Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аар баталсантай холбоотойгоор “Төр хэвлэлийн эрх чөлөөг дордууллаа, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж байна гэх асуудлыг хөндөж байна. Энэ асуудлаар бид Глоб интернэшнл төв ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Түүний хөндсөн гол агуулгуудыг хүргэж байна.
ХУЛГАЙН АРГА ЗАМААР ХУУЛЬ БАТАЛЖ БОЛОХГҮЙ
Хууль зөрчиж хууль баталж болохгүй. Хулгайн арга замаар, олон нийтээсээ нуугаад хуулийг хэлэлцэх боломж байхгүй. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн байгаа юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Үндэсний эдийн засгийг хамгаалахтай холбоотой асуудлыг нэн яаралтай хэлэлцэхээр хуульчилсан. Гэтэл Хүний эрх, эрх чөлөөний тухай хуулийг анх удаагаа яаралтай горимоор хэлэлцлээ. Нэгдүгээр сарын 18-нд Засгийн газраас УИХ-д хуулийн төслийг өргөн барьж, 19-нд холбогдох байнгын хороогоор хэлэлцээд, 20-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэж баталж байгаа нь “анхаарлын тэмдэг” юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гэсэн юм бол Хууль тогтоомжийн тухай хуульд заасан холбогдох олон үе шатыг хангах ёстой. Манай улсад нийгмийн сүлжээ ашиглаж буй 2 сая гаруй иргэний дунд хэлэлцүүлэг явуулах учиртай байсан. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагууд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ тусгуулах ёстой байсан боловч энэ бүх процесс алдагдсан. Монгол улс түүхэндээ анх удаа буюу 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиас хойш гурав хоногт хууль баталдаг жишгийг тогтоолоо. Үүнтэй бид эвлэрч болохгүй. Учир нь энэ нь сөрөг үр дагавартай. Хууль өөрөө дур зоргын шинжтэй болно, улстөрчийг хамгаалах арга хэрэгсэл болно. Нийгмийн аюулгүй байдлыг хангах бус, хэсэг бүлэг хүний эрх ашигт үйлчлэх боломжтой болох учраас үүний эсрэг хатуу байр суурьтай байна.
ЖУРМААР ШИЙДЭЖ БОЛОХ АСУУДЛЫГ ХУУЛИАР ХҮЧ ТҮРЖ БОЛОХГҮЙ
Хууль тогтоомжийн тухай хуулиар олон судалгаа хийхийг шаардсан байдаг. Батлах гэж буй хуулийн үр нөлөө, тандан судалгаа, олон улстай харьцуулсан судалгааг хийх ёстой. Гэвч судалгаа огт хийгдээгүй. Парламент.мн сайтад байрлуулсан, нэгдүгээр сарын 18-нд өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлал дээр үүнийг огт тусгаагүй. ЦХХХЯ-наас тайлбарлахдаа “Өнгөрсөн хугацаанд энэ хуультай ижил төстэй 10 хуулийн төсөл өргөн барьсан” гэж хэлсэн. Гэвч ийм олон төсөл байгаагүй шүү дээ. Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуультай болно гэж заасан байдаг. 2021 онд ХЗДХЯ дээр энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг хичнээн удаа хуралдсан юм бэ, ямар үр дүн гарсан юм? Ажлын хэсэг нь яг ямар хуулийн төсөл боловсруулсан юм бэ гэдэг мэдээлэл нь огт байхгүй байна. Нөгөө талаас, нийгмийн сэтгэл зүйд хөтлөгдөж хуулийг баталж болдгийн жишээг бас харууллаа. Хуулийн төслийн анхны хувилбарын 6.1.3 дахь заалтад “Бусдыг цахим орчинд заналхийлэх, бусдын нэр төрд халдсан контентыг зөрчилтэй гэж үзнэ” гэж тусгасан байсан. Мөн 6.3 дахь заалтад “Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр байршуулахыг хориглоно” гэж заасан. Салаа утгатай, стандарт бус заалтуудыг тусгачихсан байсан. Журмаар зохицуулж болох харилцааг заавал хуульчлах хэрэг юу байсан юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Олон хууль зөрчиж улайран баталсныг “Улстөрийн зорилготой, увайгүй үйлдэл, шинжлэх ухаанч бус” гэж харахаас өөр арга алга.
