Цахим сүлжээнд төгс зургаа тавих гэж хичээх, эсвэл өдөрт олон төрлийн сельфи хийх зэрэг нь тухайн хүнийг сэтгэл хангалуун бус байхад нөлөөлдөг талаар клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул хэлж байна. Мөн тэрбээр, хүн өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрлаж сурснаар сэтгэл зүйн төрөл бүрийн эмгэгээс сэргийлэх бүрэн боломжтой байдаг тухай онцоллоо.
-Хүмүүс нийгмийн сүлжээнд бусадтай өөрийгөө харьцуулах тохиолдол их анзаарагдаад байна. Энэ нь ямар нэг сөрөг нөлөөтэй юу?
-Төгс зүйлийг эрмэлзэж байна гэдэг нь тухайн хүн дотроо сэтгэл хангалуун бус байгаатай холбоотой. Хүн бүр өөрийнхөө бие хүнийг бүтээхийн тулд бусадтай өөрийгөө жиших адилтгах хэрэгцээ байдаг. Энэ нь өөрийнхөө хэн бэ гэдгийг олоход, бүтээхэд тусалдаг гэсэн үг. Тухайн хүнээсээ сайн зүйлийг нь олж хараад даган дуурайж байвал энэ муу биш. Харин энэ нь ямар үед тухайн хүний өөрийн үнэлэмжид нөлөөлж эхэлдэг гэхээр, бусдыг хэт тахин шүтэх, өөрийгөө дорд үзэх үзэл. Нөгөө талаараа өөрийгөө хэт тахин шүтээд бусад хүмүүсийг дорд үзэх үзлийг хэлж байгаа юм. Энэ нь хоёулаа тухайн хүний өөрийн үнэлэмж сөрөг байна гэдгийг илтгэж байдаг.
-Энэ нь юутай холбоотой вэ?
-Сэтгэл зүйн хэрэгцээ хангагдахгүй байгаагийн шинж. Хүүхдэдээ хайртай гэдгээ хэлэх, хүүхдийг бие хүний онцлогоор нь хүлээж авах, хүлээн зөвшөөрөх, өөрөөр хэлбэл хэт хянаж цагдахгүй байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ хэт өөрийнхөөр нь байлгах гэж хичээдэг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмж доогуур болоход нөлөөлдөг. Тэгэхээр багаасаа өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмж доогуур байх тохиолдолд сэтгэлээр унаж эхэлнэ. Тэгээд өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Хуурамч дүрийг яагаад сошиал дээр хүмүүс бүтээгээд байна вэ гэвэл цаагуураа хүмүүс намайг гэнэ, хүмүүст би илүү их хайрлагдана гэдэг мэдрэмж байгаа учраас хичээгээд байна гэсэн үг. Энэ нь цаанаа хэн нэгэн хүнд хайрлагдах, хүндлэгдэх, ойлгогдох хэрэгцээ байгааг илтгэж байгаа. Тэр хэрэгцээ хангагдахгүй болоод ирэхээр энэ нь өөрийн үнэлэмж доогуур байх гол үндсэн суурь болдог.
-Тэгвэл энэ мэдрэмж багаас байсан бол тийм амархан алга болохгүй байх нь ээ?
-Гадаад дүр төрхөндөө анхаараад, эрдэм мэдлэгтэй болсноор өөртөө итгэлтэй болоход тодорхой хэмжээгээр нөлөөлж болно. Гэхдээ энэ нь дотоод өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмж байгаа хүчин зүйлүүд биш. Филтертэй зураг авахаар мэдээж хүний бүх юм нь өөгүй сайхан харагдана шүү дээ. Гэтэл яг бодит амьдрал дээр харахаар өө сэвтэй байдаг. Энэ нь бодит байдалтай нүүр тулахгүйгээр өөрийгөө үгүйсгэж байгаа нэг хэлбэр. Хэдийгээр тухайн хугацаанд өөртөө болон бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа юм шиг санагдавч дотроо улам сэтгэлээр унах, гутрах, өөрийгөө илүү их голох мэдрэмжийг бий болгодог. Энэ нь цаашлаад сэтгэлээр унах, сэтгэл гутралд оруулах аюултай.
-Энэ тохиолдолд тухайн хүн юун дээр анхаарах ёстой вэ?
-Хамгийн гол нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд, өөрөө өөрийгөө ойлгож, хайрлах нэн тэргүүнд чухал. Тэгэхээр сэтгэл зүйн хэрэгцээ ерөөсөө харилцаанд хангагддаг. Харилцаанд хангагддаг гэхээр өөрийг чинь яг байгаагаар нь ойлгож сонсдог, хүлээж авдаг найз нөхөд хүмүүстээ илүү их цагийг гаргах хэрэгтэй. Аль болох сошиалд гаргаж байгаа цагаа багасгаж өөрийгөө хайрлаж байгаа тэр хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлээрэй. Энэ нь амьд, эрүүл, зөв харилцаа юм.
-Ярилцсанд баярлалаа