Айл хотлоороо ашдын ерөөл хурж, сайн сайхныг бэлгэдэн буй шинийн 1-ний өдөр бид уртын дууны өв соёлын талаарх нэвтрүүлгээ үзэгч олондоо хүргэж байна. Монголчууд эртнээс уртын дуугаараа дамжуулан уламжлал соёлоо өртөөлж ирсэн. Өнөө цагт энэ л уламжлалаа залгамжилж яваа уртын дууны Өнө чуулгын чуулган Х.Алтанхуяг, морин хуурч Б.Алтанбат нартай зочин хоймортоо ярилцлаа. МУГЖ, уртын дуучин, бөхийн нэрт засуул Б.Батболд агсны санаачилгаар 2013 онд уртын дууны сургалт зохион байгуулж, уртын дуунд дуртай, мэргэжлийн бус хүмүүсийг хамруулж байсан нь өдгөө 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Өнө чуулга болон өргөжжээ.
Б.Батболд агсан Өнө чуулгынхнаа өөрөө гардан сургаж, энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцуулаад орхисонгүй. Бөхийн барилдааны туршид бөхийн өргөөнд уртын дуучид "амьдаараа", тасралтгүй дуулах бахархам, сонин содон жишгийг бий болгожээ. Бөх барилдаж байхад уртын дуу тавиад орхиж болохгүй. Дуучид нь өөрсдөө очиж, бөхчүүдээ ч, үзэгчдээ ч хүндэтгэх, сайхан энерги бий болгох хэрэгтэй гэж шийдсэн байна. Үүнээс хойш, Өнө чуулгынхан томоохон барилдаануудын үеэр Монгол бөхийн өргөөнд тогтмол 20-30-уулаа очиж дуулдаг болжээ. Тэд энэ цагаан сарын барилдааны үеэр ч бөхийг өргөөг зорьж, бөхчүүд, үзэгчдээ баясгаж, хоёр өдрийг олон түмэндээ зориулсан юм.
"Өнө" чуулгын дуучин Х.Алтанхуяг "Би багаасаа уртын дуунд элэгтэй нэгэн. Манай удамд ч сайн дуучид байсан. Өөрөө мэргэжлийн чиглэлээр нь суралцаж чадаагүй болохоор "Уртын дуу заадаг хүн гарч ирдэггүй юм байх даа" гэж боддог байлаа. Ингээд Б.Батболд багш сургалт явуулж байгааг олж мэдээд, 2014 онд "Өнө" чуулгынхантайгаа нэгдэж байлаа. Уртын дуунд маш их энерги шингэсэн байдаг. Цөөхөн мөрөнд бүхэл бүтэн бурханы ном мэт их энерги, сургаалийг шингээсэн байдаг. Хүссэн хүн бүхэн уртын дууг сурч болдог нь үнэхээр гайхамшигтай. Уртын дууг сурна гэдэг уламжлалаа тээж явна гэсэн үг" гэв.
"Өнө" чуулгын морин хуурч Б.Алтанбат "МУГЖ Б.Батболд багш олон сайхан санаачилга гаргасан байдаг. Хамгийн анх "Ер нь уртын дууг зөвхөн мэргэжлийн хүмүүс л дуулах ёстой юм уу, энгийн ард иргэд нь яагаад дуулж болдоггүй юм" гээд анхны сургалтаа эхлүүлж байсан. Үүнээс хойш тасралтгүй 10 жилд олон хүнийг уртын дууны эрдэмд сургасан. Мөн бөхчүүд энерги зарж барилдаж байхад хөгжим тавиад орхих нь өрөөсгөл хэрэг хэмээн үзэж, уртын дуу суралцаж, улмаар хоорондоо нэгдсэн "Өнө" чуулгынхнаа бөхийн барилдаан дээр дуулуулдаг болсон. Өнө чуулгынхан маань өөрсдөө ч уртын дуу, уламжлал соёлдоо сэтгэлээ өгсөн хүмүүс байдаг учраас их сайхан хүлээж авсан. Уртын дуу, морин хуураар дамжиж, олон сайхан зан заншил түгэн дэлгэрч байдаг. Хуур дуугарсан газар хурсан жавар арилж, хувь ерөөл аяндаа тэгширдэг хэмээн ярьдаг" гэсэн юм.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.