2023 онд уул уурхайн экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэж тооцоолж байна. Энэ жил нийт 500 км орчим төмөр замыг БНХАУ-ын чиглэлд тавина. Мөн эдийн засгийг төгөлдөржүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Инфляцын түвшинг 2023 онд нэг оронтой тоо буюу 8 орчим хувьд барина. Хөрш зэргэлдээ орнуудад үнийн өсөлт үргэлжилнэ. Энэ нь манай импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнд нөлөөлнө. 2023 онд эдийн засгийн өсөлт таван хувь байна. Түүхий эдийн үнэ 2022 оноос улам өндөр тогтоно гэж тооцож байна.
Түүнчлэн, Монгол Улсын эдийн засагт гарч ирэх эрсдэлүүд нь Украины дайн, дэлхийн эдийн засгийн сааралт, санхүүгийн салбарын эмзэг байдал, эрчим хүчний хангамж, тээвэр ложистикийн хүндрэл, байгаль цаг агаарын эрсдэл багтаж байна. Украинд болж буй дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ манай улсын эдийн засагт эрсдэл учруулна.
2023 онд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай Сангийн яамнаас мэдэгдээд байна. Үүнд:
– Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
– Экспортын бие хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ
– Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгоно
– Уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэг шат ахиулна
– Эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй салбаруудад либералчлал хэрэгжүүлнэ
– Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ
– Санхүүжилтийн эх үүсвэр, төрөлжилтийг нэмэгдүүлнэ
– Боомт, тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулна.
2023 оны сүүлийн хагас жилд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулна. Эдийн засаг таван хувиар өсөж, инфляци нэг оронтой тоо руу буюу 8 орчим хувьд барихаар энэ оны төсвийг баталсан юм.
ОУВС: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСАГ 4 ХУВИАР ӨСНӨ
ОУВС-ын судлаачид 2023 2024 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын таамаглалыг оны эхээр шинэчлэн танилцуулсан. Тэд 2022 оны сүүлчээр 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.4 хувьд хүрнэ гэж үзэж байсан бол энэхүү таамаглалыг удаа дараа бууруулсаар энэ удаад 2.9 хувийн гэсэн тамааглалыг гаргаад байна. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 1.2 хувь, хөгжиж буй орнууды нөсөлт 4.0 хувьд хүрнэ гэж үзжээ. Үүнд, БНХАУ-ын өсөлт 5.2 хувь, Энэтхэг улсын өсөлт 6.1 хувьд хүрэх бол Их Британи улсын эдийн засаг -0.6 хувиар саарна гэх таамаглалыг тус тус гаргаад байгаа юм.