Иргэн Б.Бадамцэцэг 2021 оны есдүгээр сарын 5-нд амаржин, охин Цэрэнлхамыгаа төрүүлжээ. Охин нь 33 долоо хоногтой, кесерова хагалгаагаар дутуу төрсөн. Үүний улмаас мөн утаа, агаарын бохирдол зэрэг орчны нөлөөнөөс болж тархи нь бүрэн төлжөөгүй. Тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаад долдугаар сард БНСУ-ын Хүүхдийн эмнэлгийг зорьсон юм.
Монголд байхад нь эмч нар хүүхдийг нь буруу хэвтүүлсний улмаас нуруу нь хазайлттай болсон ба үүний улмаас тархинаас гадна нурууны мэс засалд орох шаардлагатай болж, зөвхөн нурууны эмчилгээнд нь л гэхэд 80 сая вон хэрэгтэй болсон гэлээ. Монголын эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын системийн улмаас монгол иргэд гадаадад эмчлүүлэхэд хүндрэлтэй байгаа тухай тэр учирласан юм. Түүнтэй цахимаар холбогдон ярилцлаа.
-Охиных нь биеийн байдал хэр байна вэ. Одоо ямар эмчилгээ хийлгүүлж байгаа вэ?
-Би долдугаар сарын 3-нд Б.Цэрэнлхам охиноо аваад, Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлэгт ирсэн. Монголоос энд ирэх амар байгаагүй ээ. Онгоцоор, хүчил төрөгчийн аппараттай ирсэн, охин маань.
Монголд байхад эмч нар бараг “Эмчлэх боломжгүй. Хоёр хоногийн дараа аппаратыг нь салгана” гэж байлаа. Хэрхэн оршуулах тухай яригдаж байсан. Би бууж өгөөгүй. Бууж өгөхийг хүсээгүй. Ямар ч байсан гадаад руу явж эмчлүүлье гэж зорьсон. Ирсний хэрэг бүтэж байна аа. Энд ирэхээс өмнө охины минь үс, шүд ургаагүй байсан. Одоо үс, шүд нь ийм хөөрхөн ургачихсан. Хүүхдийн минь бие өдрөөс өдөрт сайжирч байгаа. Олон жилийн турш уйгагүй эмчлүүлж чадвал эдгэх боломжтой гэж эмч хэлсэн. Мэдээж охиноо эдгээнэ, эмчилнэ гэсэн итгэл дүүрэн байна.
-Монголд тархины хүчилтөрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдсон. БНСУ-д онош нь таарсан уу?
-Охины тархи хатингарших маягтай болсноос тийм аймар таталт өгөх хэмжээнд хүрээгүй гэсэн. Дөрвөн мөчний саажилттай гэж оношлогдсон. Би жирэмсэн байхдаа эмчийн хяналтад тогтмол орсон. Эв эрүүл төрсөн охин минь ийм болчих гэж. Харамсалтай, гомдолтой байна.
-Төр засагт, эрүүл мэндийн салбарт уу?
-Тийм ээ. Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу байгаагийн горыг үр минь амсаж байна. Мэндэлснийх нь дараа шуурхай, зөв эмчилгээ аваагүйгээс ийм байдал үүссэн. Дахиж өөр хүүхэд ингэж эрүүл мэндээрээ хохирох вий, аав, ээжүүд сэтгэлийн “там”-д унах вий гэж санаа зовж байна.
-Охин нь тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтайг та хэзээ мэдсэн бэ?
-Би охиноо тээж байхдаа эмчид тогтмол үзүүлж, эмчийн хяналтад байсан. Тэгэхэд ямар нэгэн эмгэг, сөрөг зүйл илрээгүй. Эмч нар “Эрүүл бойжиж байна” л гэдэг байлаа. Охин минь кесерова хагалгаагаар, найман сартай дутуу мэндэлсэн.
Би амаржаад 3-4 хоноод байхдаа төрөх эмнэлгээс халдвар авсан. Коронавирусийн халдвараа эмчлүүлэх 10 гаруй хоногийн хугацаанд хүүхэд маань эмнэлгийн хяналтад байсан.
Төрснийхөө дараа ч охин минь тархины хүчил төрөгчийн дутагдалтайг би мэдээгүй. Эмч нар “Уушигны хатгалгаатай байна” гэсэн. Дахиад хэд хоногийн дараа тархины хүчил төрөгчийн дутагдалтайг нь мэдсэн. Хүмүүст ойлгомжтойгоор хэлэхэд, охины минь тархи арзгар байх учиртай ч хэсэг газраа гөлгөр байгаа юм.
“Охинтой боллоо. Коронавирусийн халдвараа гялс эмчлүүлчихээд охиноо тэврэх сэн” гээд яарч байсан би сэтгэлээр унасан. Хүүхэд өвдөх хэчнээн хэцүү билээ. Хөөрхий минь ийм жаахнаасаа ингэж зовж, эмнэлгийн орон дээр байгааг нь харах надад үнэхээр хэцүү байна. Оронд нь би өвдөөд, охин минь эрүүл байсан ч болоосой.
-Та сая хүүхдээ тээж байхад ямар нэгэн гажиг илрээгүй гэлээ. Тэгэхээр охиных нь тархи бүрэн төлжөөгүй гол шалтгаан юу бол?
-Дутуу төрсөн, тэгээд утаа, агаарын бохирдол нөлөөлсөн гэж би бодож байна. Охиныг маань ид бүрэлдэж байхад Улаанбаатар ид утаатай үе таарсан.
Наймдугаар сарын 29-нд ээж минь бурхан болсон. Би есдүгээр сарын 5-нд дутуу төрсөн. Эмнэлэгт, эмчийн хяналтад байсан тул ээжийгээ оршуулахад нь ч явж чадаагүй. Охины минь тархи бүрэн төлжөөгүй байсан.
