Боловсролын зээлийн сангийн зээл авах учиртай хүндээ, эзнээ олж очдог уу. Жирийн нэгэн иргэний хүү, охин шударгаар шалгаруулалтад оролцоод энэ зээлийг авч чаддаг уу. Сайд, даргын хүүхэд, бэл бэнчинтэй, танил талтай хүмүүс “ногоон гэрэл”-ээр хүссэн хэмжээгээрээ зээл авсаар буй гажуудал хэзээ арилах вэ. Үүний сацуу татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурчихаад “Төрд таван жил ажилласан” гээд зээлээ буцаан төлөлгүй чөлөөлөгдөж байгаа нь хэр шударга вэ.
Тэгээд бүр цөөнгүй нь өдгөө төрийн өндөр албан тушаал хашиж, хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй болсон атлаа “Миний зээлийг хуулийн дагуу чөлөөлсөн” гээд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй нь яавч шударга бус. “NTV” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлгийнхээ 17 дахь дугаарт энэ асуудлыг хөнджээ. Тус нэвтрүүлгийг ерөнхийд нь тоймлон хүргэе.
Гадаадад суралцахаар зээл авсан иргэдийн нэр, тэдний зээлийн үлдэгдлийг Сангийн яамнаас 2019 оны гуравдугаар сарын 4-нд танилцуулсан. Тэдний дунд зээлээ хуулийн дагуу төлөөгүй, “Төрд таван жил ажилласан” гэдгээр халхавчлаад чөлөөлүүлсэн, одоо өндөр албан тушаал хашиж байгаа хэд хэдэн зээлдэгч бий.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ ТӨРД ХОЁР ЖИЛ АЖИЛЛАСАН АТЛАА ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДСӨН НЬ ХУУЛЬ БУС
Тэдний нэг нь Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ. Тэрбээр 2016 онд БЗС-гаас 32.000 ам.долларын зээл авч, “Oxford”-д сурчээ. Түүний аав Батцэнгэл Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар ажиллаж байсан, вакцины мафийн төлөөлөл гэж хэвлэлд бичигдэж байсан удаатай.
Өнөөдөр Б.Болор-Эрдэнийн албан тушаал дэд сайд болтлоо томорч, ХОМ-ээс нь харахад, хадгаламжиндаа 285 сая төгрөгтэй, 700 гаруй сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Гэвч тэрбээр БЗС-гаас авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй. Төрд таван жил ажилласан гээд зээлээ чөлөөлүүлсэн шударга уу, хууль ёсных уу. Б.Болор-Эрдэнэ энэ талаар “Энэ зээл эх орондоо таван жил ажиллах нөхцөлтэй. Тэр нь явж байгаа. Зээл авахдаа барьцаанд нь байраа тавьсан. Байр барьцаанд байгаа” гэжээ.
Хуулиараа төрд таваас доошгүй жил ажилласан иргэнийг БЗС-гийн зээлээс чөлөөлдөг. Гэтэл Б.Болор-Эрдэнэ төрийн албанд 2020 оноос хойш л ажиллаж буй. Тэгэхээр таван жил болоогүй, дөнгөж хоёр жил ажиллаж байгаа атлаа БЗС-гийн зээлээ чөлөөлүүлсэн нь хууль бус. Үүний сацуу Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тухай хуулийн 8.8 дугаар заалтад “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын их хурал тогтооно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийг нь чөлөөлөх заалт байхгүй гэсэн үг. Б.Болор-Эрдэнийн зээлийг чөлөөлсөн хууль бус гэдгийг эндээс бүр ч тодорхой харж болно.
Хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэггүй, эрх мэдэл, танил талтай л бол юу хүссэнээ хийж болдгийн нэг жишээ энэ.
ДЭД САЙД Э.ЗОЛБОО ТӨРД ТАВАН ЖИЛ АЖИЛЛАСАН НЭРЭЭР 16.000 АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ
Дараагийнх нь Энхтүвшингийн Золбоо. Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү тэрбээр 2006 онд БЗС-гаас зээл авсан. Тухайн үед түүний аав Ө.Энхтүвшин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байв. Э.Золбоо 16.000 ам.долларын зээл авч, АНУ-ын Индианагийн Их сургуульд сурчээ. Өдгөө Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж буй тэрбээр сургуулиа 2007 онд төгсөж ирээд, дараа жил нь хүртэл МХЕГ-ын Тамгын газарт мэргэжилтнээр ажилласан гэж намтартаа бичсэн байдаг. Гэтэл NTV телевизэд энэ талаар тайлбарлахдаа “Гадаад харилцааны хэлтэст ажилласан” гэжээ.
Тэрбээр “Би Монголд буцаж ирээд анх МХЕГ-т ажилд орсон. Тэгээд ямар нэгэн чиглэлийн байцаагч энэ тэр хийгээгүй. Тухайн үед “Мэргэжлийн хяналт, гадаад харилцаа чухал” гээд Гадаад харилцааны хэлтэс байгуулсан. Тэр хэлтэст би Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. “Чамайг өндөр хөгжилтэй оронд төр дэмжиж сургая. Эргэж ирээд, нийгмийн даатгалаа төлөөд, улс эх орныхоо төлөө таван жил ажиллаарай” гэсэн. Ийм гэрээтэй. Үүний дагуу би 2007 онд сургуулиа төгсөж ирээд, 15 жил тасралтгүй ажиллаж байна” гэжээ.
“Гэрээнд заасан байгууллагад таваас доошгүй жил ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ” гэж заасан учраас түүний зээлийг 2014 онд чөлөөлжээ.
