Өнгөрсөн байгаа долоо хоногийн турш хүүхдийн мөнгөний асуудал олон нийтийг бухимдууллаа. Энэ оноос эхлээд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор 2023 оны улсын төсвийг баталсан. Өнгөрсөн онд 18 хүртэлх насны 1 сая 250 мянган хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгодог байсан бол энэ оноос 78 мянган өрхийн 113 мянган хүүхдийг үүнээс хасаж байна. 2023 онд хүүхдийн мөнгөнд 1,3 их наяд төгрөг зарцуулна. Харин 9 хувийг хассанаар 10 тэрбум төгрөг хэмнэж байна.
Яагаад хүүхдийн мөнгөний асуудал үүсэв гэдгийг хоёр хэсэгт авч үзэж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, бүртгэлийн асуудал, хоёрдугаарт тооцох аргачлал.
ЗЭЭЛТЭЙ БОЛ АМЬЖИРГАА БОЛОМЖИЙН АЙЛ ГЭЖ ТООЦЖЭЭ
УБЕГ, Татварын Ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг нийт зургаан байгууллагыг ҮСХ нэгтгээд мэдээллийн бааз үүсгэсэн. Гэтэл энэ байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байснаас үүдэж асуудал гарсан. Зарим айл олон хүүхэдтэй, эсвэл хүүхэдгүй гэж гарч байгаа нь иргэд хаягийн давхардлаа арилгаагүйтэй холбоотой гэж албаныхан тайлбарлалаа. Жишээлбэл, та хашаа байшин худалдаж авлаа гэж бодъё. Гэтэл өмнөх айл нь бүртгэлээ хасуулаагүй бол тухайн айлын хүүхдүүд танай гэр бүлийн гишүүд дээр нэмэгдэж харагдаж байна. Иргэдийн хариуцлагагүй байдалтай холбоотой байна гэж хэлсэн юм.
Өнөөдөр иргэдээс шалтгаалсан асуудал байна уу гэвэл байна. Бас шалтгаалаагүй, хаяг мэдээллээ шинэчилсэн хүний мэдээлэлд алдаа заасан асуудал гарлаа. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл нь алдаатай, ийм зөрүүтэй байхад яагаад одоо л мэдэж байгаа юм бэ, төр мэдээллээ яагаад хянаж, тулгадаггүй байсан юм бэ гэдэг асуудалд энд гарч ирж байгаа юм. Манай улсад цахим үндэстэн бодлого хэрэгжиж байгаа. Гэвч Шат шатандаа уялдаа холбоогүй ажиллаж ирсэн нь хүүхдийн мөнгөний асуудлаас ил боллоо гэж хэлж болох юм.
Хоёрдугаар асуудал. Тухайн айлыг хүүхдийн мөнгөнд хамруулах аргачлал. Төр амьдралаас тасарсан аргачлал иргэдээ алагчиллаа гэдэг асуудал яригдлаа.
10-р сард 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа Сангийн яам ҮСХ-ний өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнд үндэслэсэн байдаг юм байна. Энэ бол тогтмол хийгддэг судалгаа. 50 мянга гаруй өрхийг түүврийн аргаар сонгоод, өрхийн амьжиргаа ямар байгааг тодорхойлдог. Хамгийн сүүлийн судалгааны дүнгээр нийт өрхийн 9 хувь нь сарын 3,5 сая ба түүнээс дээш орлоготой байсан учраас шууд энэ дүнгээр тооцож, улсын төсөвт тусгасан. Ингээд 91 хувьд мөнгө олгоё гээд шийдсэн.
Гэтэл явцын дунд ажлын хэсэг хуралдаад, түүвэр судалгаагаар айлуудын амьжиргааг дүгнэх өрөөсгөл байна. Нийт өрхийн амьжиргааг 50 мянган айлаар дүгнэх буруу гэж үзсэн байна. Ингээд орлогыг орлуулан тооцох аргачлалаар,төрд бэлэн байгаа мэдээллийг үндэслээд өрхийн орлогыг тооцсон. Шинэ аргаар тооцоод дүнгээ гаргаад ирэхэд хуучин судалгаанаасаа зөрчихсөн. 9 биш, нийт өрхийн 30 орчим хувь нь мөнгөнөөсөө хасагдахаар нөхцөл байдал үүссэн байна.
