Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Barber Ч.Хатанболдыг урьж, оролцууллаа. Тэрээр энэ салбартаа 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өөрийн үйлчлүүлэгчдэдээ эерэг үлгэр дуурайлал үзүүлж, зөв талаас нь нөлөөлөхийг эрхэмлэдэг. Бусдад зөвлөгөө өгөхийн тулд өөрөө гоё байх ёстой гэж үзэн өөртөө хатуу шаардлага тавин турахаар шийдэж, фитнесээр хичээллэн, Улаанбаатар хотын аварга болтлоо өөрийн биеийг урлажээ.
Barber хүн бол зөвхөн үс засахаас гадна үйлчлүүлэгчидтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, зөвлөгөө өгч, амьдралд нь эергээр нөлөөлж байдаг. Нэг талаас сэтгэл зүйч нь болдог байна.
Түүнтэй ажлын онцлог, жингээ хасаж, өөрийн биеийг урласан түүх, үзэл бодол, зарчим, гэр бүл гээд олон сэдвээр ярилцлаа.
ТУУШТАЙ БАЙДАЛ АМЖИЛТ ДАГУУЛДАГ
Анх яагаад үсчин болохоор шийдсэн бэ? Үсчин болоод хэр удаж байна вэ?
Анх 2010 оноос хойш үсчин болохоор сонирхож, суралцаад, 2018 онд өөрийн Barbershop-ийг нээсэн. Би анх үсчинд ороод, хүмүүсийг гоё болгож байгааг нь хараад л энэ ажилд шууд дурласан. Хүмүүс оочирлоод сууж байхад дунд нь хараад л сууж байдаг байлаа. Эхлээд хүмүүс нь дургүйцэж, хөөдөг байсан. Сүүлдээ дасаад, тоохоо больсон доо.
Анх сурч эхлэхдээ гэр бүл, найзуудынхаа үсийг засаж, дадлага хийдэг. Бараг л урмыг үг сонсохгүй дээ. Ихэнхдээ болохгүй байна, муухай байна гэдэг үг л сонсдог байлаа. Тэглээ гээд шантрахгүй, тууштай байж, үргэлж урагш тэмүүлж байх ёстой юм билээ. Бүх сэтгэлээ зориулж, үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж бэлэглээд, буцаагаад надад “Баярлалаа, гоё боллоо” гэж хэлэх нь хамгийн их урам өгдөг. Энэ харилцаанаас л урам, зориг авч, ажилдаа дурладаг. Ер нь үсчин болох, тэр дундаа barber болох нь их чанга, бүх зүйл нь маш хэцүү байдаг.
“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭДЭЭ ЧАНАРТАЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХИЙН ТУЛД ТУРАХААР ШИЙДСЭН”
Би нэг ийм үг сонсож байсан юм. “Өнгөт арьстнуудад сэтгэл зүйч хэрэггүй. Учир нь тэдэнд үсчин нь байгаа” гэж. Barber хүмүүс зөвхөн үс засах бус үйлчлүүлэгчидтэйгээ ярилцдаг, зөвлөгөө өгдөг гэсэн. Та үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгдөг үү. Тийм бол ямар төрлийн зөвлөгөө өгдөг вэ?
Америкт өнгөт арьстнууд сэтгэл зүйч дээр очихоосоо өмнө үсчин дээр очдог. Тэнд асуудлаа ярьж, өөрийн гэсэн агуулгыг олж авдаг. Саяхан Австралид үсчин, Barberman-ууд хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийг хуулийн хүрээнд зөвшөөрсөн. Жишээлбэл, амиа хорлох гэж байсан хүн ирж, үсээ засуулаад өөр бодолтой болоод гарсан тохиолдол ч байдаг. Өөрийнхөө найзад хамаг үнэнээ ярьж чадахгүй ч өөрийн Barber-таа бүх зүйлээ ярьдаг хүмүүс байдаг.
