Эрх баригч намынхан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон нь асуудал дагуулж байна. Учир нь, хүүхдийн мөнгө бол иргэддээ байгалийн баялгийг дахин хуваарилж байгаа хэлбэр. Ийм нөхцөлд хүүхэд болгонд сар бүр 100 мянган төгрөг олгох хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. Харин халамж бол зорилтот бүлэгт чиглэх учиртай Тиймээс хүүхдийн мөнгийг халамж гэдэг бүлэгт хамруулан ойлгож, танах нь учир дутагдалтай гэж харж байгаа юм.
Нөгөө талдаа хүүхдийн мөнгийг орлогыг орлуулан тооцох замаар олгохдоо мэдээллээ буруу нэгтгэснээс болж, иргэдэд чирэгдэл учруулж байна. Тодруулбал, 3,5 сая ба түүнээс орлоготой иргэдэд хүүхдийн мөнгө олгохоор заасан хэдий ч систем буруу тооцоолол хийж, хүүхдийн мөнгө авч чадахгүй өрхийн тоо 20-30 хувьд хүрээд байна. Тиймээс ирэх 14 хоногт мэдээллийг дахин шалгаж, засварлахаар болсон. Ингэснээр иргэд цаг заваа алдаж, төрийн албан хаагчдын ачааллыг нэмж байна гэх шүүмжлэлийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хөндсөн юм. ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн тайлбараас үзэхэд орлогыг орлуулан тооцох аргаар орлогын орлогын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн цалин орлогод үндэслээгүй аж. Үүн дээр цалин хөлсний орлого, малын тоо зэрэг 10 орчим үзүүлэлтийг харгалзан үзжээ. Энэ нь бодит байдалд нийцэх үү гэдэг асуудал хөндөгдөж байна.
Хамгийн гол нь, төрийн мэдээлэл удаан хугацаанд зөрүүтэй явж ирсэн үү, үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуултын хариултыг олон нийт нэхэж байна. Төр цахим үндэстэн болсон гэж зарлах мөртлөө одоог хүртэл бүртгэлийн байгууллагууд нь мэдээллээ нэг цонхонд оруулаагүй, нягтлаагүйн хариуцлагыг шат шатанд нь хүлээлгэх ёстой гэдэг асуудлыг ч УИХ-ын гишүүд хөндлөө.
Энэ асуудлыг бид УИХ-ын гишүүдээс тодрууллаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.