Хүүхдийн мөнгө хүрэх ёстой бүлэгтээ хүрч чадахгүй байгаад иргэд бухимдсаар байна.
Тодруулбал, энэ оноос эхлэн нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Гэвч ямар шалгуураар , яаж олгож байгаа шалтгаанаа нийтэд ил болгоогүйн улмаас , хүүхдийн мөнгөнөөс хасагдсан олон айлууд нэгдэж бухимдлаа илэрхийлсээр байна. Тэдний төлөөлөл болгон, ээж охины хамт, өрх толгойлж амьдардаг А.Дөлгөөнөөс дараах мэдээллийг өглөө.
А.Дөлгөөн хоёр настай хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Түүний амьдарч буй байр нь өөрийнх нь өмч биш. Олон хүний дундын эзэмшил. Энэ байрандаа тэтгэврийн насны ээжтэйгээ мөн хамт амьдардаг. Түүний ээж хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас А.Дөлгөөн гэх эмэгтэй ганцаараа ажилладаг байна. Тогтсон цалинтай ажил эрхэлдэггүй, орлогоосоо хамаарч цалинждаг. Хүүхдийн мөнгөнөөс хасагдах хэмжээний баян чинээлэг биш тухайгаа бидэнд хэллээ.
Тэрбээр, “Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг хэр нь хүүхдийн мөнгө авах 91 хувьд орж чадахгүй байгаагаа үнэхээр гайхаж байна. Яг энэ асуудлаар надтай мянга гаруй хүн холбогдсон. Бидэнд адилхан асуудал тулгарсан гэсэн үг. Надад 3-4 машин байхгүй. Хуваариа бизнес эрхлэгч учраас улсад 10-аас дээш сая төгрөгийн татвар төлөх боломжгүй. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн энэ худал мэдээдллийг ажил болгож засуулсан боловч хүүхдийн мөнгө авах боломжгүй хэвээр байна. Зээл авъя гэхээр “ядуу” гээд гаргаж өгдөггүй. Ингээд хүүхдийн мөнгө авах гэхээр “баян” болчхоод байдаг.
Миний амьдарч байгаа байрыг олон хүн эзэмшдэг гэдгийг мэдэхгүй, ганцхан миний өмч гэж бодоод байгаад асуудал байна. Энэ мэт анзааргагүй бүртгэл мэдээллээс үүдэж мянга мянган өрх, хүүхдийн эрх зөрчигдөж байна.Энэ асуудалтай холбогдуулан шат шатны байгууллагад хандсан ч асуудлаа одоог хүртэл шийдэж чадаагүй. Үүний ард 5000 хүүхдийн эрх зөрчигдөж байна” гэлээ.
Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохдоо ямар шалгуураар тооцож буй талаар бид ҮСХ-ны мэргэжилтнээс тодруулсан юм.
ТУСДАА МАТЕМАТИК АРГАЧЛАЛААР ТООЦОЖ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЖ БАЙГАА
Ингэхэд,“Тухайн өрхийн сарын цалингаас гадна маш олон зүйлийг харгалзаж үзсэн. Гэр бүлийн гишүүдийн тоо, байр, машинтай эсэх, малтай юу гэх мэтээр тооцоолсон. Жишээлбэл, байртай бол байрных нь метр квадрат, машинтай бол хөдөлгүүрийн багтаамж хүчин чадлыг нь харгалзаж үзнэ. Ингэхдээ машиныг 2013 оноос өмнө, хойно гэж ангилна. Он залуу, үнэтэй машин байх тусам өрхийн орлого ахиу гэж тооцогдоод, хүүхдийн мөнгөнөөс хасагдах магадлал ихтэй гэж ойлгож болно. Мөн байрны том жижгээс ч хамаарна.
Аргачлалын тухайд, Бид тусдаа математик аргачлалаар тооцоолсон. Үүнийг шууд жишээ аваад тайлбарлахад төвөгтэй. Орлого бүрийг нь хамруулж тусгай аргачлалаар боддог” гэсэн юм.
Р.Цэцэгбаяр