Н.АНХБАЯР: БИ ТӨРД ТАВАН ЖИЛ АЖИЛЛАСАН ТУЛ 34.000 АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ МААНЬ ЧӨЛӨӨЛСӨН
Зээлээ чөлөөлүүлсэн эрхмүүдийн дараагийнх нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Нямдоржийн Анхбаяр. Сайд асан Ц.Нямдоржийн хүү Анхбаяр 2004 онд БЗС-гаас 34.000 ам.долларын зээл авч, Шинэ Зиланд улсад эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.
2004 онд түүний аав Ц.Нямдорж УИХ-ын гишүүн байсан бол Н.Анхбаяр өөрөө УИХ дахь МАН-ын Бүлгийн ажлын албаны реперентээр ажиллаж байв.
Зээлийнхээ талаар Н.Анхбаяр NTV телевизэд тайлбар өгөхдөө “Гэрээний дагуу эх орондоо ирээд төрд таван жил ажиллах ёстой. Би гэрээнийхээ үүргийг биелүүлсэн. Гэрээнийхээ үүргийг биелүүлсэн учраас сургалтын зээлээ төлсөнд тооцсон гэсэн сайдын тушаал гарсан” гэлээ.
Дээрх Э.Золбоогийн адил шалтгаанаар Н.Анхбаярын зээлийг 2013 онд чөлөөлжээ.
БЗС-гаас зээл авч, сурсан өндөр албан тушаалтнууд
-УИХ-ын дарга Г.Занданшатар
-УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
-УИХ-ын гишүүн Г.Дамдинням
-ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр
-Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
БЗС-гаас хүүхэд, хамаатнууд нь зээл авсан өндөр албан тушаалтнууд
-УИХ-ын гишүүн Бадилхан-Арна, Галия, 2004 он
-УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл, 2009 он
-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Оюунчимэг, 2003 он.
-УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийн охин Нямцэрэн, 2001 он
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Энхмөрөн
-УИХ-ын дарга Г.Занданшатарын хүү, охин, 2015 он.
-УИХ-ын гишүүн асан, БШУ-ны сайд асан Л.Гантөмөрийн охин, 2016 он.
УИХ-ын гишүүд, Сангийн яам, Татварын ерөнхий газар, БШУ-ны өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд, хамаатан садан БЗС-гийн зээлд түгээмэл хамрагдсаар ирснийг эндээс харж болно.
Дээр дурдагдсан албан тушаалтнууд “Төрд таван жил ажилласан тул, таван жил ажиллах тул” гээд зээлээс чөлөөлөгдсөн тухайгаа л ярьж байна. Гэтэл 2018 онд батлагдсан Засгийн газрын тогтоол уг нь албан тушаалтнуудыг зээлээсээ бултахад бус эх орондоо боловсон хүчнийг татахын тулд батласан. Гэвч өнөөдөр өнөөдөр албан тушаалтны хүүхдүүд төрийн мөнгөөр гадаадад сурч ирээд “Би төрд таван жил ажилласан эсвэл ажиллана” гээд зээлээ төлөхгүй байхад ашигладаг хэрэгсэл болсныг сэтгүүлч Б.Батцэцэг онцолжээ.
Л.ЗОЛБААТАР: “ТӨРД ТАВАН ЖИЛ АЖИЛЛАСАН” ГЭЭД ЗЭЭЛИЙГ НЬ ЦАЙРУУЛДГАА БОЛОХ ЁСТОЙ
МЭК судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар “Улс төрч татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан бол буцаагаад төлөх ёстой. БЗС-гаас, төрөөс зээл авсан байж болно. “Төрд тэдэн жил ажилласан” гээд зээл нь цайрдаг байж яавч болохгүй” гэв.
О.БАТХҮҮ: САЙД, ДАРГА, БОЛОЛЦООТОЙ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ЗЭЭЛ АВААД, ГАДААДАД СУРДАГ ЖИШИГ ТОГТЧИХЛОО
Мөн хуульч О.Батхүү “Төрд таван жил ажиллаад зээлээ чөлөөлүүлдэг энэ журмыг хүчингүй болгох ёстой. Зээлээр сурсан хүмүүсийг нь харахад, дандаа сайд, дарга нарын хүүхдүүд. Танил талтай, боломж, бололцоотой айлын хүүхдүүд их хэмжээний зээл аваад гадаадад сурдаг жишиг тогтчихлоо. Энэ зээлийн анхны зорилго нь, мэдлэгтэй, чадвартай, Монгол Улсад хэрэгтэй чиглэлээр суралцаж буй хүмүүс, оюутан залуусыг дэмжих зорилготой, зориулалттай сан. Тэгэхээр энэ сангийн журмыг үндсээр нь өөрчлөх ёстой.
БЗС-ГААС ДАХИН ЗЭЭЛ АВСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Хуульд заасны дагуу, Боловсролын зээлийн сангаас ганцхан удаа зээл авах хуулийн заалттай. Гэтэл 2016-2021 онд Боловсролын зээлийн шалгаруулалтыг шалгахад, удаа дараалан зээл авсан зөрчил илэрчээ.
Мөн дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн байх ёстой гэсэн шалгуурыг хангаагүй хоёр иргэн БЗС-гаас 1.1 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Мөн хэлний оноогүй дөрвөн ч хүн зээлийн шалгаруулалтад тэнцсэн нь хууль бус. Энэ бүхэн Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт шударга байж чаддаг уу, авах ёстой хүн нь авч чаддаг уу гэж эргэлзэхэд хүргэж байна. Сайд даргын хүүхэд, танил талтай хэдхэн хүмүүс дээгүүрээ хуваагаад авчихдаг, “Төрд таван жил ажилласан” нэрээр буцааж төлдөггүй, татвар төлөгчдийн мөнгөөр “дургидаг” нь яавч шударга бус. Тиймээс БЗС-гийн шалгаруулалт, журмыг эргэж харах цаг болжээ.