Би үйлчлүүлэгчидтэйгээ аль болох ярилцахыг хичээдэг, ярилцдаг. Миний фитнесээр хичээллэсэн маань ч үүнтэй холбоотой. Хүмүүс орж ирээд “Би тарган байна. Турж чадахгүй байна” гэж ярихыг нь сонсоод тэдэнд чанартай зөвлөгөө өгөхийн тулд турахаар шийдэж байсан. Би үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгөхийн тулд өөрөө гоё байх хэрэгтэй. Өөрөө маш тарган байж “Чи ингэж тураач” гээд зөвлөөд зогсох нь үнэхээр зохимжгүй.
BARBER ХҮМҮҮС ЗӨВХӨН ЭЕРЭГ, ЗӨВ ТАЛААС НЬ НӨЛӨӨЛДӨГ
Одоо би ихэвчлэн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг. Би ийм зүйл дээр ингэж алдсан. Турахын тулд чи өөрөө тууштай байх ёстой. Энэ дасгалыг ингэж хийх нь зөв зэргээр өөрийн туршлагаас хуваалцдаг. Мөн үйлчлүүлэгчдээ илүү сайн ойлгохын тулд сэтгэл зүй, сэтгэл засал, танин мэдэхүйн ном их уншдаг.
Barber зарчмууд гэж байдаг. Би таны амьдралд маш гүнзгий орох шаардлагагүй. Амьдралд нь оролцох, хэт олон зүйлтэй нь хутгалдах, нөлөөлөх асуудал байж болохгүй. Бүх зүйл цензуртэй. Зөв талаар нь нөлөөлөхийг бүх талаар нь зөвшөөрдөг. Чи өнөөдөр ийм зүйл хийх ёстой шүү гэвэл тэр хүний оюун санаанд үлддэг. Тэр хүн түүнийгээ хийх магадлал маш өндөр болдог. Жишээлбэл “Би сүүлийн гурван сар тамхи татсангүй. Тамхинаас гарах ийм байдаг. Нэг ширхэг тамхи татах нь хүний амьдралын хэдэн секундийг ингэж авч оддог” гэх мэт. Иймэрхүү зөв зөвлөгөө өгдөг.
“ӨМНӨ НЬ ИДЭХЭЭС КАЙФ АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО ГҮЙХЭЭС КАЙФ АВДАГ”
Үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгөхийн тулд турсан гэж ойлгож болох уу? Хэдэн кг-аас хэд болж турсан бэ?
Надад фитнесээр хичээллэхэд хоёр зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, би аав болсон. Тиймээс эрүүл мэнддээ анхаарах зайлшгүй шаардлагатай болсон. Хоёрдугаарт, өөрөө хүний гоо сайхантай харьцаж, зөвлөгөө өгдөг хүн учраас өөрөө гоо сайхны мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой.
Би 127 кг-аас 71 кг болж турсан. Түүнээсээ фитнес хийгээд 110 орчим кг болж байсан. Фитнес бол сэтгэл санаа болон хөдөлмөрийн л асуудал байдаг. Хэр их хөдөлмөрлөнө. Тэр чинээгээрээ өөрийгөө бүтээж чаддаг.
Фитнесээр хичээллэх нь амьдралынхаа бүх хэмнэлийг өөрчилнө гэсэн үг. Өглөө босоод юу иддэг. Хэдэн цагт унтдаг. Юу идэх хүнд хэрэгтэй, юу идэх нь хэрэггүй вэ. Холестерин гэж юу вэ гээд л. Бүх зүйлийг мэдэж байж фитнесээр хичээллэдэг. Анхнаас нь нэг нэгээр нь судалж, хичээллэхээр хүн өөрөө мэдлэг, чадвартай болно. Түүнийхээ дагуу өөрийгөө хөгжүүлж явдаг.
Турах явцад шантрах үе байв уу?
