“Үхтэл үр харам” гэх үгний утгыг амьдралаараа харуулж буй Ц.Оюунбаатаргуайтай бид ярилцлаа. Арван жилийн өмнө ханиа алдаж, оюуны бэрхшээлтэй хүүгээ ганцаар асран өнөөдрийг хүрсэн тэр хүүгийнхээ төлөө, хүүтэйгээ ижил олон мянган хүмүүсийн төлөө амьдралынхаа 30 жилийг зориулж, өвдөж шаналах эрхгүй тэмцсээр иржээ.
-Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу? Би Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар гэж хүн байна. Хүүтэйгээ хоёулаа, нэгнийгээ асарч амьдарсаар 10 жил болжээ.
-Та хоёрын амьдрал хэрхэн өрнөж байна даа?
-Нэгнийхээ дутууг нөхөөд явж л байна. Хоёулхнаа байхад бэрх үе бишгүй бий. Би өөрөө ослоос үүдсэн бэртэлтэй, хүү маань оюуны хомсдолтой. Дэлгүүр орохоос эхлээд л асуудал олон тулгарна. Охидуудынхаа гэрт хааяа очдог л юм. Айлд байнга байгаад байвал хүүхдүүддээ ч хүндрэл учруулна. Тиймээс хоёр биенээ болгох гээд л явж байна.
-Таны хүү яагаад оюуны бэрхшээлтэй болсон юм бэ?
-Оюуны бэрхшээлтэй хүүтэй гэдгээ эхнэр бид хоёр 1993 онд мэдсэн. Ой хүрээгүй байхдаа хатгалгаагаар өвчилж эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үеийн эмч нар хүүхдийн хатгалгааг антибиотикоор эмчилнэ гэж баахан антибиотик хийсний уршгаар сонсгол нь муудаж сүүлдээ унадаг болсон. Ингээд оюуны хомстолд ороод эхэлсэн. Хөгжлийн бэрхшээл дундаа оюуны бэрхшээл тун бэрх. Өөрийгөө бусдад илэрхийлэх боломжгүй. Тиймээс миний хувьд халамжийн ажилтан нь ямар ч тайлбаргүйгээр эдгээр хүмүүсийг хүлээж авдаг. Халамжийн мөнгөө банкин дээр очоод ямар ч бэрхшээлгүйгээр авчихдаг. Дэлгүүрээс түүгээрээ худалдаа хийчихдэг ийм л нийгмийг бүтээхийн төлөө явж байна.
Хүн чинь үрээ урдаа оруулах дургүй байдаг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд надаас түрүүлээд яваасай гэж хүсэж байгаа. Байгаа хугацаанд нь хүн шиг сайхан байлгая л гэж…
ХҮНИЙГ ҮЗЭМЖЭЭР НЬ БИШ УХААНААР НЬ ДҮГНЭДЭГ ЦАГ ИРЭЭСЭЙ…
-Та хэзээнээс таягтай явах болсон юм бэ?
-1993 оны үед би машины осолд орсон юм. 90-ээд оны үед хүмүүс амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд эд наймаанд явж байсан үе л дээ. Тухайн үед багш хийдэг байснаа больж, урагшаа бараа гаргах гэж яваад осолдчихсон. Ханийнхаа хүчинд л хөл дээрээ боссон доо. Сайн хань надад заяасан. Би хоёр жил хэвтэрт байсан хүн шүү дээ. Хөл дээрээ босоод зүгээр шууд явчихгүй. Хөлд орж байгаа юм шиг л мэдрэмж төрж байлаа.
Энэ явдал болсны дараа найз нөхөд дээрээ очиход намайг хүн гэж тоогоогүй. Тэр үед би, “Хүн ер нь ийм л байдаг юм байна. Дараа нь арай өөрөөр харагдъя” гээд буцаад багш хийсэн. Ингээд явж байхад хүн арай өөрөөр харж эхэлдэг юм билээ. Хүнийг ухаанаар нь дүгнэдэг цаг ирээсэй л гэж хүсэж байгаа. Үзэмжээр нь биш.
Осолд орсны дараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ТББ байгуулъя гэдэг санаа төрсөн. Тэр үеэс л эхлээд талийгч намайг дэмжиж байсан даа.
