Үндэсний язгуур урлаг бол бидний нэг ондоошил, бахархал юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний бэлгэ дэмбэрэлтэй сайн өдрийн зочин хоймортоо бид удам дамжсан хөөмийч, өвлөн уламжлагч Б.Ундармааг урилаа. Монголд эмэгтэй хөөмийч маш ховорхон. Түүний өөрийн олж мэдсэнээр 20 гаруй эмэгтэй хөөмийч байдаг аж. Тиймээс ч ховорхон авьяастан, содон хүн хэмээн онцолж, түүнтэй хөөмийн урлагийн тухай хөөр яриа дэлгэсэн юм.
НЭРТ ХӨӨМИЙЧ ӨВӨӨГӨӨСӨӨ ХӨӨМИЙЛӨХ ЭРДМИЙГ ӨВЛӨН СУРАЛЦЖЭЭ
Б.Ундармаа Увс аймгийн Тэс сумын харьяат. Өдгөө аймгийнхаа Баруунтуруунд суманд амьдарч буй. Түүний өвөө нь баруун Монголын нэрт хөөмийч Л.Мангалжав хэмээх буурал бий. Түүний дөрвөн залуу нь дөрвүүлээ хөөмийлөх авьяасыг ааваасаа өвлөж, ач зээ нарт нь хөөмийлдөг байна. Харин Б.Ундармаагийн хувьд өөрийнхөө төрөлх авьяасанд бардалгүй, хөөмийлөх урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшжээ. Тэрээр "Би багадаа хөөмий л сурмаар байна гэж хичээж, оролдож байснаа санадаггүй. Долдугаар ангиасаа хөөмийлөх авьяастай юм байна. Надад суурь байгаа юм байна" гэж мэдээд, урамшсан. Ингээд л урлагийн үзлэгт идэвхтэй оролцож, өөрийгөө хөгжүүлсэн. ЕБС-иа төгсөөд СУИС-д элсэх сонголт байсан ч хоёр багш дээрээ шавь сургалтаар хөөмийн нарийн техникүүдийг эзэмшсэн. Ахлах ангидаа хөөмийн сургалт ч явуулдаг байлаа. Миний хөөмий заасан хүүхдүүдээс хоёр нь мэргэжлийн хөөмийч болсон. Цаашид ч би чадах чинээгээрээ хөөмийгөө зааж, түгээн дэлгэрүүлнэ гэж боддог" хэмээн Б.Ундармаа ярилаа.
ХҮССЭН ХЭН БҮХЭН ХӨӨМИЙЛЖ СУРАХ БОЛОМЖТОЙ
Хөөмий гэдэг хөөмийлөх урлаг гэдэг нэг талаас төрөлхийн өгөгдөл, унаган авьяас шаарддаг, хэн хүний шандсыг сорьдог эрдэм. Гэхдээ хүн хичээвэл хөөмий сурч болдог хэмээн Монголд буй цөөхөн хэдэн эмэгтэй хөөмийчдийн төлөөлөл Б.Ундмармаа ярьж байна. Хөөмийг Хархираа, уруулын болон шахаа хөөмий гэж ангилдаг аж. Б.Ундармаа шахаа болон уруулын хөөмийгөөр хөөмийлж чадна. Уг нь Хархираа хөөмий сурах хүсэлтэй байсан ч багш нь эсэргүүцсэн байна. Учир нь, Хархираа хөөмий нь хоолойн хүнээс энерги, хоолойн хүч чадал их шаарддаг, илүү баргил дуу хоолой гаргадаг учраас эмэгтэй хүний хоолойд тохиромжгүй. Хоолойг нь эвдчихнэ" гэж үздэг байна. Түүний багш нь шавийнхаа тухай ярихдаа "Эмэгтэй хөөмийч гэдэг маш ховорхон шүү дээ. Манай шавь угийн л өгөгдөл сайтай хүүхэд байсан. Удам гэдэг яалт ч үгүй торойгоод л гараад ирдэг давуу чанар шүү дээ. Тэр хүүхэд багаасаа хөөмий сонсоод, чихэндээ хоногшуулаад өсчихсөн байна" гэдэг нь өөрөө давуу тал. Өвөөгийнхөө эрдмийг өвлөсөн, ховорхон авьяастан. Суурь сайтай хүүхэд байсан учраас хөөмийн нарийн техникүүдийн богино хугацаанд чадварлаг эзэмшсэн" гэв. Харин ээж нь хэлэхдээ "Манай охин багадаа гэрт гадаагүй л хөөмийлдөг, хөөмийлөх гэж оролддог хүүхэд байлаа. Бид нар ч урамшуулаад л "Ямар гоё хөөмийлдөг юм бэ" гэж дэмждэг байсан. Үүний хүчинд сайн хөөмийч болсон. Охиноо олон улсад эх орныхоо нэрийг гаргасан хөөмийч болно гэж итгэдэг" хэмээн бахархан ярьсан юм.
ХӨӨМИЙ БОЛ ХҮН, БАЙГАЛЬ, ХӨГЖИМ ГУРВЫН ШҮТЭЛЦЭЭТ УРЛАГ
Хөөмийг хүн, байгаль, хөгжим гурвын шүтэлцээт урлаг гэж үздэг байна. Агуулга, утга санаа нь ихэнхдээ байгалиа магтан дуулсан байдаг аж. Жишээлбэл, Тэс голын магтаал гэхэд
Булнайн нуруунаас булгилан урссан
Бурамтай чихрийн амтаар цалгисан
Буурал талыг даган урссан
Буянтай буурал таван гол
Элсэн тэс, элсэн тэс,торгон тэс ээ, буурал тэс ээ, бурхан тэс” хэмээн үргэлжилдэг байна. Эндээс хөөмий, магтаал нь байгалиа дээдлэх их ухаан, агуулгыг өөртөө шингээсэн байдгийг харж болно. Хөөмий яг хэзээ үүссэн талаарх он цаг тодорхой болоогүй бөгөөд зарим судлаач "Энэ бол хүн төрөлхтөн анх үүсэхдээ л ойлголцож байсан байгалийн хэл" хэмээн үздэг байна. Хөөмийчид магтаалаараа дамжуулан уул усаа хайрлах, байгаль дэлхийгээ шүтэх өргөн цар хүрээ, агуулгыг таниулж, зөв хандлагыг түгээж байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
ЯПОН ХҮН ХӨӨМИЙ СУРАХААР ТЭС СУМАНД ИРЭЭД БАЙНА
Нэг үеэ бодвол Монголчууд соёл заншлаа дээдэлдэг, суралцахыг хичээдэг, эрмэлздэг болсон хэмээн удам дамжсан хөөмийч, өвлөн уламжлагч Б.Ундармаа баяртай байна. Тэрээр "Хаа холын Япон хүн хөөмий сурахаар Монголд хүрээд ирсэн байна. Одоо Увс аймгийн Тэс суманд манай өвөөгөөр заалгаж байна. Хонины бэлчээр явахад ч цуг дагаад л өвөөг хөөмийлүүлж, өөрөө сонсож, сурч байгаа гэнэ лээ. Хаана ч байхгүй үндэсний соёл маань түгэн дэлгэрч байгааг харах сайхан байдаг" гэлээ. Хүмүүс хөөмийг судлах тусмаа Монголчуудын сэтгэлгээний онцлог, ёс заншлаа эрхэмлэж ирсэн дэг жаяг, бахархам соёл, хүмүүжил гээд олон бахархлыг олж таньж байдаг хэмээн Б.Ундармаа болоод түүний багш нь ярьж байна.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.