Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохдоо орлогыг орлуулан тооцох аргыг үргэлжлүүлэн ашиглаж байна. Тодруулбал, өмнө нь айлуудаар орж асуумж бөглүүлсний үндсэн дээр тооцдог байсан бол энэ жилээс ҮСХ-ны судалгаа болон бусад төрийн байгууллагуудын дата мэдээлэлд үндэслэн боловсруулж байгаа юм. Гэвч “Манайх хүүхдийн мөнгөнд хамрагдах ёстой ч чадсангүй. Буруу бодсон байна. Шалтгаангүйгээр хасагдчихлаа” гэх гомдол их байна. Тиймээс бид орлогыг орлуулан тооцох аргын талаар Үндэсний статистикийн хорооноос тодрууллаа.
Нийт хүүхдийн 9 хувь нь хүүхдийн мөнгө авахгүй. Яг ямар аргачлалаар өрхүүдийг хасаж байна вэ?
Тухайн өрхийн сарын цалингаас гадна маш олон зүйлийг харгалзаж үзсэн. Гэр бүлийн гишүүдийн тоо, байр, машинтай эсэх, малтай юу гэх мэтээр тооцоолсон. Жишээлбэл, байртай бол байрных нь метр квадрат, машинтай бол хөдөлгүүрийн багтаамж хүчин чадлыг нь харгалзаж үзнэ. Ингэхдээ машиныг 2013 оноос өмнө, хойно гэж ангилна. Он залуу, үнэтэй машин байх тусам өрхийн орлого ахиу гэж тооцогдоод, хүүхдийн мөнгөнөөс хасагдах магадлал ихтэй гэж ойлгож болно. Мөн байрны том жижгээс ч хамаарна.
Тухайн өрх хэдэн төгрөгийн цалин авч байна, тэр нь амьдралд нь хэрхэн хүрэлцэж байна вэ гэдэг л чухал асуудал шүү дээ. Машин, байрны том жижиг үүнд ямар хамаатай юм бэ?
Бид тусдаа математик аргачлалаар тооцоолсон. Үүнийг шууд жишээ аваад тайлбарлахад төвөгтэй юм л даа. Жишээ нь, 1 сая төгрөгийн цалинтай, нэг приус машинтай, 5 хүүхэдтэй бол хүүхдийн мөнгөнөөс хасагдана, орно гэх мэтээр шууд жишээлчих амаргүй. Айл болгон өөр. Орлого бүрийг нь хамруулж тусгай аргачлалаар боддог. Мэдээж, 50 метр квадрат, 100 метр квадрат байранд амьдрах ялгаатай шүү дээ. Тиймээс байрыг ингэж хэмжиж үзэх нь зөв гэж үзсэн.
Тухайн хүний бүх эд хөрөнгийг орлого гэж үзээд, цалин дээр нь нэмж тооцсон байна. Гэтэл зээлийн мэдээллийн санг яагаад ашиглаагүй вэ? Зээлийг яагаад харгалзаж үзээгүй юм бэ? Нэг сая төгрөгийн цалин авдаг хэрнээ 900 мянгыг нь зээлэндээ өгдөг олон өрх бий шүү дээ?
Хэрвээ зээлийн мэдээллийг нэгтгэж тооцвол бидний аргачлалаар айлууд илүү их өндөр орлоготой болж харагдах гээд байсан. Өөрөөр хэлбэл, боломжтой айлууд л зээл авч байгаа гэсэн үг. Зээл гэдэг тухайн айлын хэрэглээг илтгэж байна. Илүү их хэрэглээтэйг илтгэж байна. Тэгэхээр зөвхөн орлогыг нь л харгалзаж, айлуудын амьжиргааг тодорхойлох нь зөв гэж үзсэн.
Алдаа хаана гарав аа? Хүмүүст маш их чирэгдэл үүслээ?
Манайхтай холбоотой алдаа байхгүй. Харин иргэдийн мэдээллийг нэгтгэхээр хоорондоо зөрж байна. Үүнээс болж асуудал гарсан. Алдаа гараагүй. Харин иргэд мэдээллээ шинэчлээгүйтэй холбоотой.
Иргэнээс шалтгаалаагүй алдаанууд байж л байна шүү дээ?
Манайх зөвхөн эцсийн байдлаар нэгтгэх ажлыг хийсэн. Мэдээж бэлэн байсан дата мэдээллээ авч ашигласан. Тэгэхээр улсын бүртгэл, татвар гэх мэт бусад газруудаас мэдээллийн зөрүүтэй байдлаа асууж, засварлуулах хэрэгтэй.
Видеог дээрээс үзнэ үү.