Аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагууд, тур операторууд нэгдэн Монгол улсын аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан заалтуудад өөрчлөлт оруулах талаар санал, бодлоо илэрхийллээ.
Тэдний төлөөлөл “Энэ хуулийн хэд хэдэн заалт нь аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа байгууллагуудыг дарамталсан, шахсан, боймолсон зүйл, заалтууд орсон байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” хөтөлбөрт нийцэж байна уу, үгүй юу.
Мөн 2023-2025 он хүртэл Монгол улсад зочлох жил болгон зарласан. Энэ хугацаандаа аялал жуулчлалын салбарынхнаа дэмжиж, гаднын жуулчдыг Монголоор аялуулъя, дотоодын жуулчдаа зөв зохистой аялах соёл түгээе гэсэн заалтуудаа хааж, боосон зарим заалт орсныг өөрчлүүлэх хүсэлтэй байна.
Тур операторууд буюу гадаадаас жуулчин оруулж ирдэг гол байгууллагынхаа үйл ажиллагааг боймолсон тусгай зөвшөөрлөө эргэн хараач. Энэ нь манай аялал жуулчлалын салбарт байх ёсгүй. Бид энэ тусгай зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тухайн улс орны аялал жуулчлалын 70-80 хувийг дотоодын аялагч бүрдүүлдэг. Гэтэл энэ хуульд дотоодын аялал, аялагчдын эрх ашгийг хамгаалах талаар ямар ч зүйл заалт ороогүй байна. Тусгай хамгаалалттай газруудад тодорхой заалтууд байдаг. Харин улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэдэг шинэ нэр томъёо энэ хуульд оруулсан байна. Аялал жуулчлалын бүсд Монголын бүх л үзэсгэлэнтэй газрууд орох юм шиг санагдаж байна. Энэ газруудад отоглох цэгт хоноглоогүй л бол нэг хүн 100 мянган төгрөгөөр торгууль төлнө гэсэн заалт оруулсан байна. Гэтэл өнөөдрийн байдлаар байгалийн үзэсгэлэнт газруудад байгаа отоглох цэгийн хүрэлцээ ямар билээ. Аль болох аяллын боловсрол талаас нь сургаад, зөв аялах талаар зөвлөх ёстой болохоос хааж, боож, торгож болохгүй. Тиймээс энэ заалтыг эсэргүүцэж байна.
Аялал жуулчлалын компанийн гол бүтээгдэхүүн бол маршрут байдаг. Гэтэл маршрутыг орон нутгийн засаг захиргаа батална гэсэн заалт нэмэгдсэн. Энэ нь хүнд суртлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Манай салбар ганц улс төржөөгүй салбар байсан. Одоо улс төржөөд байна гэж харж байна. Энэ олон тусгай зөвшөөрлийн цаана авилга, хээл хахууль байна. Тиймээс салбараа аль болох улс төрөөс ангид байлгамаар байна. Хувийн хэвшлийнхэн ажлаа хиймээр байна. Хуульд хулгайгаар орсон заалтуудыг эсэргүүцэж байна” гэсэн юм.