“Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар өнөөдөр /2022.12.22/ хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө. Тэрбээр Сахал Д.Эрдэнэбилэгийн өрийг “Цемент шохой” ТӨХК төлөх ёсгүй гэж мэдэгдсэн юм. Ингээд түүний яриаг хүргэе.
“…Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний үед манай компанийн бүтэц их нууцлагдмал явж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2015 оноос хойш буюу 2022 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл гэсэн үг. Өртгөөсөө доогуур цемент зардаг. Улстөрчдөд цемент өгдөг, түүнийхээ төлбөрийг буцааж авдаггүй. Найдваргүй авлага болгоод, зардалдаа бүртгэсэн байдаг. Энэ бол авлига, бас мөнгө угаалт. Нэг ёсондоо компанийг ёстой баллаж өгсөн байгаа юм. Миний барьж байгаа бүх зүйл санхүүгийн баримтаар нотлогдно. Мэдээллийн үнэн бодит байдалд би гүйцэтгэх захирлын хувиар хариуцлага хүлээнэ.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 2015 онд хувьчлагдсан. Үүнээс хойш жил тутам алдагдал нь 10 гаруй тэрбумаар өссөөр нийт 124,5 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болгоод төрд өгчихсөн. Бизнес эрхлэгч гэж өөрийгөө нэрлэсэн дээрэмчний хийсэн үйлдэл нь ерөөсөө энэ. Бид энэ оны 3 сарын 25-нд үйлдвэрийг төрд буцаан авахад алдагдал яг ийм л байсан. Бид хууль бус санхүүгийн тооцоог нь хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус зээлүүдийг нь зөвшөөрөхгүй гээд шүүхэд өгчихсөн байгаа.
Үйлдвэрийг хүлээн авснаасаа хойш бид 400 мянган тонн цементийнхээ үйлдвэрлэлийг хийлээ. 2015 оноос анх удаа төслийн хүчинд чадалд нь хүргэж цемент үйлдвэрлэсэн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Цементэн дээр ч тэр, шохойн дээр ч тэр ялгаагүй бүтээмжтэй ажилласан. 52 мянган тонн цемент үйлдвэрлээд, биелэлтийг 100,100 хувь давуулчихаад явж байна. Бид цементийнхээ үнийг өсгөх биш, харин ч бууруулсан. Дотоодын хий хоосон зардлуудаа нэлээн танасан.
Үйлдвэрлэлийн түлш түүхий эдэн дээр мэргэжлийн хүний хувьд, мэргэжлийн багтайн хувьд хяналт тавьсны үр дүнд ахиц гарч эхэлж байна. Компани 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 9,7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. 7 жилийн дараа төрийн өмчдөө эргэж ирээд анх удаа ашигтай ажиллаж байна. Бид өнгөрсөн 7 хоногт төрийн өмчийн хороогоор хэд хэдэн шатны хурал дамжиж, 2023 оны эдийн засгийн зорилтот түвшнээ батлууллаа. Энэ тооцооллоор бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэж нийлүүлнэ. Харин үйлдвэрлэлийн үр ашгийг дахин сайжруулах шаардлага байгаа. Ингээд цэвэр ашгийн хэмжээг 2023 онд 21 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьсан. 2022 онд нэг ч төгрөгийн зээл аваагүй.
Нийт 148 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, түлш, түүхий эд, эргэх зуухны тоосгоны нөөцгүй, дансандаа 82 мянган төгрөгтэй үйлдвэрийг бид хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар компанийн цэвэр ашиг 22 тэрбум төгрөгт хүрээд байна. Цалингийн фонд 10 орчим тэрбум төгрөг байсныг энэ жил 21 тэрбум болгож өсгөлөө. Ажилчдын цалин хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Ийм үр дүнтэйгээр энэ оноо хааж байна.
Асар их нийгмийн дарамт, гүтгэлэг дундуур манай Хөтөлийн цемент шохойн үйлдвэр явсан. Сүүлдээ бүр Дарханы замын бүтээн байгуулалтыг зогсоосон гэж гүтгүүлээд явсан шүү дээ. Яг ний нуугүй хэлэхэд Дарханы замд бид 90 мянган тонн цемент өгсөн байдаг. 180 км авто зам барих цементийг манайх өдөр шөнөгүй ажиллаж байж өгсөн. Гэтэл БХБЯ-наас 30 хэдэн мянган тонн цемент өгсөн гэж яриад байгаа. Зөрүү 60 хэдэн мянган тонн цемент нь хааччихсан юм? Алга болчихсон. Бас хулгайлаад цаашаа дамлачихсан юм уу, бүү мэд. Үүн дээр дахиад шалгалт явах ёстой. Тийм учраас энэ ондоо багтаад, Хөтөл цемент.мн сайт дээрээ бүх борлуулалтын гэрээг ил болгоно. Цемент шохойн үйлдвэр янз бүрийн төрийн нууц, оффтейк гэрээнүүдээс хол байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.