Хамгийн гол асуудал нь, орлогыг орлуулан тооцох аргачлалд олон асуудал байна. Энэ аргаар Айлуудыг амьжиргааг үнэлэхдээ гэр бүлийн гишүүдийн сарын цалингаас гадна, байр, машин, малын тоо зэргийг нь харгалзаж үзсэн байдаг. Хэрвээ он залуу, үнэтэй машин унадаг бол хүүхдийн мөнгөнөөсөө хасагдах магадлал ихтэй. Бас, амьдардаг байрных нь метр квадрат илүү том байх тусам чинээлэг айл гэж үзэж тооцсон байгаа юм. Ингээд яахаараа би орлого муутай мөртлөө, арай илүү боломжийн байранд амьдарсныхаа төлөө чинээлэг айлын ангилалд багтах ёстой юм бэ гэдэг асуудал гарч байгаа юм.
Энэ аргачлалын бас нэг алдаа бий. Өрх нэг бүрийн амьдралын түвшинг нарийвчилж судалж байгаа бол тэр айл хэр зарлагатай вэ гэдгийг ч бас харгалзах ёстой. Гэтэл зөвхөн орлого, эд хөрөнгийг нь л тооцоолчихсон. Сарын цалингаа тэр чигт нь ипотекийн зээлдээ өгөөд, хэрэглээгээ залгуулж яваа дундаж өрхүүдийг шууд л байртай юм чинь… боломжийн айл гэж бүдүүн баргаар тооцсон нь бухимдлын гол шалтгаан болчхоод байгаа юм.
Өмнө нь айлуудаар яваад танайх хөргөгчтэй юу, угаалгын машинтай юу гэж асуудаг байсан. Харин энэ асуудад зардал хэмнэж бэлэн мэдээллээ ашиглаж байна. Энэ бол зардал хэмнэсэн сайн санаачилга. Гэхдээ бодит байдалд нийцэхгүй байдлаар хандсан нь нийтийг бухимдуулах гол шалтгаан боллоо. Төр зөвхөн иргэдээ чинээлэг гэж үзээд хасахын тулд л арга сэдэв үү, яарав уу гэж харж болохоор. 10-р сард хуучин түүвэр судалгаагаа харж байгаад төсвөө баталсан мөртлөө, дундаас нь өөрчлөөд, иргэд дээрээ туршилт хийгээд, мэдээллээ дөнгөж энэ 7 хоногт л нэгтгэж дууссан. Ингээд холион бантан үүссэн. Үүнийг ч ХНХЯ болон ҮСХ хүлээн зөвшөөрч байна.
Энэ асуудлыг дагаад төр хүүхдээ алагчиллаа. Олговол 100 хувь олго. Эсвэл хүүхдийн мөнгөө бүрмөсөн зогсоо гэж олон нийт шүүмжилсэн. Энэ бол байгалийн баялгийн өгөөжөө иргэддээ дахин хуваарилж байгаа хэлбэр гэдэг асуудлыг хөндсөн. Харин Хүүхдийн мөнгө анхнаасаа халамж хэлбэрээр явж ирсэн учраас зорилтот бүлэг рүү л чиглэх ёстой гэж Засгийн газраас тайлбарлалаа. 2020 оны сонгуулиар эрх баригч нам хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно. Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж амласан. Гэвч энэ бүхнээсээ буцлаа гэдэг асуудлыг эргэн сануулсан долоо хоног өнгөрч байна.
АН-ЫН ДУУЛИАН
Сөрөг хүчний үүргээ мартаж, талцаж хуваагдсан Ардчилсан намынхан хоёр өөр газарт нэгэн зэрэг хуралдсан долоо хоног өнгөрч байна. О.Цогтгэрэлийн талын гэгдэх Ардчилсан намынхан, намынхаа дотоод сонгуулиа хийхээр нэр дэвших хүмүүсээ зарлах зуур, С.Эрдэнийн талынхан нь ч бас цуглаж “Хүчинтэй тамга зөвхөн бидний гарт л байгаа” гэж зарлаж байлаа. Ардчилсан намынхан намын дотоод хагарал гэдэг үг өмнөө барьчхаад эрх баригчдыг хянаж чадахаа больсон, дотоод зодооноо дийлэхгүй л манарч суугаа. Тиймээс ч эрх баригч намд дураар дургих боломж олгож байгаа, хяналтын үүргээ мартсан тэднээс хариуцлага нэхье гэдэг өнцгийг ч олон нийт гарган тавьж байлаа.
