Лантуун дохио ТББ-аас “Ид шидийн уут” төслөө найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тэд алслагдсан дүүрэг, хороодоор явж, хүүхдүүдэд бэлэг гардуулдаг. Зөвхөн бэлэг өгөөд зогсох бус, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг бодитоор харж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг юм. Энэ тухай “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяртай ярилцлаа.
-Ид шидийн уут аянаа хэзээ эхлэв? Ажил нь хэр амжиж байна вэ?
Бид аянаа өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу 17-18-нд эхлүүлсэн. Нийт 18 баг 9 дүүрэгт ажиллаж байна. Шаардлагатай айлуудынхаа жагсаалтыг гаргаад ажилдаа орсон. “Ид шидийн уут” төсөл найм дахь жилдээ үргэлжилж байна. Эхний долоо хоногтоо бид 300 өрхөөр орж, 2000 орчим хүүхдэд хүрч ажилласан.
-Та бүхэн нийгмийн сүлжээнд сэтгэл эмзэглэм олон зураг нийтэлсэн. Алслагдсан хороодод хүүхдийн эрх ямар байдлаар зөрчигдөж байна?
Нийтлэг байдлаар харвал хүүхдүүд үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд түгээмэл өртөж байна. Хүүхдээ өмсөх хувцас, идэх хоолгүй орхичихсон хариуцлагагүй аав ээжүүд маш их байна. Зузаан цамцгүй, зөвхөн курткыг нь өмсүүлээд, аль эсвэл нимгэн гутал, сандаалтай явуулчихдаг байх жишээтэй. Харамсалтай нь, энэ үл хайхрхалтыг байдаг л, энгийн зүйл гэж эцэг эхчүүд өөрсдөө боддог, тоодоггүй болчихсон байна. Эргэн тойронд байгаа хүмүүс нь ч тэгж хүлээж авдаг болжээ. Мэдсээр байж “Өө, ингээд л явж байдаг шүү дээ” гэж боддог. Захын дүүрэг, хороодод амьдарч буй томчуудад үл хайхрах хэлбэрийн хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт дутуу дулимаг байгаа нь эндээс анзаарагдлаа.
Лантуун хүү хуудсанд нийтэлсэн зургийн тайлбар: Өвлийн хүйтэнд зуны сандалтай арван хуруугаа атируулчихсан явсан хэдий ч санта өвөөг хараад хөөрөн догдолсоор холоос гүйж ирсэн хүү минь, уучлаарай биднийгээ. Хүсэл биелүүлдэг шидэт өвөө байж таарах гутал ганц ч байгаагүйд. Муу хүүгээ гомдоочих гээд зузаан оймс давхарлаж өмсгөөд, хэдэн амттан гарт нь атгуулаад л явууллаа даа.
Хүчирхийлэл үл хайхралтаас болж даамжирдаг. Хүүхдээ зөнгөөр нь орхисноос болж, хүүхэд хэнтэй нийлж юу хийж байна, ямар эрсдэлт зан үйл гаргаж байна гэдгийг анхаарах боломжгүй болж байна. Нөгөө талаас хүүхэдтэйгээ огт харилцдаггүй, ярилцдаггүй. Энэ жил бид бүхэн орж байгаа айл бүхэндээ “Сонсож хайрлая” гэдэг уриалгыг гаргаад явж байна.”Хүүхдээ сонсооч ээ, айл ээжтэйгээ ярилцах хэрэгтэй шүү” гэсэн мессежийг өгөхийг зорьж байна.
-Аав ээж нь архины хамааралтай болсны улмаас хүүхдүүд орхигдох тохиолдол цөөнгүй байна. Ийм айлууд олон таарч байна уу?
Архины хамааралтай гэр бүлд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тохиолдлууд маш их байна. Аав нь архи уудаг. Үүнээсээ болоод гэр бүлийн орлогогүй болчихсон. Ингээд өрхийн орлого нь зөвхөн хүүхдийн мөнгөн дээр тогтож байгаа, түүгээрээ хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй байх жишээ олон тааралдлаа.
