Говь-Алтай аймагт “Жангар” туулийн 17 бүлгийг 1000 сурагч, 200 гаруй ардын авьяастан алтай ятга, морин хуур, товшуур хөгжимтэй амилуулан хайллаа. “Баян алтайн магтаал”-ыг хайлж, эл арга хэмжээг нээсэн туульч, өв тээгч Л.Баатархүүтэй ярилцлаа.
Тэрбээр “Говь-Алтай аймаг өөрөө туулийн орон. Ачлалтай тогтсон 13 алтайн адаг, түшигтэй тогтсон 44 шархал бүхний эхэн болдог туулийн орон байхгүй юу. Нэг ёсондоо газар усны ийм онцгой байршил бүхий нутаг. Туульд, магтаалд гардаг ийм онцлогтой аймаг. Үүний сацуу “Жангар” туулийн гар бичмэл, дөрвөн ч олдвор Говь-Алтайгаас олдсон.
Бүх сум, орон нутгийн 1000 сурагч “Жангар” туулийг бүлэг, бүлгээр нь цээжилж ирсэн байна лээ. Тэгээд бүр тодорхой ая, дан гаргасан байна. Ингэж цээжилж, сурахад зургаан сарыг зарцуулсан байна лээ.
“Жангар”-ыг цээжлээд хайлсан энэ олон сурагчдаас авьяастай туульчид төрөхийг үгүйсгэхгүй. Тэгнэ гэдэгт нь итгэлтэй байна.
Энэ арга хэмжээг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар санаачлан, өв соёлыг дэмжээд хийсэн.
Би үүнийг өв тээгч хүнийхээ хувьд, Монгол соёл, өвийг сэргээсэн, амилуулсан гайхалтай их үүтгэл боллоо гэж бэлгэшээлээ.
Аливаа их туулийг хайлахын өмнө заавал баян Алтайгаа магтаж, тухайн газар усны эздийг аргаддаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу надад хүндэт урилга ирлээ. Тиймээс Говь-Алтайд очиж, “Баян алтайн магтаал”-ыг хайлж, энэхүү арга хэмжээг нээлээ.
“Жангар” их хатуу тууль. Тиймээс нэлээд аргадаж, зөөллөхгүй бол эрсдэлтэй. Тиймээс би туульч Баатаржавтай хамт зөвлөж, заалаа.
Ер нь хоёр шөнө хайлсан. Хоёрдугаар сарын 12-нд 07.30 минутаас эхлээд шөнө 02,30 минут хүртэл үргэлжилсэн. Маргааш нь 04.00 цагаас үргэлжлээд шөнө дунд хүртэл хайлаад дууссан.
Хүн бүхэн туульч болох боломжгүй. Туульч хүн тодорхой цаг үед төрдөг. Тэр олон мянган мөр шүлгийг цээжлэх ямар ч боломжгүй. Үүний сацуу тодорхой хэмжээнд туульчаас гарч байгаа онго, хөг, өгөгдөл гэж бий.
2012 онд Туульчдын урын сангийн улсын үзлэгт би хоёр бүтэн тууль хайлсан. Шөнө дамжиж хайлсан гэсэн үг. Төрөөс туульч гэдгийг батламжилсан тэмдэг надад олгож байлаа.
Одоо яг байгаа, өв соёлоо тээгээд авч яваа нь Алтайн Урианхайн туульчид. Бас дөрвөдийн туульчид байгаа. Баядаас мэр, сэр бий. Энэ хэд маань л байна. Нэг ёсондоо тууль бараг мартагдаад, түүх болж үлдэж ч мэдэх эгзэгтэй цаг үе дээр байгаа.
Тууль бол ямар нэгэн шарын шашин, бөө мөргөл биш. Зан үйл. Яг Монголын оюун санааны бүтээл гэдэг талаас нь илүү хараасай.
Туулийг хүн төрөлхтний нэн яаралтай хамгаалах соёлын биет бус өвд 2009 онд бүртгэсэн. Яалт ч үгүй хамгаалж, тодорхой хэмжээнд дэмжих шаардлагатай өв мөн үү мөн. Өнөөдрийн байдлаар төр, засгаас “Наашаа, май” гээд дэмжсэн юм бол байхгүй. Ер нь аливаа дэмжлэг байж өв тээгчид урамшиж, шавь нар бэлдэх боломж үүсдэг юм байна лээ.
Говь-Алтайд зохиогдсон, “Жангар” туульсын энэ арга хэмжээг би бэлгэшээж хүлээн авч байгаа. Надад ямар хүлээлт байна вэ гэхээр, магадгүй Говь-Алтай аймагт Жангар гэдэг нэртэй туульсын ордон барьчхаасай. Түүнийгээ дагаад маш сайхан туульсын баатрын байгууламжууд баригдаасай. Магадгүй одоо байгаа өв тээгч, туульчдаа урьж аваачин, туулиа хайлуулбал хэчнээн сайхан бэ. Үүгээр дамжуулан өв соёлоо сурталчлах, жуулчдыг татах боломж бүрдэнэ” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.