
2022 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улсад 305 мянган малчин мал аж ахуй эрхэлж байна гэсэн судалгааны дүн гарсан.
Нийт ажиллагчдын 27 орчим хувь нь буюу ажил эрхэлдэг 4 хүн тутмын 1 нь малчин байна. Малчдын 59% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй байна.
Залуу малчдын гэрлэлтийн асуудал анхаарах түвшинд хүрснийг дата харуулж байна. Гэрлэлтийн байдлын хувьд, 18-34 насны малчдын 33 хувь нь огт гэрлээгүй. Энэ насны гэрлээгүй малчдын 85% нь эрэгтэй, 15% нь эмэгтэйчүүд байгаа юм.
Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд, гэрлэх насны ганц бие эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10-13 хувиар өндөр байгааг “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгаанд дурджээ.
Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж эрэгтэйчүүд давамгайлахаас гадна залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг энэ чиглэлийн судалгаанууд нотолдог. Үүний шалтгааныг хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын бодит үр дагавар гэж мэргэжлийнхэн ярьж байна.
Тоон мэдээлэл харвал, нийт малчдын 28% нь 15-34 насны залуу малчид. Энэ үзүүлэлт 2000 онд 56% байсантай харьцуулахад жилээс жилд залуу малчдын эзлэх хувь багасаж байна.
Мөн малчид эмэгтэй хүүхдүүдээ хот руу сургуульд явуулж, эрэгтэй хүүхдээ мал дээр гаргах хүсэлтэй байдаг нь үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээг хэрэгжүүлбэл дээрх зөрүү багасахыг судлаачид хэлж байна.