, тайлбарлаж байгаагаар нь тэдний талд орох магадлал нь өндөр байдаг гэсэн үг.
СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН
– Бусдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч туслаад яваад л байдаг. Гэтэл амьдрал дээрээ амиа хорлох тухай үргэлж боддог сэтгэл зүйч ч байдаг юм билээ. Та олон жил бусдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмчилж тусалсан хүн. Сая ярисан бүх асуудлаа өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлдэг үү?
-Хэрэгжүүлэх, хичээх, мэдэх гэдэг зүйлс бий. Би хичээж л яваа хүн. Хүмүүс сэтгэл зүйчдээс төгс зүйлийг шаардаад байдаг юм. Бусдын төлөө хичээх, мэдэж байгаа зүйлийнхээ төлөө хичээх, хэрэгжүүлэхийг хичээнэ гэдэг бол сайн зүйл. Би ингэж боддог. Ганцхан юм ойлгуулахын тулд 20 жил энэ зүйлийг тасралтгүй л ярьж байна. Сэтгэл бол эрхтэн гэдэг үгийг ойлгуулахын тулд тасралтгүй ярилаа.
-Ярилцсанд баярлалаа.