Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй ярилцлаа.
– Сайхан өвөлжиж байна уу, та. Уран бүтээлийн олз омог, сонин сайхан ихтэй юу?
Сайхан өвөлжиж байна. Хүмүүсийн урилгаар явж, уран бүтээлээ хүргээд байж байна. Саяхан нутгаараа яваад ирлээ. Манай Сүхбаатар аймгийн Онгон суманд шинэ сургууль баригдаж, улсын комисс хүлээж авч байгаа юм байна. Сургуульдаа танин мэдэхүйн булан нээж, нутгийнхаа хүмүүсийн зургийг байрлуулсан байна. Түүнд нь би багтжээ. Ёстой тоон дотор үсэг гэдэг шиг л юм болж. “Томчууд”-ын жагсаалтад намайг оруулжээ. Тэгээд л очиж ая дуугаа өргөлөө. Баримтат нэвтрүүлгийн зурганд ч орчихоод ирлээ дээ.
– Нутаг гэдэг сайхан даа. Үргэлж л сэтгэлд уяатай байдаг шүү дээ.
Аав ээж, ахан дүүс хорвоогийн жамаар мөнх бусыг үзнэ. Нутаг гэдэг байж л байна. Ямар ч уул, ямар ч чулуу байсан ч тэндээ л торойгоод л байж л байна. Ухаад төнхөөд хаячихгүй л бол шүү дээ.
– Уртын дуунд нутаг ус, байгаль дэлхийн тухай их өгүүлдэг. Ялангуяа, уртын дуучин хүн байгалиас их л онцгой мэдрэмж авдаг болов уу?
Байгаль гэдэг үнэхээр гайхамшигтай. Очих бүрд шинэ мэдрэмжийг өгдөг. Бид бүгд л байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Нас хэвийх үед улам л байгаль руугаа ойртдог юм байна. Улам ихээр мэдэрнэ. Ухаан сууж байгаа нь тэр юм уу даа. Уртын дуучин хүний хоолой, цохилго, цохилтууд, тэр элементүүдийг “Байгалиас заяасан” гэж ярьдаг. Дээд тэнгэрээс өгсөн ч гэдэг. Тийм болохоор л уртын дуучид байгальтайгаа их ойр байдаг юм даа.
– Уртын дууны ондоошлыг та юу гэж тодорхойлох вэ? Монгол уртын дууны яг юу нь дэлхийн хаана ч байхгүй вэ?
Би 51 дэх жилдээ дуулж яваа хүн. Бага залуу байхдаа уртын дууны нарийн ширийнийг мэдэрч явсан гэж худлаа хэлж чадахгүй. Ухаан суугаад, нэлээн зүйлийг мэдэрдэг болсон. Уртын дуу асар олон элементтэй шүү дээ. Европын нот долоо байдаг. Гэтэл тэр долоон нотонд уртын дуу яагаад ч багтахгүй. Ямар ч боломжгүй. Тухайлбал, “Хэрлэнгийн Барьяа” гээд нэг дуу байдаг юм. Энэ дууг дуулахын тулд маш олон элемент дамжина. /аялж үзүүлэв/ Үүнийг зөвхөн Монгол хүн л мэднэ. Миний магнайд, хамрын үзүүрт, гүнд дуугарч байна. Төвөнх рүү орж байна. Хүүхэн хэл хөдөлж байна гээд л маш олон эрхтэн оролцоно. Энэ бүхнийг Монгол хүн л мэдэрнэ.
Би нэг уртын дууны нот зохиосон хүн байгаа юм. Олон жил ч болж дээ. Өрнийхний нотоор уртын дуу сурч болохгүй шүү дээ. Мэдээж, сурчихаж байгаа юм шиг санагдаж мэднэ. Гэхдээ их удаан хугацааны дараа уртын дууныхаа хувь заяанд сайнаар нөлөөлөхгүй. Бидний уртын дууны нотны онцлог бол ямар авиаг хаагуураа яаж гаргах юм, хамраараа дуугарах юм уу гэх мэтээр нарийн байдаг. Тийм болохоор би зургаан төрөлтэй, 24 нот бүтээсэн. Түүгээр л уртын дуугаа сурцгаадаг шүү дээ. Энэ нотоор Монгол хүн л хамгийн сайн сурах боломжтой. Тэр бүхнийг өөрсдөө мэддэг болохоор тэр шүү дээ.