Би хэдэн жилийн өмнө хөлөө эмчлүүлж байсан. 2-3 жил эмнэлгээр явах, “Эдгэчих юм сан” гээд эмнэлгийн орон дээр найдвар тээн хэвтэх хэцүү. Би одоо группт байдаг. Хөл минь одоо ч зовиуртай хэвээрээ. Охин минь над шиг битгий зовоосой, эрүүл саруул өсөөсэй гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Багад нь эмчлүүлээгүйн улмаас охин саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй болвол яах вэ. Охиноо л эмчилж, эрүүл болгож л байвал надад үнэндээ хайрлах юм алга. Хань бид хоёр өнөөдрийг хүртэл эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа.
-Эмчилгээний бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа юу?
-Тэгж байгаа. Монголын даатгалын систем гадаадад үйлчилдэггүй. Бүх эм тариа, эмчилгээг 100 хувь хувиасаа, бүтэн үнээр нь авч байгаа. Тэгэхээс ч өөр аргагүй. Өдөрт охины эмчилгээнд дунджаар 280-580 мянган вон зарцуулж байна. Аав нь өдөржин ажил хийгээд эмчилгээнийх нь 50 хувийг л олдог.
-Бусад зардлыг нь хэрхэн зохицуулж байна вэ?
-Эмчлүүлж буй эмнэлэгтээ өр тавьж байгаа. Монголоос цуглуулж ирсэн хэдэн төгрөгөө хэрэглээд дууссан. БНСУ-д амьдарч буй монголчууд маань их тусладаг, хандив өгдөг. Олны сайхан сэтгэлийн хүч, дэмээр л болгож байна.
-БНСУ-д очоод зургаан сар болж байна. Охиныхоо биеийг 100 хувь оношилсон уу?
-Оношлоогүй. Охины маань уушгийг их муу байна гэсэн. Би төрснийхөө дараа коронавирус туссан гэж түрүүн хэлсэн. Тэгэхэд охин минь надаас халдвар авчихсан байсан шиг байгаа юм. Эмч нар халдвар авсныг нь мэдээгүй, эмчилгээ хийгээгүй. Үүний улмаас уушиг нь муудсан гэж эндхийн эмч нар хэлсэн. Үүнээс гадна бас нэгэн асуудалтай тулгарлаа. Тэр талаараа ярьж болох уу?
-Болно оо.
-Охин минь залгих рефлексгүй. Охин минь төрснөөсөө хойш энд иртлээ эмнэлэгт байсан. Уушиг руу нь сүү оруулахгүйн тулд босоогоор нь тэвэрч, өндөр дэрэн дээр нурууг нь хотойлгож хэвтүүлээд байсан. Үүний улмаас охины минь нуруу буруу хөгжчихөж. Энийг нь БНСУ-д ирээд л мэдлээ. Мөнгөгүй гээд охиноо муруй нуруутай болголтой нь биш. Ямар ч байсан эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаад эмчилгээ хийлгүүлнэ, мэс засалд оруулна. Охины нурууг эмчлэхэд 80 сая вон шаардлагатай гэнэ.
-Үүнд эмч нар буруутай юу. Эсвэл таны буруу юу?
-Шууд хэлэхэд эмч нарын буруу. Монголын эмч нарын мэргэжлийн бус, хариуцлагагүйн алдаа.
-Гадаадад эмчлүүлэхэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу байна вэ?
-Би хүүхдээ БНСУ-д эмчлүүлэхийн тулд өнгөрсөн XII сард виз мэдүүлсэн. Тухайн үед гадаад руу гарах 26 өвчин дотор хүүхдийн саа, саажилт багтаагүй байсан юм. Үүний улмаас Солонгос руу шуурхай ирж чадаагүй. Хүлээж, хүлээж байгаад VII сард ирсэн.
Энд ирсний дараа “Дөнгөж мэндлэхэд БНСУ-д эмчлүүлсэн бол, анхнаасаа энд төрсөн бол танай хүүхдийг 100 хувь эмчлэх, аврах боломжтой байсан” гэж хэлсэн. Солонгос эмч нар тэгж хэлэх эх хүнд маш хэцүү байна. Монгол Улсад, монгол хүн болж төрсөн нь миний охины буруу биш. Ер нь гомдол хэзээ ч тасардаггүй юм байна.
Би өөрөө зөндөө өвдөж байсан. Монголын ард түмэн мэднэ. Би өөрөө өвдөхөд сэтгэл ингэж эмтэрч байгаагүй. Хүүхэд өвдөх маш хэцүү. Уйлах гээд ч сүүлдээ нулимс ширгэдэг юм байна.
Би өнгөрсөн хугацаанд тэсэрсээн, тэсэрсэн. Хэвлэлийн хурал ч хэд хэдэн удаа хийж байлаа.
Монгол хүн бүр тэгш эрх эдэлж, гадаадад даатгалаар эмчилгээ, мэс засалд тодорхой хөнгөлөлт эдэлдэг болмоор байна. Үүнийг эрх баригчдаас, Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос гуйя.
Охин бид хоёрт туслаж, сэтгэлийн хандив өргөж байгаа бүх монголчууддаа баярлалаа. Монгол Улсад саа, саажилттай 14.100 хүүхэд байдаг. Ийм хүүхэдтэй ээжүүд сэтгэлийн маш өндөр хаттай, тэнхээтэй байж, “Хүүхэд минь яагаад ийм болчихов” гэж гуниж, гутрахаасаа ийм хүүхдийнхээ төлөө амьдраарай, бүхнээ зориулаарай л гэж хэлмээр байна.