Улаанбаатар хотод долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол, гэр хорооллын 81 хувь, нийт барилга байгууламжийн 48 хувь нь гамшигт өртөх магадлалтай.
Энэ талаарх судалгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан байна. Манай улсад наймаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт, 1900 оноос хойш гурван удаа болсон. Хамгийн сүүлийнх нь 1957 он байсан байна. Хүчтэй газар хөдлөлт болоход давтамжийн хугацаа гэж бий. Энэ нь 50-100 жилийн зайтай байдаг. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн болзошгүй гамшиг бидэнд тохиолдох магадлалтай гэсэн үг юм.
Тэгвэл байгалийн аюулт үзэгдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн менежер, дэд хурандаа М.Цогтбаяраас тодрууллаа.
Тэрбээр, “Газар хөдлөлтийн болзошгүй гамшиг болохоос өмнө иргэд гэр болон ажлын байрныхаа аюулгүй байдлыг маш сайн хангасан байх ёстой. Хүчтэй газар хөдлөлт нь жижиг байшинд илүү мэдрэгддэг бол зөөлөн газар хөдлөлт өндөр байшинд ихээр мэдрэгддэг байна.
Хэрвээ өндөр барилга дотор ажиллаж, амьдардаг бол газар хөдлөлтийн үед аюулгүйн хана руугаа шахаж зогсох нь зүй. Ер нь газар хөдлөлт болохоос өмнө ажлын байр, амьдарч буй газраа үнэлэх хэрэгтэй. Цонх, даацын хана, цутгамал хана нь аль хэсэгт байдаг гэдгээ сайн мэдэх нь чухал. Газар хөдөлж байх үед аль болох хана руугаа шахаж, нуугдах, хүлээх зэрэг арга хэмжээг авах ёстой юм. Хүлээнэ гэдэг нь тархи толгойгоо гэмтээхээс хамгаална гэсэн үг.
ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛСОН ГАЗРУУД ДАХИН ХӨДЛӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ
Улаанбаатарыг тойрч, газар хөдлөлт цөөнгүй болж байсан. Энэ газруудад газар хөдлөлт дахин болох магадлал өндөр. Долоогоос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болж байсантай холбогдуулан, Улаанбаатарт энэ хэмжээний гамшиг тохиолдвол ямар хохирол учрах вэ гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэн, Жайкатай хамтран судалгаа гаргасан. Энэ судалгаанд дурдсанаар, барилга байгууламжийн 48 хувь нурах магадлалтай. Түүнд амьдарч буй 7500 орчим хүн гэмтэж, бэртэх, өртөх аюултай. Гэр хорооллын 81 хувь нь нурах магадлалтай гэсэн тооцоолол гарсан байгаа. Газар хөдлөлтийн үед хоёрдогч гамшиг үүсэх аюултай. Өөрөөр хэлбэл гал алдах зэрэг асуудал үүнд нөлөөлж буй юм.
Тиймээс эхлээд гэр орныхоо аюулгүй байдлыг хангаж, тавилга хэрэгслээ зөв байрлуулчихвал осолдох магадлал багасдаг. Жишээ нь манайхан ихэвчлэн өөр лүүгээ харуулж, шкафаа байрлуулдаг. Шкаф нь өргөн талаараа унадаг учраас орон дээр унах магадлалтай байдаг. Мөн манайхны тогтсон жишиг нь унтдаг орныхоо толгой дээр нутаг, усныхаа зургийг хүнд жаазанд хийж ханандаа тогтоочихдог. Энэ нь осолдох эрсдлийг нэмж буй хэлбэр. Зориулалтын дэгээнд нь тогтоох ёстой. Дээрээс нь савлах хөдөлгөөнгүй байлгахын тулд ард нь наалт хийх эь чухал.
Болж өгвөл унтдаг орныхоо толгой дээр аливаа зүйлийг өлгөхгүй байх нь таны аюулгүй байдлыг хамгаалах шийдэл болж өгнө. Энэ мэтчилэн гэрийнхээ тавилгуудыг зориулалтын материалаар ханатай наахыг зөвлөж байна.
Түүнчлэн цонхныхоо хөшгийг хааж унтах, эсвэл наалт наах хэрэгтэй. Энэ шил хагарч таныг гэмтээх үйл явцыг сааруулна” гэлээ.