ИРГЭДИЙН ЖАГСААЛ ЦУГЛААНД ОРОЛЦОХ, ҮГЭЭ ХЭЛЭХ БОЛОМЖИЙГ ХААХ НЬ
Олон улсын жишгийг харахад, зарим улс оронд нийгмийн сүлжээг зохицуулах хууль батлаад эхэлж байна. Тухайлбал, Франц, Герман, Итали, Австралийн жишээ бий. Яг манай улстай ижил төстэй хуулийг 2015 онд ХБНГУ баталсан. Сүүлийн 7 жилийн хугацаанд үр дүнд тийм сайн байсангүй гэж Германы эрдэмтэд хэлж байгаа. Хуулийнх нь дагуу тус улсад Фэйсбүүк компани төлөөлөгчийн газраа нээж, hate speech буюу үзэн ядах үг хэллэгтэй тэмцэж байна. Гэхдээ манай жижиг зах зээл дээр томоохон тоглогч компаниуд орж ирэх үү, төлөөлөгчийн газраа нээх үү гэдэг асуудал ч энд гарч ирж байгаа юм. Хуулиар 300 мянга ба түүнээс дээш хэрэглэгчтэй бол Монгол улсад суурин төлөөлөгчийн газраа байгуул гэж заасан.
Хуулийг дагалдуулж дөрвөн хуульд өөрчлөлт орж байна. Нийгмийн харилцаа өргөн. Өнөөдөр Монгол улсад 840 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Бас л судалгаа тооцололгүй хандсаны жишээ нь энэ. Энэ хуулийг дагаж, дөрөвхөн хуульд өөрчлөлт орохгүй ээ. Харилцаа холбооны тухай хуульд орж буй өөрчлөлтийг аваад үзвэл “Засгийн газрын хууль зүйн асуудал эрхэлсэн гишүүн буюу сайд онцгой байдал үүссэн гэж үзвэл санал гаргаад, нийгмийн сүлжээг хэсэгчлэн, эсвэл нийтэд хаана” гэж оруулсан. Ингэснээр жагсаал цугсаал байхгүй болох нь ээ. Мөн жагсаал цуглааны агуулгатай постыг шэйр хийх, коммент үлдээх бололцоогүй болж байна.
ЗАСГИЙН ГАЗАРТ ИРГЭД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖИЙГ ХҮЧЭЭР ХААЖ БАЙНА
Зөрчилтэй контент гэдэгт 12 төрлийн контентыг хамааруулсан. Гэхдээ үүндээ яаж зөрчилтэй гэж үзэх, оруулах вэ гэдгээ тодорхой тусгаагүй. Гэвч зөрчилтэй агуулгууд нь бүгд тус тусын хуулиараа шийдэгдээд байна. Садар самуунтай тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай гэх мэт. Гэтэл зөрчилтэй контентын тархалтыг 72 цагийн дотор бууруулах, хаах хязгаарлах арга хэмжээг авах гэж байна. Хууль батлагдсанаар олон нийттэй харилцах нэгж байгуулагдах нь. Тэр нэгж ямар бүрэн эрхтэй, бүтэцтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй. Хуулиа ингэж баталсан юм чинь журмаа улстөрийн зорилгоор, ойлгомжгүй батлах нь ойлгомжтой. Хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн амьдралд маш олон сөрөг үр дагавар гарна. Тухайлбал, сонгуулиар иргэд хэн нэгнийг дэмжих үед, тэр нь эрх баригчдад таалагдахгүй бол хязгаарлах нь. Ингэснээр шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг зарчмыг уландаа гишгэнэ. Засгийн газар субъектив байдлаар хууль хяналтын байгууллагынхны үүргийг хүлээж аваад, хаах хязгаарлах арга хэмжээг авах бололцоог бүрдүүлчихлээ. Сүүлийн хэдэн жилд ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудал гарлаа. Цаашилбал маш олон хулгай байна. Гэтэл шударга шүүмжлэл өрнүүлэх, хулгайтай тэмцэх боломжийг Засгийн газар хүчээр хааж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ЁСТОЙ
Ийм хуулийг хүч түрж баталсны хор уршиг олон зүйл дээр илэрнэ. Шударга ёсны, сайн засаглалын, хэвлэлийн эрх чөлөөний гэх мэт олон индекс буурна. Цахим орчинд шүгэл үлээж болохоо болилоо. Ингэхээр дараа дараагийн удаад батлагдан гарах хуулиудад маш том тээг саад болж байна. Хуулийг шинжлэх ухаанчаар батлах ёстой болохоос биш, дур зоргын байдлаар хандаж болохгүй. Олон нийтийн саналыг л авч, процессын дагуу л бүх зүйлийг явуулах ёстой. Ерөнхийлөгч энэ хуульд бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих ёстой. Учир нь Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Аль нэг намын харьяат бус, улстөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөх субъект биш. Нөгөө талаас хууль дээдлэх, тэгш эрхийн гэх мэт олон зарчмыг уландаа гишгэж баталсан хууль учраас Үндсэн хуулийн цэцийн харьяалалд шийдвэрлэх асуудал мөн. Гомдол мэдээлэл гаргавал цэц харьяалалдаа авах ёстой. УИХ хуулиа хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах эрхүүд нь ч бас нээлттэй байгаа. Энэ механизмийг бид шаардах ёстой. Ингэхгүй бол иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрх ноцтой зөрчигдөж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.