Хүүхдүүд зам тээврийн осолд өртлөө, автомашинд “шүргүүллээ”, гэмтэл авлаа гэх мэдээлэл энгийн үзэгдэл мэт болоод хувирчихлаа. Энэ бол эмгэнэл. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд бага насны хүүхдийг жолоодох эрхгүй жолооч дайрч, одоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Албаныхан “Хүүхдийн биеийн байдал сайн. Хөнгөн зэргийн гэмтэлтэй гээд байхад битгий дахин асуу” хэмээн хаалгаа тас хааж аваад суучихлаа. Эндээс л бас л дахин эмгэнэлт дүр төрх харагдаж байна. Бид хүүхдэдээ ийм хайргүй болсон юм гэж үү? Хэдэн тоннын жинтэй машин 40 килограмм жинтэй хүүхдийг нидэрч чирэв. Гэвч “хөнгөн гэмтэл юм гэнэ лээ” гээд л нийтээрээ халаглаад л өнгөрч байгаа нь харамсалтай.
ХҮҮХДИЙН ГАРЦААР ГАРЧ БАЙХАД НЬ ХОХИРООХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА
Тээврийн цагдаагийн албанаас гаргасан мэдээллээр, он гарсаар улсын хэмжээнд 536 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс 485 хүүхэд нь гэмтэл бэртэл авч, 51 хүүхэд нас барсан харамсалтай дүн мэдээ байна. Харин өнгөрсөн 2021 оны статистик мэдээллийг авч үзвэл 625 хүүхэд осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсан байна. Энэ бол ЕБС-ийн бүхэл бүтэн хоёр ангийн хүүхэд урьдчилан сэргийлж болох ослоос болж нас баржээ гэх харамсалтай дүн. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Бидний хайхрамжгүй, анхааралгүй, болгоомжгүй, хүүхдэд ээлгүй ханддагаас болж хүүхдүүд хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн талаас илүү нь "явганаар зорчиж байх" үедээ аюул өсөлд өртөж байна. Энэ эрсдэлийг бууруулах боломж бидэнд бий. Замын хөдөлгөөний дүрмийг томчууд, хүүхэдгүй мэдэх, сурталчлах, осол гарч байгаа шалтгааны датаг илүү сайжруулж, бууруулах арга хэмжээг холбогдох дэд бүтэц, соёлыг сайжруулах замаар авах, суудлын бүс зүүх, гэрэл солигдоход дайрдаг, гарцаар гарч байгаа хүнд зам тавихгүй байгаа нөхдийг журамлах гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй. Үнэндээ өнөөдөр гарцаар зам гарч байхад шууд дайрдаг, гарцан дээр зогсдог гээд явган хүнд ээлгүй байдал хэт их байна” гэсэн юм.
ДӨРВӨН ЖИЛД 2400 ХҮНЭЭ ЗУУРДААР АЛДЛАА
Дэлхийн банкны судалгаагаар олон улсад 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Харин манай улсад энэ үзүүлэлт харьцангуй өндөр буюу 100 мянган хүн тутмын 21 нь нас бардаг гэсэн статистик гарчээ. 2017-2021 онд зам тээврийн ослын улмаас нийт 2443 хүн амь насаа алдсан байна. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн сумын хүн амын тэн хагас нь зуурдаар өөд болсон гэсэн үг. Зам тээврийн ослын гол шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсонтой холбоотой гэдгийг ч судалгааны дүн харуулж байна. Жилд ойролцоогоор 1800 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан үед тооцох хуулийн хариуцлагыг чангатгах, жолооч нарын ур чадварыг сайжруулж, жолооны курсуудын сургалтад анхаарал тавих, зам дээр жолооны хүрд мушгиж яваа хэн бүхэнд тавих хариуцлагыг чангатгах шаардлага тулгараад байна.
СОГТУУ ЖОЛООЧИД ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАЯ
“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо баривал торгуулаад л, эрхээ хасуулаад л өнгөрнө. Гайгүй дээ” гэх ойлголт нийгэмд тогтжээ. Үүнээс болоод жолоочийн хариуцлага сул болж, цаашлаад хүний амь нас хохирч байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжинд согтуурсан үедээ осол гаргавал хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэрэг үйлдсэнд тооцон, жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хүртэлх хугацаагаар хасаж 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулжээ. Согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэлх хугацаагаар хасаж 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан байна. Гэвч хуулийн хариуцлага дутмаг, нэг талаар сул байгаатай холбоотойгоор осол зөрчил гарсаар байна. Тиймээс иргэдийн ухамсарт нөлөөлөхүйц хатуу хариуцлага бий болгох хэрэгтэйг хаа хаанаа хөндөж байна.