Турж байгаа хүн маш олон зүйлд шантарна. Шантарлаа гээд оролдлогоо хэзээ ч больж болохгүй. Хүн өөрөө давтамжийн амьтан. Маш олон удаа. 10 мянга, 20 мянган удаа хийж байж хүн зүгширнэ. Түүндээ төгс болж байдаг. Тэр зүйлсээ давтаад л байвал амьдралын өдөр бүр чинь чамд бэлэг болж ирдэг.
Би одоо гүйхээс маш их кайф авдаг. Өмнө нь идэхээс л кайф авдаг байсан байгаа юм.
Хүн тураад, гүйгээд эхлэхээр хөлний булчин маш их өвдөж эхэлдэг. Үнэхээр би маргааш босож чадахгүй юм байна гэж бодох үе байна. Гэхдээ маргааш нь дахиад үргэлжлүүлбэл арав, хорь, гучин хоногийн дараа хүн зөнгөөрөө өөрөө босдог болдог. Аливаа зүйлийг давтах тусам биед чинь сууна. Хэрвээ өнөөдөр хийхгүй бол маргааш ч хийхгүй. Үргэлжлүүлээд л хийгээд байх хэрэгтэй. Нэг л өдөр үр дүн нь гарна. Цаг хугацаа огт хамаагүй. Нэг зүйлд тэмүүлж л байгаа бол хүссэндээ хүрнэ.
“ТУРСАН ХҮМҮҮС БОЛ ӨӨРИЙГӨӨ ЯЛСАН ЯЛАГЧИД”
Тарган байхад ямар байдаг байсан бэ? Турсны дараах өөрчлөлт нь юу байв?
Тарган байхад маш хэцүү байдаг. Нуруу өвдөнөд, аахилна жжигхээн зүйлд л маш их ядарна. Илүүдэл жин бол тухайн үед тэр чигээрээ там шиг байсан. Хэзээ ч хүсэх зүйл биш. Тарган байна гэдэг нь зүрх судас өвдөх гээд л, өвчлөх магадлалыг ихэсгэж байдаг.
Тарган байж байгаад турахаар хүмүүс “Чи өвдчихсөн юм уу. Юу тохиолдоо вэ” гээд таарсан хүн бүр асуугаад байхаар сэтгэл санаагаар унадаг. Гэхдээ тарган байх бүр ч хэцүү. Намайг харахад би зүгээр л тарган залуу. Тураад эхлэхээр хүмүүс бас арай өөрөөр харж эхэлдэг. “Энэ залуу чадаж байна. Би ч гэсэн чадах юм байна” гэдэг сэтгэгдэл төрүүлдэг.
Би анх зүгээр л турах зорилготой байсан. Турсныхаа дараа фитнесээр хичээллэж эхэлсэн. Багш маань санаачилж, дэмжсэнээр би хэд хэдэн тэмцээнд бэлдэж орсон. Тухайн үедээ дандаа л ялагддаг байлаа. Яваандаа ялж эхэлсэн. Шантрахгүйгээр бэлдэж, тэмцээнд оролцож явсаар өнгөрсөн оны Хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
Би турснаараа өөртөө маш итгэлтэй болж, урам зориг нэмэгдсэн.
Таны эрүүл мэнд таны хөдөлгөөнтэй нягт холбоотой учраас зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Турах гэж байгаа хүмүүст зөвлөхөд, битгий шантар. Хоолны дэглэмээ сайн барьж, маш сайн унт. Цаг хугацаа өнгөрөх тусам маш гоё болно. Өмнөхөөсөө хэдэн зуу дахин өөрчлөгдөнө. Эрүүл мэндээ бодож, турах хэрэгтэй. Турсан хүмүүс бол бүгд ялагчид. Өөрөө өөрийгөө, амьдралын хэв маягаа ялсан хүмүүс байдаг.
“ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ”
Таны амьдралдаа баримталж явдаг зарчим юу вэ?
