Өрөг.мн сайт “Teen шийдэл” төслийн уралдаанд оролцогч Ecoteens багийнхныг онцолж байна. Ecoteens багийнхны хувьд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 11а ангид суралцдаг сурагчид юм. Энэ сурагчид цаасан болон бусад хог хаягдлыг багасгах зорилгоор “Хэрэггүй цаасаа өг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Сурагчдын хувьд цар тахлын үеэр гэрийн нөхцөлд дахин боловсруулсан цаасаар дэвтэр хийсэн туршлагатай юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Зуунмод сумын нийт 200 хүүхэд дахин боловсруулсан дэвтэр хэрэглэж, түүнээс олсон ашгийн 45 хувийг Манзуширын байгаль орчинд зориулах ба Зуунмод хотын оршин суугчид хямд үнээр тэмдэглэлийн дэвтэр, ноорог дэвтэр худалдан авах боломжтой болох юм.
Х.РЕНЧИНСОНОМ: ДОЛОО ХОНОГТ 10 КГ ЦААС БОЛОВСРУУЛЖ, 4-5 ДЭВТЭР ХИЙХ БОЛОМЖТОЙ
Төслийн санаагаа анх хаанаас авсан бэ?
Ecoteens багийн гишүүн О.Амин-Эрдэнэ:
“Хэрэггүй цаасаа өг” төслийн санааг манай багш бидэнд санал болгосон. Дэлхийд цаасны хаягдал хэтэрхий их байдаг. Тэр цааснууд ч үр бүтээлгүйгээр хогийн цэг дээр хаягддаг учраас өөрсдөө дахин боловсруулаад, шинэ цаас гаргана гэдэг нь их гоё санагдсан. Тиймээс үүнийг гүнзгийрүүлэн судалж, төсөл бичих болсон.
Төслөө ямар хугацаанд, хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Ecoteens багийн гишүүн Х.Ренчинсоном:
Бид “Teen шийдэл” төслийн уралдаанд шалгарсан. Одоо хөрөнгө оруулагч хайж байна. 10 сая гаран төгрөгийн хөрөнгө оруулалт авчихвал төслөө 12 шат дамжлагаар өдөрт таван цаг сурагчдыг сайн дурын ажил хийлгэж, урамшуулал олгох зарчмаар ажиллуулж, өдөрт 11 ширхэг дэвтэр хийнэ.
Боловсруулах түүхий эд, материалаа хэрхэн бүрдүүлэх вэ?
Төв аймгийн Зуунмод суманд байрлалтай 15 байгууллага, таван сургуультай санамж бичиг байгуулж, түүхий эд болох цаасаа цуглуулж, түүхий эдийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. Цуглуулсан түүхий эдээ үйлдвэрийн аргаар эцсийн бүтээгдэхүүн болгон гаргана.
Төслийнхөө үр дүнг хэрхэн харж байна вэ?
Манай төслийг хэрэгжүүлснээр бид долоо хоногт 10 кг бичгийн цаасыг дахин боловсруулж, 4-5 дэвтэр хийнэ. Ингэснээр сурагчид бага үнээр тэмдэглэлийн болон ноорог дэвтэр худалдан авч цаасны хог хаягдал багасгана. Ингэснээр цөлжилт, ойгүйжилт, озоны давхаргын сийрэгжилт багасна.
Манай төсөл хэрэгжснээр дараах зүйлсийг хэмнэх юм. Үүнд:
- 24.14 куб м хогийн цэг үүсэхээс сэргийлнэ
- 15120 литр тос ашиглагдахаас сэргийлнэ
- 179 ширхэг мод тайрагдахаас сэргийлнэ
- 47 мянган kB эрчим хүч зарцуулахаас сэргийлнэ
- 278250 литр ус бохирдуулахаас сэргийлж чадаж байна.
Мөн манай төсөл хэрэгжсэнээр 5082 хүн дахин боловсруулсан дэвтэр ашиглана. Бид 10.5 тонн цаас дахин боловсруулах юм.
ХАЯГДАЛ ЦААС ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ДЭВТЭР ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАРААРАА ХИЙДЭГ
Цуглуулсан түүхий эд, материалаа хэрхэн дэвтэр болгох вэ, дэвтэр хийх үйл явц нь ямар вэ?
Ecoteens багийн гишүүн Б.Билгүүн:
Гэрээ байгуулсан 15 байгууллага, таван сургууль дээрээ очоод түүхий эдээ авна. Түүнийгээ жижиглээд, усанд дэвтээнэ. Дэвтээснээ миксердээд, нунтаг болгоод түүнийгээ усанд хийгээд, шүүж гаргаад цаас болно.
Одоо төслөө хэрэгжүүлэхэд хэчнээн хэмжээний төсөв хэрэгтэй байна. Төсвөө юунд зарцуулах вэ?
Ecoteens багийн гишүүн Б.Өлзийбүрэн:
Бидэнд 11,3 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа. Үүнд дахин боловсруулах тоног төхөөрөмж, гурван сарын эргэлтийн хөрөнгө, эрсдэлийн сан зэрэг багтана.
Хичээлийнхээ хажуугаар төсөл хэрэгжүүлээд явахад ямар байдаг вэ? Цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
Маш их хичээлийн хажуугаар хичээлээсээ завсардах үе зөндөө гарна. Гэр бүлдээ, хоббиндоо зарцуулах цаг жаахан хомс байдаг.
Бидний гэр бүл хичээлээс гадуурх үйл ажиллагаа, төслөөс гадна хувийн гэртээ зарцуулах цагийг сайн зохицуулж, ойлгож, дэмждэг.
Ярилцсан баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.