– Нутаг нутгийн хүмүүс уртын дууг өөр өөрсдийнхөөрөө дуулдаг. Нутаг болгонд өөр өөрийн онцлог шингэсэн байдаг гэдэг шүү дээ. Энэ ялгааг та яаж анзаарав? Нэгнээсээ ялгарах ямар өвөрмөц шинжүүд байна вэ? Увс, Ховдынхны дуулдаг дуу, Дорнод, Сүхбаатарынхнаас юугаараа өөр вэ?
Дуу дуучин хоёр нутгаа дууриаж төрнө гэсэн хуучны үг байдаг. Энэ тухай би “Жаахан Шарга” номондоо бичсэн. Уулархаг газрын хүмүүсийн ааш араншин, бие бялдар, цуурайлах эрхтэн өөр. Тал хээр, нам дор газрын хүмүүсийнх нь ч бас ондоо. Уулархаг газрыг дууг сонсоод үзээрэй. Оргил руу гэв гэнэт гараад байгаа юм шиг, яг уулынхаа оргил шиг байдаг. Тал, нам дор газрын дуунууд бол зүгээр л сайхан намуухан долгистой байдаг. Дуучных нь хоолой нь ч бас өөр. Өөр өөр ертөнцөөр өөр өөр дуу бүтэж байна гэсэн үг.
– Өнөө цагт уртын дууг аав ээжээсээ өвлөж дуулах нь их байна. Дуулж чадах хүн ч цөөхөн. Нийтээрээ энэ их соёлын өвөө мэддэг болоход ямар хөшүүрэг хэрэгтэй гэж та харж байна вэ?
Хүүхдэд багаас нь зааж, уртын дууны хичээлийг сурах бичигт нь оруулах хэрэгтэй байгаа юм. Дуу хөгжмийн багш нарт нь зүг чигийг нь гаргаж өгөөд, дууных нь үүх түүхийн хамтаар сургах хэрэгтэй. Ингээд өгвөл хүүхэд анхны мэдэгдэхүүнтэй болно. Би 30 жил багшилсан хүн байгаа юм. Шавь нараас минь сайн дуучид олон бий. Багаасаа шавь сургалтаар сурсан нь ч байна. Мэргэжлийн дуучин болъё гэж байгаа хүн нэг өөр. Хүн бүр дуучин болохгүй учраас суурийг нь л тавиад өгчих хэрэгтэй.
– Уртын дуунд аав ээжээ ачлахын тухайд их гардаг. Эцэг эхийн энэрэл ачлалын тухай агуулгыг уртын дуунд яг яаж шингээсэн байдаг юм бэ?
Уртын дуунд хайр минь гэх ч юм уу, тийм нялуун үг байхгүй. Маш энгийн хэллэгтэй. Гэхдээ үүний цаана гүн ухааныг шингээж байдаг. Тийм тийм аав ээж минь билээ, тийм тийм нутаг ус минь билээ гээд л эгэл сайхан хэлдэг.
– Уртын дуунд их хүч шингэсэн байдаг. Энерги шингэсэн байдаг гэцгээдэг. Уртын дууны ер бусын гайхамшгийг та юу гэж тодорхойлж хэлэх вэ?
Энергитэй шүү. Би Хоолой гэдэг газар төрсөн хүн. Тийм учраас хоолой заяаж, дуучин болсон байж ч магадгүй. Зуны цагаар би очоод дуулахад соно маш ихээр ирдэг. Дуулахаа больчихоор яваад өгнө. Тэр чинь байгаль байгалиа л дуудаж байна шүү дээ. Уртын дуу гэдэг тэр энергийг дуудаж байна. Бас нэг жишээ хэлэхэд, Ж.Дорждагва багш бол Норовбанзад багшийн багш нь. Бидний багш. Бас, Лхамжав, Сүглэгмаа гээд алт шиг багш нараар заалгаж байж бид дуучин болсон. Социализмийн үед 16,17-той хүүхдүүд дуу сурахаар ирж байлаа. Бид залуу насандаа сайхан ч дуулцгаасан. Одоо багшлах цаг маань ирсэн байна.