Миний амьдралдаа баримталж явдаг хамгийн том зарчим бол худлаа хэлэхгүй байх. Тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн хүний ширээний ном шиг зүйл баримтлахаас илүүтэй хүн хүн байх ёстой. Хүнд худлаа хэлж болохгүй. Хүнд өгсөн амлалтдаа үнэнч байх ёстой л гэж боддог. Би үнэхээр турна гэж хэлсэн бол турах л хэрэгтэй. Би чамтай маргааш уулзъя гэж хэлсэн л бол зав гаргаад нэг минут ч болтугай уулзах л хэрэгтэй. Хэлсэндээ хүрдэг байх нь хамгийн чухал.
Одоо таны бага нас, гэр бүлийн тухай ярилцъя. Та ер нь багадаа ямархуу хүүхэд байв?
Би найман хүүтэй айлын зургаа дахь хүүхэд. Тийм ч учраас үс засаж сурсан байх. Олон ахтай байх их гоё. Сэтгэлийн хаттай болно. Хааяа жаахан “таван салаа боов” авна. Ахтай байхын давуу тал их олон. Ядаж л хүмүүс намайг өдөхгүй, дээрэлхэхгүй.
Би багадаа маш даруухан хүүхэд байсан. Үсээ маш урт ургуулдаг учраас намайг хүмүүс эмэгтэй хүүхэд гэж боддог байсан. Хүүхэд насны минь хамгийн гоё дурсамж ч үстэй минь холбоотой. Би үсээ огт аваагүй байж байгаад 13 нас хүрсэн жилээ авсан. Үсээ авчихаад толинд харахад яг эрэгтэй хүүхэд шиг болсон байсан. Хажуу айлын хүүхэд намайг харчхаад “Чи эрэгтэй байсан юм уу” гэж асууж билээ. Түүнийг би ерөөсөө мартдаггүй. Бараг тэр өдөр л би эрэгтэй болсон байх.
ХАЙР ХАМГИЙН ЧУХАЛ
Та эхнэртэй юу?
Одоо эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг.
Эхнэртэйгээ танилцаад хэр удаж байна вэ. Эхнэрийнхээ юунд нь татагдсан бэ?
Эхнэртэйгээ танилцаад найман жил болж байна. Анх эхнэрийнхээ багын найзаар дамжуулж танилцаж байсан. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв үйлдэл энэ хүнтэй гэрлэсэн явдал. Би эхнэртээ маш их хайртай. Эхнэр маань миний анхны хайр.
Эхнэрийнхээ юунд татагдсан бэ гэвэл ажил, мэргэжилд нь татагдсан гэж боддог. Манай эхнэр эмч мэргэжилтэй. Эмч болохоор нь л их татагдсан юм шиг санагддаг. Хүний дотоод мэдрэмж гэдэг яг үгээр чөлөөлж хэлж болдоггүй юм байна лээ. Би эхнэртээ зориулаад дөрвөн мөрт шүлэг бичье гэхээр ерөөсөө болж өгдөггүй. Түүнд минь тохирох гоё үг олддоггүй. Тийм л их хайрладаг.
Хоёр охинтой гэж байна. Та хэр сайн аав бэ?
Эмэгтэй хүүхэдтэй болоод би бараг яг л хонь болсон. Охинтой болсноосоо хойш спиртийн төрлийн зүйл огт хэрэглээгүй. Шоу цэнгээн, ямарваа зүйлс миний аз жаргал биш гэдгийг ойлгоод, гэр бүлдээ л их цаг гаргахыг хичээдэг болсон. Аав болох анхны алхмуудын нэг гэж боддог.
Олон эрэгтэй хүмүүстэй өссөн учраас ээжээсээ өөр эмэгтэй хүнтэй хамт байж үзээгүй. Эмэгтэй хүнтэй харьцах тэр дундаа жижигхэн охинтой харьцах их хүнд байсан. Төсөөлбөл, босгочихсон хуурай элсийг түлхэхэд л нураад унадаг. Яг л тийм эмзэг, нандин.
Хамгийн түрүүнд охиддоо зөв хүн байхыг, хүнийг хайрлахыг, хайрлуулахыг л үлгэрлэхийг хичээдэг. Хайр хамгийн чухал.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.