“Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас оролцсон Э.Лхагважавтай уулзлаа. Тэрбээр сүүлийн үеийн малчид малаа саахгүй, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлсэн юм.
Тэрбээр “1000 эмэгтэй малчныг ингэж цуглуулж, уулзуулсан Монголын эмэгтэйчүүдийн холбоонд баярлаж байна.
Би 56 жил мал маллаж байна. Манай нутагт энэ жил ган болсон, өвс ургамал муутай. Өвөлжин малаа тэжээжлээ. Энэ өвөлжин зүтгэлээ, одоо ч зүтгэж байна, малчин бид.
Эмэгтэй малчдад тулгамдаж буй асуудал байлгүй яах вэ. Үнэхээр амьдрах гэж ядаж байна, эмэгтэй малчид. Үр хүүхэд нь сургуульд ороход нөхөр нь хөдөө, эхнэр нь төв дээр байдаг шүү дээ. Хоёр амьдралтай л байна, одоогийн малчид.
Одоогийн малчид малаа саахаа больчихлоо. Үхрээ ч саах нь ховор байна. Залуучуудыг мал саалгаж сургамаар байна. Хонь, ямаагаа саамаар байна. Үндэсний үйлдвэрлэлээ цаанаас нь дэмжмээр байна. Сүүг нь авбал малаа саана шүү дээ. Малчид өөрсдөө борлуулж чадахгүй байна шүү дээ, олон малын цагаан идээг.
Хүүхдийн мөнгийг алагчилж өгдөг хамгийн буруу. Олон малтай хүн малдаа зүтгээд, хэдэн хүүхэд бойжуулсан. Хүүхдүүдэд нь өгч байсан таван төгрөгөө олгохоо больчихоор зарим нь гомддог л юм байна шүү.
Малын арьс, ширийг авмаар байна, үнийг нь өсгөмөөр байна. Үнэ ханшгүй учраас малчид малынхаа арьс, ширийг үмхийрүүлээд хаячихаж байна. Аймагт ч болтугай үйлдвэртэй болох хэрэгтэй.
Аргагүйн эрхэнд энэ жилийн идэшнийхээ арьсаар хашааныхаа дээврийг дулааллаа. Хаячихалтай нь биш.
Би сур, арьс элддэг. 35 жил дээл оёлоо. Малчдын юм ерөөсөө үнэгүй байна. Ченжийн гараар дамжчихаж байна. Тэгээд л “Мал, мах үнэтэй байна” гээд хүмүүс шүүмжилдэг. Тэр мөнгө нь малчдын бус ченжүүдийн халаасанд ордог. Энэ жил Хонины мах манай нутагт үнэ хүрсэнгүй. 4800 дээд тал нь 5000 төгрөг хүрлээ. Энэ асуудлыг шийдэж өгмөөр байна” гэлээ.