Өчигдөр нүүрсний хулгайн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголд Өрөг.мн сайтын Ерөнхий редактор У.Болортуяа оролцож, дараах асуултуудыг асуулаа. Гэвч албаныхан хариултаас бултаж, тоймтой хариулт хэлж чадсангүй.
- Оффтейк гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр нууцад оруулсан. Зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй байдаг. Тэгвэл эцсийн шийдвэрийг хэн гаргасан юм бэ? Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргасан юм уу, УИХ гаргасан юм уу? 2016 оноос өмнөх хуулиар бол эцсийн шийдвэрийг УИХ гаргаж байсан. Энэ шийдвэрийг хэн гаргасан юм бэ?
- Хэрвээ Засгийн газар болон УИХ энэ шийдвэрийг гаргасан бол хариуцлагагыг хэн хүлээх вэ? Оффтейк гэрээ улсад тийм их хэмжээний хохирол учруулсан юм бол шийдвэр гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээх үү? Хэрэв хариуцлага хүлээвэл АТГ мөрдөн шалгах явцад саад учрах уу?
- ҮАБЗ нууцад оруулсан гэж байна. Санаачилгыг хэн гаргасан байдаг юм бэ?
- Гаалийн мэдээллээс харахад 379 мянган тонн нүүрсийг гаргасан юм байна. Бүртгэлгүй нүүрс гарч байхад гаалийнхан яг юу хийж байсан юм бэ? Б.Асралт дарга ажлаа өгсөн. Улстөрийн хувьд ч хариуцлага хүлээхгүй юм уу?
- Хятад улс 20 жилийн хугацаан дахь нүүрсний хэргээ нэхэн шалгаж, 942 хүнд ял оноосон байна. Манай улс хэдэн жилийн нүүрсний хулгайгаа нэхэн шалгаж байгаа вэ? 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын үед баталсан Чалкогийн гэрээг шалгах уу?
- АТГ шалгаж байгаа хүмүүс дотор Засгийн газар болон УИХ-ын гишүүд байгаа юу?
- Нүүрсний хууль бус мөнгө хаашаа ордог юм бэ? Уулын ам бүрд баригдаж байгаа орон сууцны хороолол руу нүүрсний хулгайн мөнгө орж байгаа юм уу? Тархи угаадаг, прогпоганда хийдэг медиа руу энэ мөнгө орж байгаа юм уу? Хууль бус мөнгө чинь яг хаашаа орж байгаа юм бэ?
- АТГ нэг ч хүнд ял завшуулахгүй ажиллана гэдэг мэдээлэл өглөө. Хөндлөнгийн нөлөөгүй, улстөрчдөөс хараат бус ажиллана гэдэг ямар нэг итгэлцлийн хэмжүүр бий юу? АТГ-т яаж итгэх вэ? Хууль хяналтын байгууллагууд шалгаж байна л гэдэг эхнээсээ хэрэг нь хаагдчихсан. С.Баярцогт, Сү.Батболд, Ч.Сайханбилэг гэх мэт. Яг үүн шиг хаагдаад явах юм уу?
- Гаалийн байгууллага 370 мянган тонн нүүрсийг бүртгэлгүй гаргасан юм байна. Цаашдаа ч ингэж гаргасаар байх юм уу? Яг юу хийх вэ? Тоног төхөөрөмжийн хувьд, эрх зүйн хувьд ямар шинэчлэл хийж байгаа юм бэ?Урагшаа харъя гэж байгаа бол ямар өөрчлөлт хийж байгаагаа тайлбарлана уу.
- Эрдэнэс тавантолгойн нүүрсийг төрийн хулгайчид аваад байна. Хувьчлах уу, IPO хийх үү?
Эдгээр асуултын заримд АТГ-аас болон Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгсөн юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
2017 оны есдүгээр сарын зохицуулалтаас хойш үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гэрээ хийнэ гэсэн ойлголт байхгүй. Зөвлөмж л гарна. Засгийн газрын хүрээнд гэрээ хийх субъект рүү чиглэл үүрэг даалгавар өгдөг. “Тавантолгой” компанийн хувьд эцсийн гэрээг ЭТТ дээр үзэглэсэн.
Гааль дээр гарсан зөрчлүүдийн хувьд Гаалийн өөрийнх нь дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд шүү. Асралт даргын үед илэрсэн зөрчил гэсэн үг. Энэ бүхнийг хуулийн байгууллага руу шилжүүлсэн байдаг.
ЭТТ-н хувьд цаашдаа IPO гаргана. 1072 хувьцааг нэмж, хяналтын багц 34 хувь хүртэл ч юм уу. Ингэж олон нийтийн хяналтад оруулж засаглалыг нь сайжруулах замаар энэ компанийн эдийн засагт үзүүлэх нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан.
АТГ:
Гэрээтэй холбоотой асуудал ЭТТ дээр хийгдсэн байна. Тиймээс АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад улс төрийн нөхцөл талаасаа ямар нэг хүндрэл байхгүй. Хууль тогтоомжийн хувьд хүндрэл байхгүй. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд гарч байгаа нэг хүндрэл нь хятадын талд хүсэлт явуулсан хариуны асуудал. Бид 2012 оноос хойш буюу сүүлийн 10 жилийн байдлаар шалгалт явуулж байгаа.
Богд уулыг тойрсон дархан цаазат газрын амуудад баригдсан хувийн хаус барилгын асуудлууд нь судалгааны шатандаа явж байгаа. Эхнээс нь хууль бусаар барьсан газрыг БОАЖЯ-нд хүргүүлж байна. АТГ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаагаа явуулна. Бидний үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллана. Бид энэ хэргийн ард ямар ч байсан гарна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.