“Малчин эмэгтэйчүүд- манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөний үеэр Говь-Алтай аймгийн Цээл сумын малчин Н.Баяраатай ярилцлаа. Тэрбээр эмэгтэй малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Н.Баяраа “Энэ жил манай нутагт өвөлжилт хүнд байна. Олон жилийн дунджаас маш их хүйтэн байлаа. Цас, зуд ихтэй байна. Цаг хүнд байгаа ч малчдынхаа дуу хоолой болъё, мянга, мянган малчдынхаа үгийг хүргэе гээд энд зориод ирлээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан энэ зөвлөгөөн ач холбогдол, үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Малчин эмэгтэйчүүдэд, мянга, мянган малчдад тулгамдаж буй асуудлыг нэг нь нийгмийн даатгал. 2000 онд нөхөн төлсөн шүү дээ. Тэгэхэд хөдөөгийнхөн мэдээлэл муутайгаасаа болоод маш их хоцорсон. Хойно нь халаглаж, амаа барьж буй хүмүүс зөндөө. Одоо ингээд чуулганд оролцоод, мянган км туулаад Төрийн ордонд орж ирснийх үүнийг дамжуулж хэлмээр байна. Дамжуулж хэлээд өгөөрэй гэж манай малчид надад хэлсэн.
Нийгмийн даатгалыг дахиад таван жилээр ч юм уу нөхөн төлөх боломж олгож өгөөч ээ гэж хүсье.
Эмэгтэй малчдад эрүүл мэндийн асуудал хүнд байна. Сум дотроо нэгнээ таньдаг болохоор эмнэлэгт үзүүлэхэд учиртай. Болоод л байдаг юм. Аймаг, Улаанбаатарын эмнэлэгт үзүүлэх гээд явахаар очер, дараалал, хүнд суртал их. Би жил бүр бамбайн шинжилгээ өгдөг. Түүнийгээ өгье гэхээр зургаа хоног хүлээх шаардлага гарч байгаа юм. Би эрүүл мэнддээ хэчнээн анхааръя гэж бодсон ч дахиад тийм олон хонох боломжгүй. Хөдөө бүл муутай. Арагшаагаа яардаг, айлд олон хонох шаардлага гардаг. Очих айлгүй хөдөөгийнхөн эмнэлгийн сандал дээр хонодог юм байна лээ.
Нөхөр бид хоёр одоо 40 гаруй настай. “Тэтгэвэр автал хаа юм бэ. Болоогүй байна” гээд хэнэггүйтэж яваад 40 гарсныхаа дараа “Хоёулаа нийгмийн даатгалаа төлье” гэсэн чинь амьдрал дээр нэг зүйл байсан.
Тэр нь юу вэ гэвэл, нөхөр бид хоёр нийгмийн даатгалаа 10, 10 жилээр нийлүүлээд төлье гэхээр 10 сая 800 мянган төгрөг шаардлагатай болсон. Шууд тийм хэмжээний мөнгө гаргах боломжтой малчин хэд билээ. Олонх малчин таван жилээр нийгмийн даатгалаа төлсөн. Нэг нь даатгалаа 10 жилээр төлөөд, нөгөө нь огт төлөөгүй малчин хөдөө олон бий.
Хониныхоо бэлчээрт, сумын төвд “Яана аа тэтгэвэрт гарах дөхлөө. Яана аа” гэсэн малчид зөндөө байгаад байгаад. Гэтэл яг энэ асуудлаа хөөцөлдөж, дамжуулж хэлдэггүй юм байна гэдгийг би анзаарсан. Дотроо л бухимдаад яваад байдаг” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.