8600 орчим үзмэртэй Богд хааны ордон музейд байнга заларч байх учиртай хосгүй үнэт өв болох "Ногоон дарь эх" бурхныг өөр газарт шилжүүлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Чингис хаан музейн нээлт болж байгаатай холбоотойгоор Богд хааны ордон музейн зарим үзмэрийг түр шилжүүлж, 12-р сарын 9-ний дотор буцаан авчрах гэрээ байгуулжээ. Гэвч гэрээний хугацаа өнгөрсөн ч үзмэрүүд байх ёстой газраа одоог хүртэл алга байна. Түр шилжүүлсэн үзмэрт “Ногоон ордон, Нийслэл хүрээ зураг зэрэг ховор нандин зураг, Богд хааны өмсөж байсан дээл, 1,2-р богдын танка зураг, Хатны тоорцог, Ногоон дарь эх бурхан тэргүүтэй нийт 12 үзмэр багтаж байна. Эдгээр нь Богд хааны ордон музейн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд өөр газарт шилжүүлэх ёсгүй гэж судлаачид эсэргүүцэж, бидэнд мэдээлэл өгсний дагуу сурвалжиллаа.
БАЙНГА ЗАЛАРЧ БАЙХ УЧИРТАЙ НОГООН ДАРЬ ЭХ БУРХНЫГ САЛГАЖ, ШИЛЖҮҮЛЖЭЭ
Богд хааны ордон музейд 21 дарь эх бурхан байдаг учир сүсэгтэн олон ихээр зорьж, эргэл мөргөл хийдэг байна. Ялангуяа, Үндэсний эрх чөлөөний өдөр буюу 12-р сарын 29-ний өдөр ордонг тойрч мөргөх иргэдийн цуваа нэмэгддэг. Гэтэл өнөө жил тус музейд “Ногоон дарь эх" бурхан алга байна. Энэ талаар Зүүн хүрээ дашчойлин хийдийн дэргэдэх, Бурханы шашин соёлын хүрээлэнгийн судлаач Г.Мягмарсүрэнгээс тодруулахад “21 дарь эхийн голлох бурхан бол ногоон дарь эх юм. Гэтэл үүнийг салгаад шилжүүлчихсэн байна. Ногоон дарь эх бурхан нь байхгүй бол яаж 21 дарь эх бурхан бүтэх билээ. 21 дарь эх, Ногоон дарь эх хамт заларч байх л ёстой. Шийдэх ёстой газрууд нь шийдэх байх аа. Хүмүүс ч их асууж, судлаачид ч хоорондоо ярьцгааж л байна” гэсэн юм.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ ХАРИУЦЛАГА АЛДСАН УУ?
Мөн энэ талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатараас тодрууллаа. Учир нь гэрээний биелэлтээ нэхэж, шаардлага тавиагүй, үзмэрээ буцаан аваагүй гэдэг хариуцлагын асуудал ч энд яригдах учиртай. Энэ талаар музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Ногоон дарь эх бол 21 дарь эхийн үйлс зохионгуйг өөртөө шингээсэн, Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан бурхан. Монголын хосгүй үнэт үзмэрүүдийн тэргүүн үзмэр болов уу гэж би бодож байна. Манай музейг үзэхээс гадна эргэл мөргөл хийдэг шүү дээ. 12 сарын 29-ндөө ногоон дарь эхдээ мөргөдөг. Энэ талаар олон хүн сураглаж байх шиг байна. Ногоон дарь эх бурхан зөвхөн Манайд л байдаг эд.
Манай ордон музейд зүрх сэтгэлээ зориулсан олон хүн бий. Тэр хүмүүс залгаж асууж л байсан л даа. "12 сарын 29 боллоо. Бид нар очиж мөргөх ёстой. Хэдэн цагаас юу болох вэ" гээд л сурагласан. Тэгэхээр таны асууж, хэлж байгаа зүйл бас ортой. Манай богд хааны ордон музей бол эзэмшигч байгууллага. Өмчлөгч байгууллага нь Соёлын яам. Үүнийг надаас биш, яамнаас очиж асуувал илүү зүйтэй болов уу гэж бодож байна” гэлээ.
СОЁЛЫН ЯАМ: ХОЁР МУЗЕЙН ХООРОНДЫН Л АСУУДАЛ
Дахин давтагдашгүй, хосгүй үнэт үзмэрүүдийг Чингис хаан музейд шилжүүлж, эргүүлэн авчрахгүй байгаа асуудлаар Соёлын яамнаас тодруулахад “Энэ бол музей хоорондын асуудал. Бид мэдэхгүй” гэх тайлбарыг өгөв. Товчхондоо, хоёр музей болон Соёлын яам асуудлыг өөр хоорондоо шидэлцсээр асуудалд хариуцлага хүлээх эзэн алга болж байна.
ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЗАХИРАЛ С.ЧУЛУУН: ЯАМНААС АСУУ
Ингээд бид Шашин соёлын хосгүй үнэт дурсгалыг яагаад байх ёстой газар нь байлгахгүй, буцааж шилжүүлэн өгөхгүй байгаа асуудлаар Чингис хаан музейн захирал С.Чулуунаас тодруулахад “Мэдэхгүй" гэх хариултыг өглөө. Учир нь салбарын яам хоёр музейн хоорондын асуудал гэх тайлбар өгсний дээр Ногоон дарь эх бурхан тэргүүтэй 12 үзмэрийг 12-р сарын 9 гэхэд буцаан шилжүүлнэ хэмээн хоёр музейн удирдлагууд гэрээ байгуулсан байдгийг ч тоосонгүй. Тэрээр “Соёлын яамнаас асуу” хэмээн асуудлыг өөрөөсөө мөн л холдууллаа.
Ийнхүү музейн удирдлагууд болон Соёлын яамны хайнга байдлаас болж, Ногоон дарь эх бурхныг өөр газарт шилжүүлж, иргэд сүсэгтэн олон 21 дарь эхэд зорьж очиж эргэл мөргөл хийх боломжгүйд хүрээд байна. Маргааш буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохионо. Гэвч иргэд Богдын хааны ордонд очиж урьдын адил, уламжлал ёсоор эргэл мөргөл хийх боломжгүй болж байна. Хамгийн гол нь үзмэр шилжүүлсний буруутан нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэж байна. Соёлын өвийг дур зоргоороо шилжүүлсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?
Бичлэгийг дээрээс үзнэ үү.