Өнөөдөр гудамжаар зөрж өнгөрч байгаа бүрийн мөрөөдөл нь байртай болох, яаж ийгээд ипотекийн зээлд хамрагдах болж байна. Гэтэл эрх баригч намынхан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар хойшлуулах нэрийн доор зээлээ хүлээж байгаа мянга мянган хүний боломжийг хаах гэж байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн тооцоололгүй шийдвэрээс болж, зээл олголт зогсох эрсдэл үүсээд байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5 удаагийн шийдвэрээр 3,5 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулжээ. Энэ шийдвэр цар тахлын хүнд үед ач тусаа өгсөн. Гэхдээ дахиад сунгаж болохгүй гэж эдийн засагчид эрс шүүмжиллээ. Өнөөдөр 65 мянган зээлдэгчийн 68,3 хувь нь сард 200-600 мянган төгрөг төлж байна.
Барилгын салбар сүүлийн 4-5 улирал алдагдалтай ажиллаж, зарим ААН-үүд хаалгаа барьж эхэлсэн. Одоогоор нийт чанаргүй зээлийн 14 хувь нь энэ салбарт байна. Хэрвээ зээлийн эргэн төлөлтийг дахиан сунгавал салбар битгий хэл, зээлийн тогтолцоонд асуудал үүснэ гэж анхаарууллаа. Ийнхүү зээлийн явж байгаа зээлийн тогтолцоог татаж унагах,эдийн засагт, иргэдийн амьдралд хор хөнөөлтэй шийдвэрийг эдийн засагчид эсэргүүцэж эхэллээ. Зээлээ хүлээж, сарын цалингаа түрээсийн байранд бүтнээр нь зарцуулж байгаа олон хүн эрх баригчдын популист саналыг шүүмжилж байна.
МУИС-ийн багш, эдийн засагч Б.Оюун:
Хэрвээ эдийн засагт, мөнгөний урсгалд нэлээд саад учирна. Эдийн засагт мөнгө эргэлдэж байх учиртай. Ингээд дараагийн удаад зээл авах хүмүүст хэцүүхэн болно. Барилгаа барьчихсан компаниудын хөрөнгө үхмэл байдалд орно. Зогсонги байдлаасаа гарах боломж улам л хаагдана. Цар тахлын үед бол өөр байсан. Харин өнөөдөр өөр болсон. Эдийн засаг сэргэж байгаа үед мөнгийг “царцааж” болохгүй. Зээл авсан бол төлөх нь тодорхой. Хэрвээ төлөлтийг хойшлуулаад байвал иргэд ч гэсэн “Төр засаг харж үзээд байдаг юм” гээд идэвхгүй байдалд шилжинэ. Тэгэхээр төлөлтийг дахин зургаан сараар хойшлуулах шийдвэр аль ч талаараа эдийн засагт сөрөг шийдвэр болохоор байна. Өмнөх зээлийн төлөлтөөс дараагийн зээлийн эх үүсвэр бүрдэж, хүмүүс шинээр зээл авах боломж бүрдэнэ гэдгийг л анхаарах хэрэгтэй байна.
МУИС-ийн эдийн засгийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа:
Ипотекийн зээл авч байгаа хүмүүс эрсдэлээ тооцоолдог. Сард хэдийг төлөх гэх мэтээр санхүүгээ тооцож зээлээ авдаг. Гэтэл энэ хүмүүсийн өмнөөс яагаад төр шийдвэрээ гаргаад байгаа юм бэ гэдэг нь асуудал болж байна. 60 гаруй мянган хүний өмнөөс төр шийдвэр гаргаж, зээл авахаар хүлээж байгаа олон хүний боломжийг хааж хэрхэвч болохгүй. Үнэхээр зээл хойшлуулах шаардлагатай юм бол төрд нарийн тооцоолол байх хэрэгтэй. Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил нь юу юм, яагаад хойшлуулах хэрэгтэй байна гэх мэтээр тооцох чухал. Гэтэл нарийн тооцсон зүйл харагдахгүй байна. Орон сууцны эрэлт нийлүүлэлт нэг үеэ бодоход гольдролдоо орох тал руугаа явж байхад төр гэнэт ийм тооцоогүй шийдвэр гаргах нь буруу.
Монголын барилгын үндэсний ассасиацийн зөвлөх, доктор: Ж.Дэлгэрсайхан:
Өнгөрсөн хугацаанд 5 удаагийн шийдвэрээр 3,4 их наяд төгрөгийн зээлийн төлөлтийг хойшлуулснаараа барилгын салбарт төдийгүй, зээлийн тогтолцоонд томоохон цохилт болсон. Үндсэндээ санхүүгийн үндсэн зарчмын эсрэг үйлдэл болсон. Өнгөрсөн гурван жилд сар бүр 30 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирэхгүй зогсонги байдалд орсон. Үүнээс шалтгаалаад зээл авах гэж байгаа иргэдэд хүртээмжгүй байна. 10 хүн тутмын хоёр нь л хүсэлт гаргаад зээл авч байна шүү дээ. Хэрвээ энэ шийдвэр сунгагдвал дахиад л улам хүнд байдалд орно. Барилгын салбарт чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Чанаргүй зээлийн 14 хувь энэ салбарт байгаа буюу уул уурхайн салбарын дараа орж байна. Энэ бол бодит эрсдэл. Нөгөө талаар, МИК банкуудаас зээлийг нь худалдаж аваад бонд гаргадаг. Гэтэл энэ бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүйд хүрлээ. Нэгэнт жигдэрсэн тогтолцоогоо татаж унагах вий гэж болгоомжилж байна. Хэрвээ зээлийн системд асуудал үүсвэл үүнийг дахиж сэргээхэд их цаг болно. Хэцүү болно” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.