Шинийн наймны өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж буй "Цагаан дарь эх"-ийн бүтээлүүдийг өчигдөр олон нийтэд дэлгэн үзүүллээ. Энэ өдрийн хамгийн онцгой үйл явдал нь Цагаан дарь эх бурханыг нэг өдөрт багтаан зурж сонирхуулсан юм. Энэ арга хэмжээг Богд хааны ордон музейн хамт олон жил бүр зохион байгуулж заншчээ.
Өдрийн 11:40 минут. Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимын хаалгаар хүмүүс хоёр гурваараа цувран орж ирнэ. Үүдээр ороход хаашаа ч харсан "Цагаан дара эх"-ийг хэлбэр хэмжээ, өнгө будгаар нь ялгаж байршуулсан байлаа. Эдгээр зургуудыг хүмүүс нүд салгалгүй харж зогсох аж. Үзэсгэлэнгийн захаас эхлэн шороон будаг, торго даавуугаар өнгө ялгаж зурсан жижиг, том зургууд дүүрэн өлгөөстэй. Цаашилбал, хөндлөн өрсөн алаг ширээтэй ширээ болгон дээр эх бурхны зургийг дуурайлган зурж, эвлүүлэх хэдэн хүмүүс сууж байв.
"НАРАН УРГАХААС ШИНГЭХ ХҮРТЭЛ ЗУРЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГТОЙ"
Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмараас үзэсгэлэнгийн талаар тодруулахад "Манайх 2013 оноос "Нэг өдрийн цагаан дара" нэртэй ганцхан өдөр зурдаг уламжлалыг дахин сэргээсэн юм. Хуучин наймдугаар Богд хааны Дондогдулам хатныг цагаан дарийн хувилгаан хэмээн өргөмжлөгдөх үеэс буюу 1902-1924 он хүртэл бүтээгдсэн Дара эхүүдийг дахин сэргээж залсан үйл явдал байгаа юм. Одоо Богдын ордны музейн сан хөмрөгт бурхан урлалын олон төрлөөр нийт 50 гаруй цагаан дара эх байна.
Жишээлбэл танка зураг, шороон будгаар торго даавуунд урласан бүтээл, зээгт наамал гэх мэт. Танкагийн хувьд дэвсгэрээрээ мартан гэж улаан дэвсгэр, сэртэн гэж шар дэвсгэртэй байдаг. Мөн манай үзэсгэлэн нар мандахаас, нар шингэх хүртэл нэг өдөрт л багтааж зурж байгаагаараа илүү онцлогтой" хэмээн ярилаа.
"БУЯН АРВИДАЖ, БОДСОН ҮЙЛ БҮХЭН ТЭГШРЭХ БЭЛГЭДЭЛТЭЙ ӨДӨР БУРХАН УРЛАЖ БАЙНА"
Мөн Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар "Өнөөдөр бол их утга учиртай өдөр. Манай бурхан шашинтнуудын хувьд тамын хаалга хаалттай байдаг өдөр гэж нэрийддэг. Энэ өдөр замба тивд Цагаан дарь эх болон Манал бурхан бууж ирдэг хэмээн бэлгэшээдэг. Уг өдөр бодож санасан, сайн бүхэн буян арвиддаг нигууртай. Шинийн наймны цагаан дара үзэсгэлэнтэй давхцаж, гандантэгчилэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны урлахуйн ухааны урлаачид болох С.Санжай, Ц.Номин, Б.Ганбаатар нар нэг өдрийн дотор үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эхийг урлаж байна" гэв.
"ИРГЭД ЦАГААН ДАРЬ ЭХИЙГ БҮТЭЭЖ БУЙГ ХАРЖ, ӨӨРСДӨӨ Ч ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАВ"
Үүний дараа Монголын үндэсний их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэн "Үлэмжийн чанар дууг дуулан ордны жаврыг үргээв. Тэрээр "Богд хааны ордон музейн зохион байгуулж буй арга хэмжээнд чадахаараа ая дуугаа өргөхийг зорьдог. Монголчуудыг элэг бүтэн,эрх чөлөөт нийгэмд амьдрахад Богд хаан гэх хүний оруулсан хувь нэмэр их байдаг гэж боддог учраас түүний үргэлжлэл болсон үйл ажиллагаануудад оролцох дуртай" талаар ярилаа.
Үзэсгэлэн эхлээд дундаа орсон ч ордны хаалга хүнээр тасарсангүй. Хаалгаар орох хүмүүстэй зэрэгцэн үүдний зүүн буланд хэсэг эмэгтэйчүүд цайлж сууна. Энэ жил Богд хаан мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа юм. Цугласан хүмүүс бүгд л зураг бүрд очиж сүсэглэж мөргөх аж. Тэр дунд хорь гаруй насны ногоон цамцтай эмэгтэй завилан суух нь сайн сайхан, бүхнийг бодож хүслээ даатгаж байгаа бололтой. Цагаан дара эхийг бүтээхээр багагүй хүн ирсний хажууд үзэх хүмүүс нь найман настай балчраас наян настай буурал хүртэл олноороо цуглажээ.
"ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЭД ЗАСАЛ ХИЙЛГЭСНИЙ ДАЙТАЙ БОЛЛОО, СЭТГЭЛ ТАЙВШИРЛАА"
Үзэсгэлэн дуусах дөхөж ордны баруун талын хаалгаар гарвал анх харснаас илүү олон машин нэмэгдчихсэн, зогсоолыг хэдийнэ дүүргэчихсэн байгаа нь өнөөдрийн үйл ажиллагаанд их хүн ирснийг илтгэнэ. Хүмүүс бурхдын дүрийг харж, бүтээж буйг нь дэргэдээс нь тольдсоноор жилийн засал номоо хийлгэсний дайтай боллоо хэмээн бэлгэшээн ярьж байсан юм. 30 гаруй насны эмэгтэй саарал "Приус 20" маркийн машины хажууд хүн хүлээж байгаа бололтой зогсож байв.
Түүнээс үзэсгэлэнгийн талаар асуухад "Өнөөдөр онцгой өдөр учраас Богдын музей дээр ирж үзэсгэлэнгээ үзчихээд, шинийн наймандаа зориулж гандан хийдэд очих гэж байна. Цагаан ногоон дара эхтэй холбоотой уншлага ном Ганчэглэнлин хийд дээр 24 цагаар хуран чуулдаг. Энэ өдрийг тохиолдуулаад олон түмэнд үүдээ нээж, сонирхож, бас сүсэглэх боломж олгож байгаад баяртай байна" гэлээ.
Д.Мөнхзул