Манай Лхамжав багш нэг удаа ярьж байсан юм. Төв аймагт тоглолтоор явж байж гэнэ. Тэр үед айлуудаар орж дуулдаг байж л дээ. Тэгтэл олон жил хэвтэрт байсан, настай хөгшнийд орж таарч гэнэ. Жаахан шаргыг дуулаад өгтөл өндийгөөд цайгаа уусан гэсэн. Тэгж өндийд цай ундаа ууж чаддаггүй хүн байж л дээ. Сүүлдээ тэр хүн босоод явдаг болсон гэсэн. Тэр дуу тэр хүнд ямар их энерги, хүч өгснийг үүнээс харж болох юм.
– Хүмүүс хүүхдээ дуучин болгоно бөх болгоно гээд л ярьцгаадаг. Хүүхдийг хэдэн наснаас нь эхэлж дуу заавал тохиромжтой юм бэ?
Хурдан адуу, дуучны удам хоёр нэлээн холдож л төрдөг гэдэг юм. Манайхан бол дээр үедээ Богдын дуучин байсан гэж ярьдаг юм. Хэрэв хүүхдэд тань дууны удам байгаа гэж бодвол багаас нь түүнийг нь хайрлах хэрэгтэй. Хоолойг нь гамна. Бас мэргэжлийн сайн багштай болго. Багаас нь шахаад л, орилуулаад байвал дуучин болж чадахгүй. Би багаасаа дуулаагүй шүү дээ. Дууны хичээл дээрээ муу аваад л явдаг байлаа. Багадаа их орилчихоогүйн хүчээр одоо гайгүй байна гэж боддог. Харин нас бие хүрч ирээд хонь сайн тоглож байсан, дүү нараа сайн бүүвэйлж байсан. Бас, хурдан морь гийнгоолж байсан. Хонь тойглох хүртэл учиртай. Хаварт л тойглоно. Зөвхөн хургаа голсон хонийг л тойглоно. Хонь хургаа хурдан авчихвал тэр хүн дуучин болох магадлалтай гэж хүртэл ярьдаг шүү дээ. Байгалийн шалгарал, амьтны зөн мэдрэмж гэж бас өөр шүү.
– Хүн өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэхгүй байх нь элбэг. Гадныхны нүдээр уртын дуу, уртын дуучин ямар харагддаг бол, юу мэдэрдэг бол?
Би дэлхийн 41 оронд явж тоглосон хүн. Гадныхан сонсоод “Ямар гайхамшигтай юм бэ” л гэцгээдэг. 20 хэдэн настай байхад Францад Монголын уран бүтээлчид очиж тоглосон юм. Тэр үед хөлөө хугалчихсан настай хүн биднийг дагаад их олон хотоор явж тэр тоглолтыг үзсэн. Тэндээс л уртын дууны гайхамшиг гадныханд яаж хүрч байгааг анзаарсан.
–Уртын дууг сурч дуусахгүй гэдэг. Бага залуудаа анзааралгүй өнгөрөөж дээ гэж боддог зүйл юу байдаг бол?
Уртын дуу ч бай, богинын дуу ч бай бага залуудаа дуулсныгаа эргээд харахаар тултал, санаандаа хүртэл дуулсан зүйл байдаггүй. Ер нь ямар ч дуучинд тийм л байдаг байх. Сүүлийн үед хоолой ч, ухаан ч гайгүй суугаад ирж байна. Баянаа аварга надад “Нас явахаар юм хиймээр санагдана. Даанч бие нь байхгүй болоод, ухаан болоод үлдэх юм” гэж байсан.
Ер нь уртын дуучин хүний ухаан бол өөр шүү. Өөрийгөө дэвэргэж байгаа юм биш. Тэр нь байгальтайгаа л холбоотой байх.
– Уран бүтээлч хүний эрхэм чанарын тухай та ярьж өгөхгүй юу?
