10 гаруй ажил БНСУ-д ажиллаж, элэг нэгт Монголчууддаа тусалж ирсэн иргэн Б.Чинбаттай ярилцлаа. Тэрбээр цар тахлын жилүүдэд эх орондоо иржээ. 2008 онд хөдөлмөрийн гэрээгээр Солонгосыг зорьж, улмаар их сургуульд сурч, өөрийнхөө амжилтыг бүтээсэн тэр өдгөө ч харь нутагт олон жил ажиллаж буй иргэдийг эх орондоо ирж, хөлөө олоход нь туслах, “Бидний эцсийн цэг бол эх орон” гэх санааг бусдад хүргэхийг зорьж явна. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
КИНОН ДЭЭР ГАРДГААС ТЭС ОНДОО ОРЧИН УГТСАН
Би 2008 онд Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явж байлаа. Тухайн үед залуус стадион тойрч, гурав хоноод л маш их цуваа үүссэн байсан. Ингээд надтай хамт 100 гаруй залуу БНСУ руу явж хөдөлмөр эрхлэх эрхээ авсан. Миний хувьд ч бусдын л адил Солонгосын тухай киноны л ойлголттой байсан үе. Сөүл хотыг дээрээс нь харуулсан, нэг их гоё зургийг хараад л онгоцонд суусан. Гэтэл очоод үзэхэд тэс ондоо орчин угтсан. Миний очсон газар л гэхэд шанагадаж усанд ордог, Монголын гэр хорооллоос дор байгаа юм чинь. Монголд бид хашаандаа тухтай амьдрах боломж байгаад байна шүү дээ. Гэтэл тэндхийн уулын бэлд хараал их хэлдэг, настай хүмүүс дээр очиж ажиллаад л жинхэнэ “шок”-нд орсон доо. Би 24-тай байлаа. Яавал дээрэлхүүлэхгүй байх вэ гээд л стресстэх зүйл их гарна. Гүрийж ажиллаж, мөнгөө хуримтлуулсаар оюутан болсон. Анхнаасаа ч гурван жил ажиллаад, дараагийн гурван жилд нь суръя гэж шийдээд л явсан. Төгссөнийхөө дараа БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд нийгмийн даатгалын чиглэлээр ажилласан. Гэрээгээр ирсэн хүмүүст ч зөвлөгөө өгдөг байлаа. Аль аль түвшнийх нь л ажлыг хийж үзсэн дээ. Хүмүүс зөвлөөд л “Та ажил олгогчдоо паспортоо хураалгаж болохгүй. Энэ эрхээ эдлэх хэрэгтэй” гэх мэтээр хүмүүсийн хандлагыг өөрчлөх, мэдээлэл өгч эхэлсэн. 10 гаруй жилийн өмнө, 2008 оны үеийн бэрхшээл одоо ч гарсаар л байна.
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД АЖЛЫН БАЙРНЫ ХҮНД ДАРАМТ ШАХАЛТАД, АЙДАСТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Хамгийн сүүлийн судалгаагаар 50 мянга гаруй Монгол хүн Солонгост хөдөлмөр эрхэлж байна. Тэднийг Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд, оюутнууд, мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүс, хосолмол соёлтой буюу Солонгос хүнтэй гэр бүл болсон хүмүүс, хууль бусаар оршин суугаа хүмүүс гэж ангилж болно. Бүлэг болгон дээр өөр өөрсдийнх нь асуудлууд маш их гардаг л даа. Гурван сарын хугацаагаар ажиллахаар очсон хүмүүст ч асуудал бэрхшээл их. Хэл мэдэхгүй очоод хэцүүднэ. Нийтлэг байдлаар харвал ажлын байрны дарамтууд маш их ирдэг. Урт цагаар ажиллуулах, хичээл зүтгэл гаргаж ажиллачхаад цалингаа авч чадахгүй хоцрох тохиолдлууд зөндөө бий.