-2012 оноос хойш та хүүгийнхээ төлөө ганцаараа явж ээ дээ?
-Тийм ээ. 2012 оны 12 дугаар сарын 20-нд хань маань өөд болсон. Тэгэхэд миний амьдрал хөмрөх шиг л болж билээ. Муу хань минь хүүдээ их зовж явсан биз. Гэхдээ яах вэ эцэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө явж, зөв зүйлийн төлөө хичээж байгаа учраас санаа амар явсан байх.
ЭХНЭР МААНЬ ӨӨД БОЛОХОД АМЬДРАЛ ХӨМРӨХ ШИГ Л БОЛСОН
-Та ганцаардаж байна уу?
-Ханиа алдсаны дараа эр хүн, эмэгтэй хүн шиг уйлаад байдаггүй. Дотроо хэлж, ярихыг хүссэн олон зүйл тээдэг л юм. Хэнд очиж хэлэх вэ дээ. Заримдаа нэг зуу татдаг байсан. Нуугаад яах вэ. Гэртээ ганцаараа дүмбийгээд л сууна.
Хүүхдүүд ирэх нь ирнэ. Гэхдээ эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд гэж монголчууд зүгээр нэг хэлчхээгүй юм билээ. Хүүхдүүд, “Аав сайн уу?” гэнэ. Би “Өө сайн байна” гэчихдэг. Гаднаас харахад сайн байгаа юм шиг мөртөө дотор ямар байгааг хэн ч мэдэхгүй дээ. Хүүхдээд маань дараа л ойлгоно. Амьдрал гэдэг чинь өргөн цар хүрээтэй. Туршлагаар мэдэгддэг зүйл шүү дээ. Бид ч гэсэн 40-50 нас хүртлээ аав ээжийгээ мөнх юм шиг л бодож явсан. Би одоо л аавынхаа зовлонг ойлгож байна. Хүн амьдралаараа туулдаг л юм байна. Талийгчийг өнгөрсний дараа би нэг жил, “бэрхшээлтэй хүмүүсийн төлөө явах хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу” гээд гэртээ байсан. Яалт ч үгүй хүү хажууд байгаа учраас, “би хүний төлөө яваагүй шүү дээ. Би хүү шигээ олон хүүхдүүдийн сайн сайхны төлөө явж байгаа юм чинь” гээд эргээд ажилдаа орсон. Хувь заяатайгаа тэмцэж байна шүү дээ. Заримдаа өөрийгөө “яагаад ийм азгүй юм бэ” гэдэг бодол төрдөг.
АМЬДДАА Л БИЕНЭЭ ХАЙРЛААРАЙ
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн төлөө юу хийв ээ?
-30-аад жилийн хугацаанд нэлээн олон ажил хийсний үр дүнд нийгмийн хандлага бол өөр болсон. Гудамжинд зөрөхдөө, хөгжлийн бэрхшээлтэй хүн рүү гайхаад хардаг монгол хүн одоо байхгүй. 90-ээд оны үеийг бодвол эрх зүйн орчин ч хамаагүй дээр болсон. Мөн үзүүлж байгаа үйлчилгээ, төсөв санхүү нь нэмэгдсэн. Гэхдээ яг иргэндээ очиж байна уу гэвэл асуудал бий.
-Та залуу хүн биш. Ядарч туйлдах нь олон болсон байх гэж бодох юм.
-Заримдаа өвдөөд хэвтчихээр хамгийн түрүүнд хүү бодогддог юм. уг нь хэвтмээр л байдаг. Систем нь зөв болоогүй байхад би хүүгээ яагаад орхих ёстой гэж гээд л шүд зуугаад босож байгаа. Миний хүүхэд ийм байхад бүр хүн танихгүй, уулын мухар, хотын захад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн яаж гадуурхагддаг бол гэж бодохоор зүрх шимширдэг. Байх хугацаандаа хийж чадах зүйлээ хийнэ л гэж боддог.
-Танд манай үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?
-Хүн хоёр биеэ гэж нийлээд л хүүхдүүдтэй болсны дараа тэдний ирээдүйн төлөө явж байгаад насыг бардаг юм байна. Би яриагаа О.Дашбалбарын үгээр дуусгая. Амьдадаа бие биеэ хайрлаж явъя хүмүүсээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.