Уран бүтээлч хүн цуцалтгүй л байх хэрэгтэй. Тэгж байж л амжилт олно. Ер нь оргил дээр нь оргил дээр нь гараад үзчихсэн уран бүтээлч гэж байхгүй шүү дээ. Би ч гэсэн гарах гээд л явж байна шүү дээ.Би мацсаар л байгаа, зогсолтгүй л байгаа.
– Ялангуяа, баяраар их ярих юм даа. Дуучид ам барьж дууллаа гэж их шүүмжилцгээдэг. Энэ тухайд таны бодол?
Бидний үед телевизийн бичлэгт хүртэл өөрөөрөө л дуулж байсан шүү дээ. Наадмын талбайд ч амьдаараа л дуулдаг байлаа. Одоо үед л дуугаа тавьж байгаад ам барьдаг болж. Залуу дуучид ямар ч үед заавал өөрөө дуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр зүгээр нэг хоолой тавиад дуулаад байвал маш их хоцрогдоно. Хоолой нь өсөхгүй. Одоо цагт хоолойг нь засаад янзалдаг болж. Энэ өнгө яг ингэж л дуугарна. Жаахан доогуур ч дуулж болохгүй, дээгүүр ч дуулж болохгүй л гэдэг байлаа. Сайн дуучин болъё гэвэл байнга өөрөө дуулаарай л гэж хэлмээр байна.
–Таны ярианы өнгөнөөс нэг юм анзаарлаа. Та их даруу юм. Монголд төдийгүй дэлхийн олон оронд нэрээ гаргасан уран бүтээлч мөртлөө Би болоогүй байна аа Сурч л байна” гээд байн байн ярих юм?
Манай Норовбанзад багш хэлж байсан. “Чи 55-аас цааш л сайн дуулах байх. Түүнээс өмнө чамайг хэн сайн дуучин гэдэг юм” гэж… Нээрээ ч би 55 наснаасаа хойш сайн дуулсан. Гурван октав дуу гээд байна. Тийм том дууг дэлхий дээр өөр хүн дуулаагүй. Энгийнээр тайлбаравал гурван алд гэсэн үг юм даа. Хүний хоолой бол нэг алд гарантай л байна. Маш сайн дуучных бол хоёр алд. Би 55 настайгаасаа эхлээд гурван алд /октав/ хэмжээст дуу дуулсан. Дэлхий дээр тийм том хэмжээст дуу ч байдаггүй. Тэгэхээр нь би Жанцанноровт хэлж, захиалж байгаад “Тэнгэрийн нулимс шиг аялгуу” нэртэй гурван октав дуу хийлгэж дуулсан. Хүмүүс ч их хайртай байдаг, энэ дуунд. 200 жилийн дараа Чимэдцэеэ гэж хэн байсныг бүгд мартана. Харин Монгол хүн ийм дуу дуулж байсан юм гэнэ лээ гээд ярьж магадгүй. Уран бүтээлч хүн өөртөө л ханаж болохгүй. Үргэлж шинийг сэдэж, өөрийгөө сорьж байх ёстой.
–Та хамгийн сүүлд “Хүмүүний нэгэн урсгал” нэртэй дуу гаргалаа. Нийгмийн сүлжээгээр ч их шуугиуллаа. Энэ уран бүтээлийн тухай ярихгүй юу?
Тэр бол их том дуу биш. Би их жижиг дуу дуулж байгаагүй хүн байхгүй юу. 50 жил дуулсан юм болохоор “Энэ дууг ямар хэлбэрээр дуулах вэ” гээд эрхбиш ухаан сууж байна шүү дээ. Жижиг дуу учраас би түүндээ зохицож дуулсан. Үг нь бас их сайхан.