Хөдөлмөрийн гэрээгээр очиж байгаа хүмүүст харьцангуй боломжийн байдаг буюу гадаад ажилтны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд нь туслаад явдаг. Харин оюутнууд болон хууль бусаар ажиллаж буй хүмүүс хэцүү. Цалингаа нэхэхээр “Чамайг бариад өгчихнө шүү” гэдэг. Элдэв шалтаг гаргаж, цалинг нь өгдөггүй. Эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж байна. Таван секундээс дээш ширтвэл бэлгийн дарамт болно гээд л бид маш сайн мөрддөг. Гэтэл тэнд эсрэгээрээ. Солонгост контейнерт амьдардаг Монгол эмэгтэйн хаалгыг согтуу хүн цохиод байна гэж над руу нэг удаа ярьж байсан. Тэр хүн хууль бусаар ажилладаг учраас баригдчихвал яана гээд цагдаа дуудаж зүрхлэхгүй байх жишээтэй. Маш хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндээрээ хохирч байна. Стресс дарамт нь даамжирсаар амиа хорлоход хүрч байна. Намайг ажиллах байх үед биднийг тасралтгүй ажиллуулахын тулд "Сөжү" өгдөг байлаа. Хөлс цувраад л, сүүлдээ бүр гарахаа байчихдаг. Тамирдсан биеийг нь хүчээр ажиллуулахын тулд тэгж байгаа хэрэг. Ингээд л шүд зууж зүтгэдэг байсан. Энэ бол зайлшгүй анхаарах ёстой асуудал.
“ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛЛОО” ГЭЖ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Хэвлэлээр Солонгос руу визгүй зорчихоор боллоо гээд л ташаа мэдээлээд байна. Яг үнэндээ групп аяллаар очиж байгаа, санхүүгийн боломжтой хүн л 20 сая төгрөгөө байршуулаад л явж байгаа асуудал шүү дээ. Явж байгаа хүмүүс 15 хоног ажиллахад хэдийг олох вэ гэх зэргээр цалингаа тооцоолчихсон ирдэг. Гэхдээ зөв газраа олж очно гэдэг хамгийн чухал. Сошиалын мэдээлэлд тулгуурлаад явчхаар ажлаа ч олж чадахгүй, танилынхаа айлд байж байгаад ирэх тохиолдлууд ч байдаг. Хэлээ сайн сурч, судлах л хэрэгтэй. Солонгост амралттай өдөр ихтэй. Цагаар сарын үеэр бараг 10 хоног амарчихдаг. Сая ургац хураалтын үеэр тэнд ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа. Улирлын чанартай ажиллах хүчнээ аваад байна л даа. Уг нь дүүргүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулах замаар хүмүүсээ явуулчихвал аль аль талдаа өгөөжтэй. Манайд тийм жишиг бага зэрэг бий ч гэлээ арай бизнес тал руугаа яваад байна гэж харагддаг. Чимээгүй яригдаж байгаад л явчихдаг.
ИРГЭДЭЭ ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ ЗОРЧУУЛАХАД ТӨР АНХААРМААР БАЙНА
Визний зөрчил хоёр талтай л байна. Энд амьдрал хэцүү байгаа учраас тэнд очсон хүн нэгэнт гарсан л бол сонголтгүйгээр үлдчих гээд байх талтай. 2018 оны судалгаагаар Монголчуудын 37 хувь нь хууль бусаар ажиллаж амьдарч байна гэж хэлж байсан. Аль болох хууль ёсных нь дагуу явуулах боломжийг төр судлах ёстой. Өнөөдөр Солонгос дахь ЭСЯ-ны нэг ажилтанд 2000 хүн ноогдохоор байна. Саяных шиг, ажлын газрын эзэндээ зодуулсан жишээ гарлаа гэхэд тэр хүмүүсийг хамгаалж чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Илүү цагаар ажиллаад, Монголоор бараг сард 10 сая төгрөгийн цалин авах боломж бий. Гэхдээ эрхээ зөрчүүлэхгүй байна гэдэг хамгийн чухал нь шүү дээ. Солонгос руу визгүй зорчих боломжийг судалж байна гээд л дарга нар яриад байдаг. Судалж дуусдаггүй. 10 жилийн өмнө ч судалж байсан. Одоо ч судалсаар. Гэтэл гадны улсууд дипломат шугамаар асуудлаа шийдсэн сайн жишээ зөндөө бий шүү дээ. Жишээ нь, Путин Солонгост айлчлалаар очсоны дараагаас эхлээд л Оросууд Солонгос руу визгүй зорчдог болчихсон. Тэгэхээр төр энэ тал дээр анхаарах цаг нь болсон.
