2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт хийх асуудлыг зохицуулдаг. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулснаас хойш олон судалгаа хийж, хэлэлцүүлэг үе шаттайгаар зохион байгуулсан байна. Үүний хүрээнд хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлууд болон хөрөнгө оруулалтын орчныг бодитойгоор сайжруулж, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж буй юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар болон хөрөнгө оруулалт, мөн Оюутолгойн хэлэлцээрийн явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо дараах зүйлийг хэлж байна. Тэрбээр хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд ирэх сард УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.
- Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэгт хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлого хамаардаг. Тус яамны харьяа Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг 2023 оноос байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна
- Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим заалт практикт хэрэгжээгүй, бусад салбарын хуулийн зохицуулалттай уялдаагүй байсан зэрэг шүүмжлэл, санал ирсэн. Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын статус, чиг үүрэг сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байсан нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн болов уу.
- Мэдээллийн технологи, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад гадаадын хөрөнгө оруулагч тус бүр дор хаяж 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагыг өөрчлөх саналыг мөн ирүүлсэн.
- Манай улсын хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлдөг асуудал бол маргаан шийдвэрлэхэд хугацаа их алддаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаашралтай байдал. Гэрээний хэрэгжилтийн асуудал гэсэн үг л дээ.
- 2021 оны III улирлын байдлаар хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт тоо 850 байгаа нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 2.6%-ийг хамардаг, мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1,706 байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 1.1%-ийг хамарч байна. Мэдээж геологи, хайгуулын салбар хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаарддаг, эрсдэл өндөртэй.
- 2016 оноос хойш геологи, хайгуулын салбарт оруулсан хувийн хөрөнгө оруулалт жил бүр буурсан үзүүлэлттэй байна. Ирүүлсэн тайлангаас харахад 2016 онд хувийн хөрөнгө оруулалт 175 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 99 тэрбум төгрөг болж буурсан байна.
- Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх мэдээж чухал. Гэхдээ нөгөө талаас огт өөрчлөгдөхгүй нөхцөл байдал гэж байхгүй шүү дээ. Бид Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж байсан. Энэ гэрээг тодорхой давтамжтайгаар дүгнэх, эргэж харах заалт гэрээнд байдаггүй. Мэдээж хөрөнгө оруулалтын зардал ихтэй томоохон төслийг хэрэгжүүлэхэд тогтвортой байдал чухал ч нөгөө талаас 30 жилийн хугацаа үнэхээр шаардлагатай юу
- Бид хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхаас гадна хангалттай хэмжээнд уян хатан байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцэж талуудын эрх ашиг, эрсдэл хуваарилах зарчимд хэт сөргөөр нөлөөлж, маргаан үүсэхгүй байхад анхаарах нь мөн чухал. Аливаа гэрээ талуудын эрсдэлийг шударгаар, тэнцвэртэй хуваарилбал он цагийн шалгуурыг давж, тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
- Хууль зүй, дотоод хэргийн яам Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай болон Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг боловсруулж олон нийтээс санал авч байна. Манай яамны вэб хуудас(www.mojha.gov.mn)-т хуулийн төслүүдийг байршуулсан. Эдгээр хуулийн төслийг боловсруулах практик шаардлагын хувьд хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгад тодорхой мэдээлэл, судалгааг оруулсан.
- Судалгаанаас харахад 2021 оны байдлаар сар бүр дор хаяж 10 гаруй тэрбум төгрөгийг цахимаар бооцоот тоглоомын үйлчилгээ авах зорилгоор гадаад улсууд руу шилжүүлсэн байна
- Оюу толгой" төслийн үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдуулж баталсан буюу “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Засгийн газрын зарим гишүүд өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж байна.
- Яриа хэлэлцээ эцэслээгүй, дуусаагүй. Бид Лондоны олон улсын арбитрын шүүхэд арбитрын маргааныг түр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. “Оюу толгой” компани 2018, 2020 онд гарсан нийт 1 их наяд төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. “Рио Тинто” компанийн зүгээс аль болох зөвшилцөх саналыг дэвшүүлсэн. Бид мэдээж өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд татварын маргааныг шийдвэрлэх шаардлагатай. Мөн мэдээллийн тэнцвэргүй байдлыг бүрэн арилгаж, “Оюу толгой” компанийн засаглалыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.
- “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ буюу компанийн засаглалын суурь асуудлыг зохицуулсан гэрээ өөрчлөгдөх хүлээлт үүсээд байна
- Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтад санхүүжилт, зардалд хөндлөнгийн аудит хийлгэх, төслийн ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай
Эх сурвалж: Ikon.mn