Өнөөдөр Монголчууд 200 орчим жил үргэлжилсэн Манж Чин улсын дарлалаас гарч, Үндэснйи эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан наймдугаар богд Жавзандамба хутагтын түүхэн үүрэг, гавьяаны талаар онцлон хүргэж байна.
ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР Х.УРАНГУА: ТУСГААР ТОГТНОЛОО БИД НҮДНИЙ ЦӨЦГИЙ, ЗҮРХНИЙ ТОЛЬТ МЭТ ДЭЭДЛЭХ УЧИРТАЙ
Наймдугаар богд Жавзандамба хутагт бол 1911 оны хувьсгалт тэмцлийн оюун санааны удирдагч. Бурхан шашны лам хувраг хүн учраас буу шийдэм бариад тэмцэлд орох бололцоогүй байсан. Ингээд түүнийг Чингисийн алтан ургийн ноёдууд, нөлөө бүхий лам нар тойрон хүрээлж, нэгдэж, Богд лүндэнгээ буулгасан түүхтэй. Тухайн үед Богдын Лүндэн зарлиг гэдэг Монгол даяар үйлчлэх хууль мэт хэрэгжиж байсан. Энэ талаас нь харвал Богд Жавзандамба хутагт яах аргагүй 1911 оны хувьсгалын оюун санааны удирдагч. Харин практик удирдагч нь Чин ван Ханддорж байсан.
Олон хүний хүч чармайлт, тэмцлийн үр дүнд тусгаар тогтнол бидэнд ирсэн. Тиймээс 12 сарын 29-ний өдрийг бид ямагт дурсаж, тусгаар тогтнол маань ямар их үнээр олдсоныг санаж байх учиртай юм. Тусгаар тогтнолын үнэ цэнийг яаж, нүдний цөцгий, зүрхний тольт мэт хайрлаж явах ёстой вэ гэдгийг дурсаж явах ийм л чухал өдөр өнөөдөр тохиож байна.
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар "Энэ хүний гавьяа зүтгэлийн үрээр дэлхийн газрын зураг, глобус дээр өнөөгийн Монголыг бид байгуулж чадсан. Богд хаан хэлмэгдсэн түүхтэй хүн. Яагаад хэлмэгдсэн тухай түүхчид олон талаар тайлбарладаг. Миний хувь хүний үзэл баримтлал бол Богд хааны хэлсэн үг түүнийг хэлмэгдүүлэхэд хүргэсэн гэж боддог. Учир нь “Би эзэн Чингис хааны байгуулсан язгуурын төр улсыг сэргээн мандуулна” гэж хэлсэн байдаг. Эзэн Чингисийн язгуурын төр улс гэдэг бол өнөөгийн Монголоос бараг 2,5 дахин том, тийм л агуу улс. Өвөрмонголын 49 хошуу, Шинжаан, Уйгур, Тагна, Урианхай, Халимаг, Буриад гээд ийм л том Монголыг төсөөлж байсан байгаа юм. Тиймээс ч түүний энэ бодол санаа хорьдугаар зууны хоёр их гүрний бодлогод нийцээгүй болов уу.
Дашбалбар яруу найрагчийн хэлснээр хүнээс аваагүй, хүнд өгөхгүй, энэ ганцхан Монголыг өөрийн гэсэн эрх чөлөөтэй, соёлтой, хэлтэй байлгах том үүргийг л түүхэн хүмүүс хүлээсэн байдаг. Үүнийг хамгийн тодоор мэдрүүлж чадах түүх бол Богд хааны түүх. Хаа байсан Цастын оронд төрчихөөд ямар үйлийн үрээр энэ Монголд ирж, наймдугаар Богдоор тодров? Өөрийнхөө үндсэн хэл соёлыг мартаад, гагцхүү Монгол соёлд уусаж, энэ соёлыг дэлхий дахинд дэлгэрүүлж явсан нь түүний гайхамшиг юм” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.