Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодид учруулсан бэртэл гэмтлээр төсөөлөх ойлголт нийгэмд түгээмэл бий. Тэгвэл тав тухтай, өөрийнхөөрөө байж чадахгүй л бол энэ нь хүчирхийлэлд байгаагийн шинж тэмдэг мөн болох талаар сэтгэл зүйч Я.Батхүү хэлж байна. Мөн тэр хүчирхийллийн гол буруутан нь хүчирхийлэл үйлдэгчдийг өөхшүүлж байдаг, хохирогчид өөрсдөө болох талаар ярьсан юм.
Тэрбээр, “Гэр бүлийн салалтын гол шалтгаан нь хүчирхийлэл мөн. Хосууд хүчирхийлэл гэж юу болохыг ойлгохгүйгээс харилцааны олон асуудал гарч ирнэ. Хүчирхийллийн талаарх нийтлэг ойлголт нь бие махбодийн гэмтэл учруулсан бол үүнийг хүчирхийлэл гэж бодоод байдаг. Жишээ нь манай эхнэр, эсвэл нөхөр надруу юм шидээд оноогүй. Арай ч хүчирхийлээгүй гэх зэргээр ярьдаг. Нэг бол би жирэмсэн болохоор, хүүхдээ харж байгаа болохоор цалин авч биднийг тэжээж байгаа хүн бухимдалгүй яах вэ гэсэн хандлагаар хүлцээд байдаг.
Энэ нь даамжирч ганц хоёр удаа цохих бол байх зүйл гэх мэтээр бодож явсаар асуудал хурцдаж, хэн нэгэн нь хохирч үлдэх нь бий. Хүчирхийллийг үзэл санааны, сэтгэл зүйн, бие махбодийн, бэлгийн, эдийн засгийн гэх мэтээр ангилдаг. Эдгээрийн талаарх ойлголт тухайн хүмүүст байхгүйгээс хэдэн мянган хүн далд хэлбэрээр хохирсоор л байна.
НЭГ УДАА ХҮЧИРХИЙЛЖ, ТҮҮНЭЭСЭЭ ТААШААЛ АВСАН БОЛ ДАХИН ХҮЧИРХИЙЛНЭ Л ГЭСЭН ҮГ
Асуудлын гол буруутан нь хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс гэж сэтгэл судлалын эрдэмтнүүд үзэх нь бий. Яагаад гэвэл хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс дийлэнхдээ хүчирхийлэгчийг өдөөж байдаг. Учир нь тэд өөрсдийгөө буруутан мэтээр хүлээж авдаг юм. Хэтэрхий сул дорой, хувийн эрх чөлөөндөө халдах боломжийг өөрсдөө олгодог гэсэн үг. Утсаа ухуулахыг, доромжлуулахыг, дорд үзэхийг хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл зөвшөөрдөг. “Би буруугүй” гэдгээ батлах гээд байдаг юм. Хүчирхийллийн хэлбэр даамжирч хүнд хэлбэр лүү орно гэдгийг ойлгохгүй буруугаа өөрөөсөө хайгаад байдагт л гол асуудал байна гэж үздэг хэрэг. Хүчирхийлэгч гэр бүлийн хүнээ нэг удаа цохиж зодоод, ямар нэг байдлаар таашаал авчихсан бол зайлшгүй дахин энэ үйлдлээ хийх ухамсар үлдсэн байдаг юм.
ХҮЧИРХИЙЛЭГЧИД БУРУУГҮЙ ГЭДГЭЭ БАТЛАХ ГЭЖ ХИЧЭЭХ ШААРДЛАГАГҮЙ
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэрвээ хүчирхийлэлд автсан л бол тэр хохирогчид өчүүхэн ч төдий буруу байхгүй. Энэ бол байж болшгүй зүйл гэдгийг л хэлдэг. Тийм учраас үүн дээр бол эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой байдаг. Ер нь л шууд эсэргүүцэл үзүүлэх, маш хатуу эрс шийдэмгий арга хэмжээ авах юм бол энэ хүчирхийллийг таслан зогсоох бүрэн боломжтой байдаг. Манай Монгол эмэгтэйчүүдийн буруу ойлголтууд байдаг. Салчих юм бол хүнд байдалд орно. Хүүхдээ өнчрүүлнэ. Түрүүлж салах өргөдөл өгвөл буруудна. Хүүхдээ асрах эрхээс хасагдана. Эсвэл заавал эвлэрэх хэрэгтэй гэдэг байдлаар ханддаг.
Тэгэхээр хохирогч, хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс өөртөө илүү анхаарах ёстой. Үүний тулд хүчирхийлэл гэж юу болохыг ойлгох нь чухал. Ойлгуулах ажлыг бодлогоор дэмжиж, мэргэжилтнүүд төвлөрч ажиллах нь зүй. Хүчирхийлэлд өртсөн хүний ойр дотнын хүн, гэр бүл, найз нөхөд, хамт олон нь үүнийг таслан зогсоох арга хэмжээ авах нь хүн ёсны үүрэг юм.
БАЙГАА ГАЗРАА ТАЙВАН, ЧӨЛӨӨТЭЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ Л БОЛ ТА ХҮЧИРХИЙЛЭЛД БАЙНА ГЭСЭН ҮГ
Сэтгэл зүйчид хүчирхийллийн мэдээлэл, кэйс ирсэн л бол шууд цагдаагийн байгууллага руу, хохирогчоос зөвшөөрөл авахгүй мэдэгдэх үүрэгтэй. Статистик судалгаанаас харахад, хүчирхийлэлд өртөгсдийн 30 хувь нь эрэгтэй, 70 хувь нь эмэгтэй байна. Энэ нь эрэгтэй хүний хэл ярианы төв дутуу хөгжсөн байдагтай холбоотой. Эмэгтэй хүн бол учир шалтгааныг уурлаж, хашхираад, муухай ааш зан гаргаад хэрүүлээр гаргачихдаг бол эрэгтэй хүний хувьд хэл ярианы төв хөгжөөгүй, сул хөгжсөн байдаг учраас өдөрт 5000 мянган үг, эмэгтэй хүн 20000 үг хэлдэг. Үүнээс шалтгаалаад эрэгтэй хүн түрэмгийллээ шууд гарын үйлдлээр үзүүлдэг ийм учиртай. Тэгэхээр эрэгтэй хүн, эмэгтэй хүнээс суралцах ёстой. Асуудлыг ярих, ойлголцох, сонсох, өөрийгөө ойлгуулах, илэрхийлэх чадварт суралцах ёстой гэсэн үг.
Чи хэн нэгэнд өөрийн бодол санаагаа ямар ч айдас, түгшүүргүйгээр илэрхийлж чадаж байна уу. Хэн нэгэн хүн чамайг үг, үйлдэл, сэтгэл санааны дарамтанд оруулж байна уу. Ямар нэг байдлаар үл тоож, дорд үзэж, доромжилж байна уу. Энэ болгон бүгд хүчирхийлэл, чи зүгээр тав тухтай өөрийнхөөрөө байж чадахгүй л байгаа бол энэ нь хүчирхийлэлд байна гэсэн үг.
Д.Мөнхзул