БИЗНЕС ХИЙХ БОЛОМЖ ХОМС, ДАРАМТТАЙ УЧРААС Л СОЛОНГОСООС ИРСЭН ХҮМҮҮС БУЦААД ЯВЧИХДАГ
Нэг эмэгтэй ярьж байсан. Монголд асуудал их байна аа. Тэгэхээр орон зай байна аа гэсэн үг гэж. Гэхдээ мэдээж бэлтгэл сайтай байж л ирэх хэрэгтэй. Санаатай, санхүүгийн боломжтой байх чухал. Болж өгвөл жилд 1-2 удаа наашаа цаашаа явдаг байх гэх мэт. Ингэвэл орчноо мэдрэх болов уу. Орчноо мэдэрч байж ирвэл илүү амжилттай байх болов уу. Нөгөө талаар төр дарамтаа багасгасан цагт монголчууд маань эх орондоо ирнэ. Би БНСУ-ын Чонан хотод нэг Монгол залуутай таараад ярьж байсан юм. Тэр залуугийн тухайд Солонгосоос тоног төхөөрөмж оруулж ирээд Монголдоо юм хийх гэтэл татвараас авахуулаад маш олон бэрхшээлтэй тулгарсан байсан. Ингээд шантраад буцсан. Тэгэхээр баялаг бүтээх гэж буй хүмүүсээ дэмждэг бодлого хэрэгтэй. Мэдээллээр хангах, эхний зургаан сар ийм дэмжлэг үзүүлье гэх мэтээр бодитоор хандах чухал.
ГАДААДАД СУРЧ, ТУРШЛАГАЖААД ИРСЭН ХҮМҮҮСЭЭ “ТОСОЖ АВАХ” ТУХАЙ ОЙЛГОЛТ МОНГОЛД АЛГА
Гадаадад ажиллах хүч илгээх төв Монголд байдаг. Гэвч эх орондоо ирэхэд нь буцаагаад тосож авах, дасан зохицуулах чиглэлийн бодлого манайд байдаггүй. БНСУ л гэхэд 1970-аад онд Герман руу сувилагчид, уурхайчдаа явуулсан. Тэр хүмүүс нь Солонгостоо буцаж ирээд өнөөгийн хөгжлийг авчирсан гэж ярьдаг. БНСУ-ын тухайд гадагшаа ажиллах иргэддээ туслах сан хүртэл байдаг юм билээ.
Залуус насаа гадаадад ажиллаад өнгөрөөчихсөн, юм хийе гэхээр танилын хүрээ байхгүй гэх мэт асуудал бий. Монголынхоо зах зээлийг мэдэрдэггүй гэх мэт. Ингээд маш хэцүү байдалд ордог. Буцаж явахаас өөр гарцгүй болдог. Мэргэжил туршлагатай хэл устай болоод ирж байгаа хүмүүсээ бодлогоор дэмжих нь чухал. Миний хувьд Монголдоо “Ковид”-ын өмнө ирсэн. Гурван жилийн хугацаанд “Гэртээ харих зам” подкаст нэвтрүүлэг хийлээ. Зарим хүмүүс 1990-ээд онд Солонгос руу гараад явчихсан байдаг. Хүүхдүүд нь том болоод, гурав дахь үеэ үзчихсэн хүмүүс их байна. Гадны улсад бид хичнээн мундаг байлаа ч гэсэн эцсийн цэг маань Монгол. Аюултай, хэцүү, бохир ажлуудыг нь дандаа гадаадууд хийдэг.
Ярилцлагын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.