Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг тав дахь жилдээ “ЁС ЗҮЙН ҮНЭ ЦЭН: ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАДГАЛЖ, ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХ НЬ” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нийгмийн сүлжээнээс ялгарч, үзэгч, уншигч, сонсогчдынхоо итгэлийг олж авахын тулд ёс зүйн зарчмаа баримтлах, мэдрэмжтэй мэдээлэх, нийгмийн бүхий л төлөөллийн дуу хоолойг ижил тэгш зарчмаар хүргэдэг байх нь чухал. Ингэж байж, хэвлэл мэдээллийн байгууллага эрх чөлөөгөө хадгалж, олон нийтийн итгэлийг олж авна гэдгийг энэ үеэр онцолсон юм. Ингээд зарим сэтгүүлчийн байр суурийг хүргэе.
МҮОНРТ-ИЙН МОНГОЛЫН МЭДЭЭ СУВГИЙН РЕДАКТОР Б.ПҮРЭВ: СЭТГҮҮЛ ЗҮЙ “ДАБЛ СТАНДАРТ” ТОГТООХ ТУСАМ ҮЗЭГЧ, УНШИГЧАА АЛДАНА
“…Английн ВВС телевиз 50:50 нэртэй төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Энэ нь сэтгүүл зүй бүх талыг оролцуулдаг, тэдний дуу хоолойг нь сонсдог байя гэдэг агуулгатай. Хэвлэлүүд мэдээлэл түгээхдээ зарим нэг талыг нь үлдээгээд байна гэдэг асуудлыг хөндөж байна. Жишээлбэл, дэлхий дахинаа хэвлэлээр ярилцлага өгч байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Насны хувьд ялгаж байна. Улстөрийн үзэл бодол, намаар нь хувааж байна. Эрх барьж байгаа намыг түлхүү гаргадаг, срөг хүчин, хүч багатай талуудыг нь орхиж байдаг. Алслагдсан хороо, дүүрэг, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, хөдөө орон нутгийг бага гаргаж байна. Үндэсний цөөнхийг орхигдуулж байна. Сэтгүүл зүй ялгаварлан гадуурхалтыг, дабл стандартыг их болгох тусмаа ардчиллын суурь үнэт зүйл, орон ургальч үзэл алдагдаж байна. Үүнээс болоод итгэл хүлээлгэх нь багасч байна, итгэхгүй байна. Тиймээс бид бүх талын оролцоог хангах дэлхий нийтийн жишиг рүү явах ёстой. Ингэж байж үзэгчдийнхээ итгэлийг олж авна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ЗӨВЛӨХ Б.МӨНХЧИМЭГ: ХЭВЛЭЛҮҮД ҮЗЭГЧ, УНШИГЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХУЙЦ КОНТЕНТ НИЙЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Өнөөдөр редакцууд “Хүмүүс бидэнд итгэхгүй байна ярьж байна. Ялангуяа, залуусаас асуухаар хэвлэл мэдээлэлд итгэдэггүй гэж хариулдаг. Яагаад гэдгийн шалтгааныг олохын тулд залуучууд сониноос, телевизээс, мэдээллийн сайтуудаас өөрсдийнхөө төлөөллийг харж чадаж байгаа юу гэдгийг бид асуух хэрэгтэй болно. Үзэгч, уншигчдын итгэл буурч, мэдээ үзэх хүн цөөрөөд байгаа энэ үед хэвлэлүүд олон нийтийн хэрэгцээ шаардлагыг мэдэх, чанартай контент нийлүүлэх, тэр хүний дуу хоолой болохуйц эх сурвалжуудыг олж оруулах дээр л бид анхаарах хэрэгтэй байна.
МОНГОЛЫН БАРИМТ ШАЛГАХ ТӨВИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ДУЛАМХОРЛОО: ОЛОН НИЙТ МЭДЭЭЛЭЛ АВАХ СУВГАА ЗӨВ СОНГОХ ЧУХАЛ БАЙНА
Асуудлыг сууриар нь аваад үзвэл, олон нийт мэргэжлийн редакцтай, ёс зүйгээ баримталдаг хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллээ авдаг байх нь тухайн хүнийг буруу ташаа мэдээлэлд хөтлөгдөж, алдаатай шийдвэр гаргаж, эдийн засгийн, эрүүл мэндийн хохирол хүлээхээс сэргийлдэг, маш чухал ач холбогдолтой. Үүнийгээ ч хэвлэлийнхэн бид ярьж, таниулах чухал байна. Mongolian fact checking center төвийн шалгаж байгаа нийт мэдээллийн дийлэнх нь хувь хэрэглэгчдийн мэдээлэл байна. Мэргэжлийн редакцаас гарч байгаа буруу ташаа мэдээлэл ховор байдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Тэгэхээр олон нийт ёс зүйтэй хэвлэлэс мэдээлэл авснаараа өөрөө хохирохгүй шүү. Мэдээлэл авах сувгаа зөв сонгох хэрэгтэй” гэдэг агуулгыг хэвлэлийнхэн бид өөрсдөө таниулахад анхаарах цаг болсон байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.