Ирэх оноос Засгийн газар дахь хяналтын тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Ингэснээр төрийн албан дахь хууль бус асуудлууд цэгцэрнэ гэж үзэж байна. Уг хуулийг 2023 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлж баталжээ. Хуулийг баталснаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ гэж харж байна.
Үндэсний аудитын газрын шалгалтаар Засгийн газрын 2021 оны үйл ажиллагааны тайлангаас 10,5 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Үүнд Гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогдогч тодорхойгүй, олон жил болсон 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй, зээлийн хүүг тооцож, бүртгээгүйгээс 234.8 тэрбум төгрөгийн авлагыг дутуу тайлагнасан зэрэг ноцтой зөрчлүүд багтсан. Өөрөөр хэлбэл, нийт төсвийн 70 хувь нь зөрчилтэй гэсэн ноцтой дүн мэдээг танилцуулсан юм. Гэвч төсвөө зах замбараагүй зарцуулсны хариуцлагыг хэн ч үүрээгүйн дээр, албан тушаалтнуудыг толгойг “илээд л өнгөрсөн”. Тиймээс ирэх онд төсвийн хяналтыг чангатгах, төрийн албаны хариуцлагыг хаа хаанаа сайжруулах хэрэгтэй гэдэг асуудал дээр санал нэгдэж эхлээд байна. Харин хуулийг шат шатандаа хэрхэн мөрдөх, бодит үр дүн гаргаж чадах уу гэдгийг харах үлдэж байна.