Улаанбаатар хотын утаа аюулт төвшинд хүрч, эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж байгааг судлаачид хэлсээр байна.
Эдгээр бохирдолтой хэсгүүдэд амьдарч байгаа иргэд гал түлэхдээ өөрийгөө хэрхэн утаа, хорт хийнээс хамгаалж байгаа талаар мэдээллийг хүргэж байна.
СХД-ийн 28-р хорооны иргэн О.Ганзориг нь хашаандаа нэг гэр, нэг байшинтай. Байшингаа өөрөө галлаж халаадаг. Түүний хувьд гал түлэхдээ давхар маск зүүж утаанаас сэргийлдэг байна. Гэхдээ маск зүүсэн ч нус, шүлсээ хаяхад тас хар юм гардаг тухай ярьж байлаа. Харин Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн С.Болд гал доороо нүх ухаж, олон удаа утаа гаргаж, өөрийгөө хордуулахаас сэргийлж байна.
Иргэн О.Ганзориг “Манай Баянхошууны нам дор газруудад үнэхээр аймар. Машинтай яваад өнгөрөхөд машины паараар утаа орж ирдэг. Хэдхэн минут яваад өнгөрөхөд, шууд нүд хорсдог.
Галлагааны үеэр өглөө 6-8 цагийн хооронд, орой 6-10 цагийн хооронд хар манан татаж, хүн ч харагддаггүй.
Гал унтрах үед үнс нь барьцалдаад, уурын зуухны шаланк шиг зүйл гардаг. Гарахдаа халуун нурмаараа гардаг учраас ойртож болохгүй. Аргаа бараад нэг нүүрний хамгаалалттай том маск авсан. Айл бүр тус тусдаа ийм асуудалтай байснаас нэгдсэн нэг халаалттай болчихвол хэн хэндээ амар. Энэ галыг таслахгүйн тулд бараг нэг хүн цалингүй ажиллана.
Би уг нь зунжин хүүхдүүдээ зуслан дээр байлгасан. Тэгсэн хэр нь утаа эхлэнгүүт л өвдчих юм. Нэг нь ханиад хүрэхээр дөрвүүлээ өвдөнө. Нэг хүүхдэд багадаа 100 мянган төгрөгийн эм авна. Дөрвөн хүүхэд өвдөхөд 400 мянга орчим төгрөгийн эм авна. Бараг сарын хэрэглээний мөнгөө эмд өгөх гээд байна. Утааны хор одоо бидэнд ханиадаар илэрч байгаа ч олон жилийн дараа, 5,6,10 жилийн дараа нь юу гарч ирэх бол, ямар өвчин үүсэх бол гэж байнга айдас хүйдэстэй байна” гэв.
Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн С.Болд “Энэ жил утаа урьд жилүүдээс улам ихэссэн. Машинтай гараад явахаар л андашгүй байна. Машинд явж байхад л аймар үнэртээд, нүд хорсоод. Манай энэ орчмоор утаа хамгийн аюултай төвшинд байна.
Үнс авахад их муухай, эхүүн үнэр гардаг. Тиймээс би галынхаа доор 1.20 метр гүнзгий, 1,60 метр урттай, 90 см өргөнтэй нүх ухсан. Үнсийг нь хэсэгтээ авахгүй. Гол нь утаа олон гаргахгүй гэж, өөрийгөө хамгаалж, үүнийг хийсэн” гэв.
Иргэд өөр өөрсдийн боломж, нөхцөлд тааруулан өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байна. Харин утаа улам нэмэгдсээр байгаад иргэд бухимдалтай байлаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлоороо хамгийн аюултай төвшинд хүрсэн хэсгүүд нь Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст зэрэг багтаж байна.
Видеог дээрээс үзнэ үү.