Манай улс мал аж ахуйн орон гэгддэг ч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хог дээр хаягдсан хэвээр байна. Энэ жил нийт нутгаар цас их унаж, 10 гаруй аймагт өвөлжилт хүндрэх төлөв гарсан. Тиймээс ч малчид малаа нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулахаас өөр аргагүйд хүрээд байна. Гэсэн хэдий ч килограмм махны үнэ 5000 төгрөг хүрэхтэй үгүйтэй байна. Хамгийн гол асуудал нь, малын гэдэс дотор, толгой шийр хаягдаж, сум болгонд том хэмжээний “хогийн цэг” бий болж эхэлжээ. Экспортын гарц хаагдахад л мал, махаа хаашаа “шингээхээ” мэдэхгүй, мухардалд орж байгаа нь манай улс өнгөрсөн хугацаанд мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад дорвитой анхаараагүйг харуулж байна.
НИЙТ АРЬС ШИРНИЙХЭЭ 90 ХУВИЙГ ХАГАС БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Өнөөдөр манай улсын ДНБ-ы 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Харин 12,2 хувийг Хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Хэрэв боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж чадсан бол уул уурхайн салбарын өгөөжийг хэд дахин нугалахаар боломж бидэнд байлаа. Гэвч төр зөвхөн нэг салбараас хараат эдийн засгийг бүрдүүлж байна. Арьс шир, ноос ноолуур, малын дайвар бүтээгдэхүүн гээд олон улсад үнэ хүргэж зарах бэлэн “бараа” бидэнд олон бий. Гэвч төрийн дэмжлэг байхгүйгээс энэ бүхэн үнэгүйдэж байна. Жишээлбэл, зөвхөн арьс ширэн дээр л жишээ авахад, манай улс 10-15 сая мал нядалдаг судалгаа байна. Үүнээс 5-7 сая малын арьсыг хагас боловсруулаад БНХАУ руу экспортолдог. Үлдсэн 8 сая арьс шир нь дотоодын 30 гаруй үйлдвэрт очдог байна. Үүнээс 6 сая гаруй хонь, ямааны арьс, 15-30 мянга нь тэмээ, 250 мянга орчим нь адуу, 500 мянга орчим нь үхрийн шир бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид нийт арьс ширнийхээ 90 орчим хувийг хагас боловсруулаад л орхиж байна. Үүний улмаас хонь, ямааны арьс, адуу, үхрийн шир үнэгүйдэж, Эмээлт захад л гэхэд тонн тонноороо хураалгаастай байна. Гэтэл гадны өндөр хөгжилтэй улсууд арьс ширийг гоо сайхны салбартаа хүртэл ашиглаж, дэлхийн брэндийг бүтээж байна.
“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР” ГАЦААНД ОРСОН ХЭВЭЭРЭЭ БАЙНА
Уг нь Засгийн газраас Дархан арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулахаар хэдэн жилийн өмнөөс ажлыг нь эхлүүлсэн ч өнөөдөр энэ ажил урагшлаагүй хэвээр байна. Орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үүнээс 12.7 тэрбум төгрөгийг цахилгааны шугам сүлжээ, дэд станц, цэвэрлэх байгууламж, гадна ус, дулаан хангамжийн бүтээн байгуулалтад зарцуулж, нийт 40,8 тэрбум төгрөгийг гаргасан байна. Салбарын яам орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” компантай 2020 оны тавдугаар сард “Бодлогын гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээнд “Зээлийн хүүгийн татаас олгох гэрээ” байгуулах замаар банк, санхүүгийн байгууллагаас санхүүжих зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан байна. Мөн 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тус цогцолборын бүтээн байгуулалтад зориулан 10 тэрбум төгрөг баталж өгчээ. Гэвч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос, орон нутгийн өмчит "Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийн дэд бүтцийн ажлын магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, өмчлөгч тодорхой бус, тендер зарлах байршил зөрүүтэй, баригдсан бүтээн байгуулалтын ажил нь тендерийн хууль зөрчсөн зэрэг асуудал гарч, ажил саатахад хүрсэн гэж өнгөрсөн долоо хоногт Хүнс хөдөө аж ахуйн сайд тайлбарлалаа. Ганц үүгээр ч тогтохгүй, Засгийн газар 2016 онд буюу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед “21:100” хөтөлбөр зарлаж, 21 аймагт 100 үйлдвэр байгуулна хэмээн зарлаж байсан ч одоог хүртэл үр дүнд хүрч чадаагүй л байна.
Уул уурхайн баялаг бол хязгаарлагдмал нөөцтэй, шавхагдах баялаг. Харин хөдөө аж ахуйн салбарын боломж хязгааргүй юм. Тиймээс төр нэг талаас малчдынхаа орлогыг бодож, нөгөө талдаа үйлдвэрлэл хөгжих боломжоо харж, улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарын бодлогодоо анхаарах цаг ирээд байна. Хэзээ болтол малынхаа гэдэс дотор, толгой шийр, арьсыг хог дээр ачиж буулгаж, булах вэ? Бид малынхаа “баялгийг” дотооддоо боловсруулдаг болох зайлшгүй хэрэгцээ бий болоод байна.