-10-аад жил эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг баярлуулж, айлуудаар орлоо. Хүүхдийнхээ наад захын хэрэгцээг орхигдуулж, хайхрахгүй байгаагийн цаад шалтгаан нь юу байна вэ?
Гэр бүл төлөвлөлт өнөөгийн нийгэмд ямар чухал вэ гэдгийг эндээс олж харсан. Ямар ч төлөвлөлтгүйгээр олон хүүхэд төрүүлчихдэг. Улмаар тэднийгээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэр бүлүүд олон байна. Наад захын хэрэгцээг нь ч хангаж чадахгүй байна. Залуу ээжүүд ч асар их болж байна. 17-20 насандаа хүүхдээ төрүүлчихсэн залуу ээжүүд түгээмэл. Хүүхэдтэй болно гэдэг эдийн засгийн, хүмүүжил, боловсролын болон бусад хариуцлагын асуудлыг дагуулж байдаг. Гэвч төлөвлөлтгүйн улмаас энэ бүх хариуцлага орхигдож, хүүхэд хохирсоор байна.
-Архины хамааралтай нөхөр нь эхнэрээ зодож, бүр гэрийг нь хүртэл шатаачихсан тухай танайх хуудсандаа нийтэлсэн байсан?
Ид шидийн уут аяныхан явж байхад жил бүр л тохиолддог нийтлэг кэйс тааралдлаа. Нэр ус, хаягийг нь хамаагүй хэлж болохгүй учраас би ерөнхийд нь ярья. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан хүн эхнэртээ улам их дарамт үзүүлдэг болсон байна. Улмаар, зодож, нэг хурууг нь тасалчихсан байсан. Хамгийн сүүлд нөхөр нь гэрээ шатаачихаад өөрөө орон нутаг руу яваад өгсөн байгаа юм. Энэ бол өнгөрсөн сарын сүүлчээр гарсан хэрэг. Одоо энэ гэр бүлд, энэ эмэгтэйд хөрг айлынхан нь л туслаад явж байгаа юм билээ. Бид нийгмийн сүлжээгээр хандив аян өрнүүлж байна. Тусалъя гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс холбогдож байна. Эхний ээлжинд орох оронтой болгож, амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр хичээж байна.
-Төрийн үйлчилгээ иргэндээ хүрч чадаж байна уу, юу олж анзаарав?
Яг дурдсан шиг эрсдэлтэй айлууд дээр шаардлагатай тохиолдолд бид хамтарсан багтайгаа хамтарч ажиллаж байна. Гэхдээ хороо, дүүргийн хамтарсан багийн чадамж муу байна гэж бид анзаарсан. Тухайлбал, хэсгийн ахлагч болон нийгмийн ажилтнуудын хүрэлцээ муу зэргээс шалтгаалж, асар олон айл хяналтаас гадуур үлдэж байна. Төр зүгээр л халамж өгч байгаагаа төрийн үйлчилгээ гэж хараад байна. Үүнээс болж, олон асуудал гарч байна. Энэ айлд ямар эрсдэл байна, үүнийг шийдэхэд юу хийх вэ гээд тэр болгонд хүрч ажиллах тогтолцоо, хүн хүч үнэхээр дутагдаж байна.
-Цаашид анхаарах хүүхэд хамгааллын цогц шийдлийг та бүхэн хэрхэн харж байна вэ?
Бид бүхэн найман жил аянаа хэрэгжүүлж ажиллахдаа халамжаас илүү, хөгжил, хамгаалал чухал юм байна гэдгийг олж харсан. “Лантуун дохио” ТББ үүний шийдлийг аль эрт гаргачихсан. “Ид шидийн орон” төсөл маань үүний шийдэл нь. Бид энэ жишгээ сайн туршлага болгох гээд хичээж ажиллаж байна. Мэдээж төр хүний нөөц, төсөв мөнгөний асуудлаа бодлогын түвшинд яаралтай эргэж харах шаардлагатай. Халамжаа багасгаад, оронд нь хөгжүүлэх, сургах, мэдлэг ойлголттой болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
“Лантуун дохио” ТББ, “Ид шидийн уут” төсөлтэй хамтарч ажиллахыг хүсвэл “Лантуун хүү” пэйж хуудсаар холбогдох боломжтой.