“…Би ээжийнхээ нууж унагасан нулимсанд нуугдаж ургасан цэцэг юм
Би ээжийнхээ хулжих нойронд зүүдлэгдсэн хун цагаахан үр нь юм аа” гэж дуулдаг. Хүн чинь тэр их зовлон дунд уйлдаг амьтан шүү дээ. Анх надад ирэхдээ “Би” гэдэг шүлэг ирсэн юм. Би 10-аад яруу найргийн ном гаргасан хүний хувьд засаад “Хүмүүний нэгэн урсгал” болгосон. Надад бас туршлага байна аа. Хүн сайн дуулъя гэвэл дууны шүлэгний эгшиг гийгүүлэгч хоёрын цохилтыг сайн тааруулах ёстой байдаг юм. Дээд өнгө авч байгаа хэсэгт ам хамхиастай буюу гийгүүлэгч үсэг таарвал хэцүү. Түүнийг засахгүй бол яагаад ч болохгүй. Гаамаа гэж хүний шүлэг, Бат-Очир гэж хүний ая. Аян дээр нь ч би ганц нэг зүйлийг зассан. Ингээд л дуу болсон доо. Одоо Өвөрмонгол, Армонголд хоёуланд л их явж байна даа.
–Ээж гэдэг үгийг та л хамгийн гоёор тодорхойлж хэлэх юм шиг санагддаг.
Эх хүн бол туйлын хэцүү босгыг алхаж байж, үртэйгээ уулздаг. Амьд байх уу, үгүй юу гэдэг зааг дээр алхаж байж л эх хүн болж байгаа юм. Хүн төрөхдөө бүх заадас нь салдаг юм гэсэн. Эх хүн, эхийн ач гэдэг агуу. Үнэндээ зүйрлүүлж хэлэх үг надад олдохгүй байна.
–Хүний мөс муудлаа. Аав ээжээ ачлахгүй байна гэх үг ч их дуулдах боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?
Нэгэнт төрүүлж, хүн болгоод өгчихсөн аав ээжээ хайрлаж чадахгүй бол өөр хэнийг ч хайрлаж чадахгүй. Эхнэрээ ч, үр хүүхдүүдээ ч хайрлаж чадахгүй. Би дэгэс догос ярьж магадгүй ээ. Хүн болоогүй нөхдүүд үнэндээ их шүү. Ээж аавынхаа үгийг, захисан ярьсныг бодож явах хэрэгтэй. Хүн чанар гэдэг гаднах төрхөөс чинь хамаагүй чухал шүү гэж л хэлмээр санагддаг.
–Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Би нутаг усныхаа тухай их дуулж байгаагүй юм билээ. “Цэнхэрхэн нутаг” гээд нутгийнхаа тухай дуу гаргахаар ажиллаж байна. Сайн дуу гэдэг нэг өөр, сайхан дуу нэг бас өөр. Миний дуунуудаас “Тэмээн зэрэглээ” гэж их сайхан дуу бий. Ер нь Хуурч хүнээс их сайхан аялгуу гардаг. Ер нь Эмэгтэйчүүдийн баяраар нэг тоглочихъё гэж бодож байна. Хүмүүний нэгэн урсгал дуугаараа тоглоё гэж бодож байна. Хүмүүс дуулуулъя л гээд байгаа юм. Гэхдээ би “Март”-аар л дуулъя гэж бодоод дуулахгүй байгаа. Энэ дуундаа дөрвөн улирлыг багтаасан, хүмүүний амьдралыг харуулсан, нэг их гоёчилсон биш, тийм клип хийе гэж бодож байна. Бас, олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголдоо хийчих санаатай байна.
–Хувь уран бүтээлч том санаачилга гаргаад явж байгаа юм байна. Төр нь дэмжиж байна уу?
Төр засгаас дэмжиж өгөхгүй юм. Би бүр 2019 оноос л хөөцөлдөж байна. Олон улсын уралдаан зохиогоод, уртын дуугаа сурталчилъя аа” гээд зөндөө явлаа. Би “Миний алдрыг тэмдэглээд өгөөч” гэж гуйж байгаа биш дээ, ямар.Энэ чинь намайг үхвэл цуг үхчих өв соёл байна шүү дээ. Олон улсын уралдаан зохион байгуулчихвал Дарьгангын хэдэн дуу олон улсад гарах боломж байна. Эдийн засгийнх нь тал дээр анхаараад өгмөөр байна. Энэ өв соёлоо төр нь харах хэрэгтэй биз дээ. Гэтэл миний алдрыг тэмдэглэж өгөх гэж байгаа юм шиг л хандах юм. Би гуйсаар л яваа.
Ярилцсанд баярлалаа.