Ямартай ч сүр дуулиантай явуулсан АН-ын даргын сунгаанд Лувсаннямын Гантөмөр ялалт байгуулж, намын дарга болсныг зарлалаа. Ингэснээр, Улсын дээд шүүх бүртгэж авах уу, өмнөх шигээ буцаах уу гэх мэт олон асуултыг үлдэж байна.
Ардчилсан намын даргын сунгааны үеэр Сангийн сайд асан С.Баярцогт гарч ирж нэрээ дэвшүүлсэн нь анхаарал татах нэг өнцөг байлаа. Түүний хувьд гурван шатны шүүхээс ял сонссон ч нэг л өдөр хэргээ цагаатгаж, мултарсан байдаг. С.Баярцогтыг эрх баригчидтай хуйвалдаж, хэргээ аргалуулсан гэж олон нийт харддаг. Хийсэн хэрэг, үлдээсэн мөр бүхнээс нь харвал тэр улс төрд эргэн ирэх, төрийн эрх барихын төлөөх зам руу явах хүн биш гэдэг олон нийтийн шахалт шаардлага бий. Гэвч тэр асуулт бүхэнд тэрсэж, өөрийгөө нэр цэвэр хүн гэж хариуллаа.
Шүүх дээр хэргээ аргалуулсан С.Баярцогт ийнхүү эрээ цээргүй аашилж, улс төрд эргэн орох давшилтаа хийсээр байна. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
ЭРХ БАРИГЧИД ЦАХИМ СҮЛЖЭЭГ ХЯЗГААРЛАХ ХУУЛИЙГ ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН БАТАЛЛАА
Хүүхдийн мөнгө гэж шуугиж байх зуур нэг ноцтой заалт бүхий хуулийг Цахим хөгжил, Харилцаа холбооны яамнаас УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүллээ. Иргэдийн шүүмжлэл ч дагууллаа. Эрх баригч намынхан намрын чуулганы төгсгөлд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай гэх гоё нэртэй боловч сөрөг үр дагавар бүхий хуулийг хүч түрэмгийлэн баталлаа. Ингэснээр жагсаал цуглааны үеэр цахим сүлжээг хязгаарлах, иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цахим хаягаа хаалгах эрсдэл тулгарч байна. Иргэдийн үндсэн хуулиар олж авсан эрхийг боомилсон, хэвлэлийн эрх чөлөөг дордуулсан хуулиа эргүүлэн татахыг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учралаас олон нийт шаардаж, судлаачид ч үгээ хэлсэн ч авч хэлэлцэлгүй 40 гишүүн хүч түрэмгийлэн баталлаа. Товчхондоо төр иргэдийнхээ амыг боосон хуулийг өөрсдөдөө зориулж баталж авцгаалаа. МАН-ынхан иргэдээ хорьж, сүлжээг нь хааж байгаад хулгайгаа үргэлжлүүлж хийх нь ээ гэх олон нийтийн шүүмжлэл хүчээ авч байна.
УЛААНБААТАРЫН УТАА ХАВДАР ҮҮСГЭЖ БАЙГААГ ГЕНИЙН ТҮВШИНД ТОГТООЛОО
Улаанбаатар хотын агаарын бохирдол хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байгаа судалгааны ноцтой үр дүнг ХСҮТ-өөс энэ 7 хоногт танилцууллаа. Сүүлийн 5 жил Улаанбаатарын утаанд амьдарсан, хавдартай хүнээс шинжилгээ авч, дэлхийн өндөр түвшний лабораторитгенийн түвшинд шинжилж үзэхэд утаанаас шалтгаалсан, хавдрын шинэ мутаци илэрсэн байна.
Манай улсад жилд 6500 хүн хавдраар өвчилж, 4000 хүн нас барж байна. Дээрх судалгааны үр дүнгээс харвал хавдрын дөрвөн тохиолдол тутмын нэг нь утаанаас шалтгаалж байна гэж дүгнэж болохоор байгааг судлаачид онцолж байна. Агаар дахь тоосонцор, аюултай түвшинд хүрсэн өнөөдрийн нөхцөлд утаа хавдраас гадна, эрхтэн тогтолцооны олон өвчлөлийн шалтгаан болж байна.
Та бүхэнд сөрөг хүчин тоймын шинэ дугаарыг хүргэлээ.