“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат өчигдөр Төрийн ордонд эхэлсэн. Санал асуулгын гол зорилго нь улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмээнэ тодорхойлж байна. Гэхдээ цаана нуугдаж буй зорилго нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал болж байна. “Зөвлөлдөх санал асуулга үр дүнтэй байж чадах уу, Өнгөц төдий өөрчлөлт бидэнд хэрэгтэй юу” хэмээн зарим оролцогч асууж байсан нь ч анхаарал татах, содон өнцөг байлаа.
Энэ талаар албаныхан “Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх асуудлын хүрээнд ярихдаа парламентын төлөөлөх чадавх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх нь чухал үзүүлэлт болдог. Парламентын төлөөллийн чадавх нь сайн байвал Үндсэн хуульд туссан төлөөллийн ардчилал бэхжинэ. Монгол Улсын хүн ам 1992 онд 2 сая 154 мянга байсан бол өнөөдөр 3 сая 500 мянгад дөхөж байна. Иймд Үндсэн хуулийн үзэл санаагаа батжуулж, УИХ-ын гишүүдийн тоог 30 мянган хүн амаас нэг байхаар буюу 120 болгож, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх шаардлагатайг” гэж энэ үеэр мэдэгдсэн юм.
Мөн судлаач О.Машбат “Үндсэн хуулийг шинэчилсэн найруулгад хоёр янзын тайлбар байна. Нэгдүгээрт нь шинэ Үндсэн хуулийг батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн хоёр янзын тайлбар бий. Бид өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нийт заалтын 35 хувийг огт хөндөөгүй, парламентын засаглал, ардчилсан нийгмээс ухраагүй. Тиймээс шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй.
Монгол Улсын түүхээс үзэхэд үндсэндээ дөрвөн Үндсэн хуулийг сүүлийн зуун жилийн турш хэрэгжүүлсэн байна. 1924 оны Үндсэн хууль 16 жил, 1940 оны Үндсэн хууль 20 жил үйлчилж, 18 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бол 1960 оны Үндсэн хууль 31 жил үйлчилэхдээ 18 удаа нэмэлт, өөрчлөлт орсон, 1990 оны Үндсэн хууль 31 дэх жилдээ үйлчилж, гурван удаа өөрчлөлт орсныг тэмдэглээд өнөөгийн Үндсэн хууль нь Монгол Улсад хамгийн урт удаан, тогтвортой үйлчилж байна. Үүнийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тооноос харж болно” гэж байлаа. Товчхондоо зөвлөлдөх санал асуулга, уулзалтын эхний өдөр эрх баригчид “Бид Н.Энхбаярын Үндсэн хуулийг батлахгүй, хэлэлцэхгүй. Үндсэн хуулиа цоо шинээр өөрчлөхгүй. Гагцхүү гишүүдийн тоог нэмэх хүсэлтэй байгаа гэх зарчмын байр сууриа илэрхийллээ.